Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Олны анхаарлын төвд байгаа дуулиант хэргүүдийг тоймлон хүргэж байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг АТГ-аас түр саатуулсны дараа сулласан бол шүүхээс Олимпийн аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр гаргав. Мөн хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэрэг болон иргэн Д.Монголхүүтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар прокуророос тодрууллаа.


"Н.ТҮВШИНБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭС БУЦААСАН"

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр гарсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нар мэтгэлцэж, хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй/ гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан юм.

Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхээс буцаасан. Хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газар хянаж байна" гэв.

Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан бөгөөд хохирогч Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд таалал төгссөн.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм.

"Д.НЯМХҮҮГ ХОРИХГҮЙГЭЭР, ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА"

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн талаар албаныхан мэдээлсэн. Түүнийг Авлигатай тэмцэх газраас түр саатуулж, цагдан хорьсон. Хэргийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуулийн байгууллагын эх сурвалж мэдээлэхдээ "Д.Нямхүүг таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөж, хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна. Авлигатай тэмцэх газраас түүнийг албан тушаалын байдалтай холбон шалгаж байна. Хуулиараа хэргийн мөрдөн байцаалтын явц, үр дүн, хэргийн материалын талаар прокурорын зөвшөөрөлтэйгээр мэдээлэл өгнө" гэв.

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жилийн өмнө Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлж байв. Хуулийн байгууллагаас түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримтууд олджээ.

"Э.БАТ-ҮҮЛ АНГИ ХАРИУЦСАН ПРОКУРОРТОЙ БИЕЧЛЭН УУЛЗАНА"

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг хаасан талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам мэдээлсэн. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодруулахад "Э.Бат-Үүлийн тухайд прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарлаагүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй" гэсэн хариулт өгсөн юм.

Харин прокурортой биечлэн уулзах тухай Э.Бат-Үүлийн хүсэлт хорих ангийн захиргаагаар дамжин өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ирсэн байна. Өнөөдөр анги хариуцсан прокурор нь түүнтэй биечлэн уулзахаар болжээ.

Шүүхийн байгууллагаас Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан. Өмгөөлөгч, хуульчдын зүгээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан бөгөөд хуулийг өөрөөр хэрэглэж, шүүхээс буруу шийдвэр гаргасан гэж үзэж буй. Одоогоор давж заалдах шатны шүүх хурлын тов гараагүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр бичгээр гараагүй учраас бид давж заалдах боломжгүй байна гэдгийг өмгөөлөгч Г.Орхон хэлэв.

Д.МОНГОЛХҮҮГ ХОРИХ АНГИАС ХҮЧ ХЭРЭГЛЭН АВЧ ЯВСАН ЭСЭХИЙГ ШҮҮНЭ

Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байхыг шаардаж буй "Nodoublestandart" хөдөлгөөний Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарын зургаан хүн цагдан хорих 461 дүгээр ангид халдаж, хүч хэрэглэн хүн оргуулсан гэх шүүх хурал нэгдүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 5-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж, шүүх хурлын товыг зарласан юм. Тэднийг гурван жил хүртэл хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгаад байгаа юм.
Энэ талаар иргэн Э.Одбаяр өмнө нь мэдээлэхдээ "ЦЕГ-ын дарга Ж.Болд "Э.Одбаяр нарын хүмүүс иргэн Д.Монголхүүг 461 дүгээр ангиас "өргөж" авч явсан" гэж хэлсэн. Тэрийг нь гэрчлэх хорих ангийн үүдний хүлээн авах заалны хяналтын камерын нийт есөн бичлэг байсан. Гэтэл хэргийн нотлох баримтаас нэг ширхэг CD алга болчихлоо. Үлдсэн CD-ний бичлэгүүдэд дутуу хагас, бараг хоосон шахуу, ач холбогдолгүй бичлэг байна. Бид хэдий хэрэгт яллагдагчаар татагдаж байгаа ч өөрсдийнхөө гэм буруугүйг нотлох баримтыг тэгш эрхтэйгээр хангуулах хуулийн заалттай. Гэтэл хуулийн байгууллагаас зөвхөн нэг талыг баримталж, биднийг буруутай гэж харуулсан хэсгийг нотлох баримтаар оруулж байна. Бичлэгийн зарим хэсгийг цаасан дээр хэвлээд гаргасан байна лээ. Алга болсон CD дотор Д.Монголхүүг хэн хорих ангиас авч явсан бэ, түүнийг өргөж авч гарсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой харуулсан юм.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, шүүх хурлын нотлох баримт бүрэн байна уу, шүүх хуралд ороход бэлэн үү гэдгийг хэлэлцсэн. Бидний зүгээс энэ асуудлыг судалж, алга болсон хавсралтуудыг мөрдөн байцаах ажлын хэсгээс гаргуулах санал тавьсан. Мөн 461 дүгээр хорих ангийн үүдэнд ажиллаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтан албан хаагчдын ажлын тэмдэглэлээ дарга нартаа юу гэж танилцуулсан гэх мэт асуудлуудаа тодорхой болгож, шаардлагатай бол гэрчээр оролцох хүмүүсээ нэмж, хоёр талын байр суурийг тэнцвэртэй болгох санал тавьсан. Гэтэл шүүхийн байгууллагаас 2022 оны нэгдүгээр 20-ны өдөр 08.30 цагт шууд гэм буруутай эсэх шүүх хурлаараа энэ асуудлыг хэлэлцэхээр шүүх хурлын товыг зарлачихсан" гэж хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж