БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев өнөөдөр /2022.01.18/ Казахстан дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ сарын 2-ны өдөр хийн түлшний үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэрээс үүдэн Жанаөзен хотод иргэдийн жагсаал болсон билээ. Иргэдийн шаардлагын дагуу засгийн газар огцорч, улсын комисс байгуулагдан ажиллаж эхэлсэн. Гэтэл жагсаалын гурав дахь өдрөөс эхлэн нөхцөл байдал хурцдаж, урьдчилан бэлтгэгдсэн байсан террорист бүлэглэлүүд үймээн самуун дэгдээсэн.
Казахстаны Ерөнхий прокурорын газрын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр уг үймээн самууны улмаас 4578 хүн хохирол амссан гэв. Үүнээс 78 хувь нь буюу 3393 иргэн нь хууль сахиулах байгууллагын ажилчид аж. Мөн 225 хүн нас барсны 19 нь цагдаа, хууль сахиулахын алба хаагчид байжээ. Террорист бүлэглэлүүд дэлгүүр, нисэх буудлаас эхлээд стратегийн чухал объектуудыг оролцуулаад нийт 5000 объектод халдсан байна.
Зэвсгийн дэлгүүр тонож, нисэх буудлыг эзлэхийг завдсан зэрэг үйлдлүүдээс дүгнэхэд энэ нь иргэдийн жагсаалаар далимдуулсан террорист халдлага байсан гэж дүгнэжээ. Алматы хотод долоон зэвсгийн дэлгүүр тоносон гэх мэдээлэл байгааг тус улсын Элчин сайд мэдээллээ.
Энгийн иргэдийн босогчид, террористууд гэх болсон тухайд Казахстаны Элчин сайд Жалгас Адилбаев хэлэхдээ "Хэрэв иргэдийн тайван жагсаал байсан бол стратегийн объектуудад халдах, зэвсэг ашиглах зэрэг үйлдэл гарахгүй байсан. Энгийн иргэд зэвсгийн агуулахын байршил, нислэгийн чиглэл зэрэг нарийн мэдээллийг мэдэх боломжгүй. Анх жагсаал эхлүүлсэн иргэд засгийн газраас шаардлагыг нь биелүүлсний дараа тайвширч, гэртээ харьцгаасан. Харин улс орныг бүхэлд нь самрах зорилготой зохион байгуулалттай бүлэглэлийнхэн гол үймээн самууныг дэгдээсэн" гэсэн юм.
Мөрдөн байцаах ажиллагын явцыг тоогоор илэрхийлбэл:
Өнөөдрийн байдлаар шуурхай мөрдөн байцаах баг 494 эрүүгийн хэрэг дээр ажиллаж байна. Түүний дотор террорист 44, үймээн самуун 34, хүний амь нас хохироосон 15 болон бусад ангилал байгаа аж. Онц байдлын үед гаргасан зөрчилд захиргааны хэрэг үүсгэх тухай 6966 протокол бүрдүүлжээ. Нийт 4918 хүнд захиргааны хариуцлага тооцсоноос 1978-ыг нь баривчилж, 791 нь торгуулж, 2149 хүнд сануулах арга хэмжээ авсан байна. Шүүхийн шатанд 2048 хэрэг хянагдаж байна. Мөн 524 хүнийг гэмт хэрэгт сэжигтэнээр татаж, түр саатуулсан бол шүүхийн шийдвэрээр 412 хүнийг баривчилжээ.
Одоогийн байдлаар Казахстанд нөхцөл байдал хэвийн болсон бөгөөд хийн түлшний үнийг 50 тенге хүртэл бууруулсан байна. Шинэ засгийн газар байгуулагдсанаасаа хойш нийгэм, эдийн засгийн хэвийн байдлыг хангах, үнийн өсөлтөд хориг тавих чиглэлээр ажиллаж байна. Төмөр зам, агаарын тээвэр, цахим сүлжээ зэрэг бүх зүйлс одоо хэвийн байдалдаа орсон аж. Түүнчлэн болсон үйл явдлаас сургамж авсны үндсэн дээр эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийх зорилт тавин ажиллаж байна гэж Элчин сайд Адилбаев хэллээ.
Үймээн самууныг намжаахаар ХАБГБ-ын орнуудаас ирсэн энхийг сахиулагчид өдгөө ихэнх нь нутаг буцсан бөгөөд хамгийн сүүлийн цэргүүд нэгдүгээр сарын 19-ний өдөр Казахстанаас гарна гэв.
Хохирсон, нас барсан, саатуулагдсан гэх мэт жагсаалд холбогдох бүх хүнийг олж тогтоохоор тусгай комисс ажиллаж эхэлсэн байна. "Халдлагад гар бие оролцогсдыг мөрдөн шалгасны дараа шаардлагатай бол террорист бүлэглэлийн тухай Казахстаны хуулийн дагуу арга хэмжээ авах юм. Харин монгол иргэн саатуулагдсан гэх мэдээлэл одоогоор Казахстаны Элчин сайдын яаманд ирээгүй гэв. Тухайн үед бүх цахим сүлжээ тасарсан байсан учраас гэр бүл, ойр дотныхоо хүмүүстэй холбогдож чадаагүй асуудал гарсныг үгүйсгэхгүй" гэлээ.
Элчин сайд Ж.Адилбаев мэдээллийнхээ төгсгөлд энэ онд Казахстан-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг онцлоод, жилийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээ олон бийг онцлов. Тухайлбал, хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник болон соёлын хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. Мөн 30 жил үргэлжилсэн харилцаагаа цаашид улам хөгжүүлж, дараагийн шинэ түвшинд гаргахаар ажиллана гэлээ.
Холбоотой мэдээ