Инфляци: Тохиролцсон цалин тор дүүргэхээ болилоо | News.MN

Инфляци: Тохиролцсон цалин тор дүүргэхээ болилоо

Инфляци: Тохиролцсон цалин тор дүүргэхээ болилоо

Инфляци Улаанбаатарт 14.8, улсын хэмжээнд 13.4 хувьд хүрснийг Монголбанк мэдээллээ. Тэд инфляцийг энэ жил 6 хувьд барих буюу багадаа 4 хувь, ихдээ 8 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан.  Энэ босгыг инфляци оны өмнө л эвдсэн бөгөөд хэзээ нэг оронд шилжих нь, ер нь хэзээ инфляци тогтворжих нь тодорхойгүй байгааг эдийн засагчид хэлж байгаа. Цагаан сар хаяанд тулсан, залгаад олон баяр тохиодог хаврын улиралд нийлүүлэлтийн гаралтай инфляци монголчуудын халаасыг улам л нимгэлэхээр байна даа.

Импортын бараа, бүтээгдэхүүний үнэ даруй 10-30 хувь өсөв. Монголд үйлдвэрлэдэг боловч гаднаас түүхий эд, сав, баглаа, боодлоо авдаг бараа, бүтээгдэхүүний үнэ ч мэдэгдэхүйц өсөв. Үнийн энэ өсөлт Монгол Улсын хувьд дэлхийн хаалга болсон Эрээн-Замын-Үүд боомт нээгдэхээс нааш саарахгүй. Өөрөөр хэлбэл, цар тахал намжих хүртэл, БНХАУ хилийн хязгаарлалтаа зогсоох хүртэл бид бухын доодох харсан туранхай үнэг хэвээр л байх нь. Эрээний хилээ нэг хоногийн өмнө ч болов нээгээд өгөөч гэж хөөцөлдөх нь манай төрийн ажил хариуцаж байгаа хүмүүсийн ажил юм уг нь. Харин тэд “Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг үг байдаг. Бид юу гэж л Эрээн гэж жижиг хотын нэг даргаас, нэг хорио цээр хариуцсан даргаас гуйгаад зогсч байдаг юм” гэх маягтай. Замын-Үүд дээр тээврийн зохицуулалт хийнэ, зардлыг нь багасгана, нэвтрэх чадварыг нь сайжруулна гэж яриад өчнөөн удлаа.

Баахан дарга, цэрэг, бүрэн эрхт төлөөлөгч томиллоо үр дүн алга. Бүр сүүлдээ сайд тойрсон авлигын сүлжээ, танил дагасан хахуулийн тойрог боллоо гэж импортлогчид, тээвэрчид жагсч эхлэв. Иргэдийнхээ төлөө морь нохой мэт зүтгэнэ гээд байсан төрийн түшээд, төр түмний зүтгэлтнүүдийн маань ноён зан нэг иймэрхүү. Үнийн нэмэгдэлд иргэд нь халаасаа тэмтэрч байхад дээр дооргүй л цаг минут бүр хөөцөлдөж, гүйж баймаар юм даа.

Ойрын хэд хоног сэтгүүлчид зах, худалдааны төвүүдэд бараа, бүтээгдэхүүний үнэ ямар байгааг сурвалжилж байна. Лавтай арваад хоногийн хугацаанд телевизүүд эфирийн цагаа, сонинууд зай талбайгаа, сайтууд талбараа “лангууны үнэ” гэдэг сэдэв дээр төвлөрүүлж байх шиг байна. Базаад хэлэхэд “Дарга нар аа бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд болохоо байлаа. Ажлаа хийгээч ээ. Анхаараач ээ” гэсэн нийтлэлийн бодлогын илрэл байхгүй юу. Хэвлэлүүд ингэж олноор дуугарч байхад манай төрийнхний хөл хурдалдагсан. Гэвч байдаггүй ээ, дөжирвөл сөнөнө шүү.

Эдийн засгийн мэдээллийн хөтөлбөрүүд, сэтгүүлчдийн лангуунаас цуглуулсан мэдээг харахад БНХАУ-ын хил хаагдахад “Тэсо” компанийн Японоос орж ирдэг гэх Сакура будааны үнэ 30.6 хувиар, Оросоос оруулж ирдэг гэх Манка будаа 24.6 хувиар, Слава будаа 17.9 хувиар үнэ нь нэмэгджээ. Монголчуудын өргөн дэлгэр хэрэглэдэг Нонгшим бэлэн гоймонгийн үнэ 17 хувиар, Жем интэрнэшнлийн Пепси, Миринда, Севень ап зэрэг хийжүүлсэн ундааны үнэ 19.2 хувиар, Липтон цай 24.3 хувиар үнэ нь нэмэгджээ. Эм Си Эс Кока Кола үйлдвэрийн Коке 15.1 хувиар, Минут Мэйд ундаа 23.4 хувиар үнэ нь нэмэгдсэн байна. Сав, баглаа боодлоос шалтгаалсан уу, Сүү компанийн цөцгий 38.5, цөцгийн тос 32.3, Миний Монголын сүү 12.8, Амтлаг болон цөцгийтэй таргийн үнэ 12.8-12.7 хувиар үнээ нэмж. Мах импексийн задгай бууз банш 26.5, Гэргий бууз 13.1 хувиар үнээ нэмсэн бол хиамнууд нь 15.3-17.8 хувиар үнээ өсгөсөн. Талх чихэрийн Хотол бялууны үнэ 22.8 хувиар, хөх тарианы, Бондгор, Түмэн насан зэрэг боовны үнэ 26.7-27 хувиар, Бүхэл үрийн болон Зуйван талхны үнэ нь 14.8-18.8 хувиар өссөн судалгаатай байгаа юм.

Газрын хил хаалттай тул үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд түүхий эд, бараа, сав баглаагаа онгоцоор тээвэрлэх зэргээр өмнөхөөсөө өндөр зардал гаргаж байгаа тул үнэ нэмэгдэх нь аргагүй. Гэтэл манай төрийн дарга нар үнэ өсөхөөр үйлдвэрлэгчид рүү, хил хаагдахаар хятадууд руу буруугаа чихсээр л байна.

Нэгтгэн дүгнэвэл, монголчуудын өдөр тутам хэрэглэдэг сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 29.5 хувиар, гурил, будааны үнэ 22.8 хувиар, талх нарийн боовны үнэ 18 хувиар, ундаа, жүүсний үнэ 16 хувиар, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн 9.1-11.2 хувиар үнэ нь өслөө. Согтууруулах ундаа хамгийн багаар буюу зургаан хувийн нэмэгдэлтэй гарчээ. Дэлхий нийтээр бараа бүтээгдэхүүн хомсдож, тээвэр ложистикийн хүндрэл гарч, өртөг зардал нэмэгдсэн нь үнэн. Энэ бүхэн Монголын эдийн засаг, өрхийн хэрэглээний түвшинд сүүдрээ тусгаж байгаа нь энэ. Гэхдээ үүнийг сөрж зогсох, адаглаад өөрсдийг нь сонгож төрд ажиллуулсан иргэддээ манай төрийнхөн үйлчлэхгүй байна.

Шинэ сэргэлтийн бодлого гэж намраас эхлээд ярилаа. Эрчим хүч, дэд бүтэц, хүнс гээд бүх талаараа л гадаад улсаас хараат Монгол өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ өөрсдөө хийе гэсэн зургаан том санаачилга. Эхэлсэн, гарт баригдсан зүйл хаана байна. Боомтын сэргэлтийн тухай баахан ярилаа. Хоёр хөрштэйгөө хилийн боомт нэмж байгуулах, өргөтгөх тухай ярьсан, тохирсон, цаасанд буулгасан зүйл байна уу, ингэхэд. Далайд гарцгүй манай орны тухайд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбох нь нэн тэргүүний зорилт.

Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт  холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч бид боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж буй нь тун ч хангалтгүй үзүүлэлт. Тиймээс Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Ингэснээр бид юун түрүүнд эдийн засгийн цусны эргэлт болсон эрдэс баялгийн салбарынхаа экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэх байх. Тэгвэл нэмээд хүнсний бараа бүтээгдэхүүнээ хаагуур экспортолж, хаагуур импортлох вэ. Дээлийн торго, хувцас, электрон бараа, тавилгаа оруулж ирэх хил Эрээнээс өөрийг нээх үү. Гэх мэтээр асуух зүйл их байна.

Эх сурвалж : Time.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж