Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/-ын үйл ажиллагаанд нэгдэх талаар санал хүргүүлсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
ХАБГБ-ын бүрэлдэхүүнд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ болон Тажикстан зэрэг улс багтдаг.
Гадаад харилцааны яамнаас "Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэх талаар 2020 онд яригдаж байсан мэдээлэл дахин цацагдсан. Энэ бүрэлдэхүүнд Монгол Улс нэгдэх боломжгүй. Учир нь, гадаад бодлого болоод Үндсэн хуулийн үзэл санаанд харш. Өөрөөр хэлбэл, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхад чиглэсэн гадаад бодлогын статустай. Тэгэхээр ХАБГБ-д Монгол нэгдэх боломжгүй" гэсэн юм.
Эргэн сануулахад, Монгол Улс 2020 оны долдугаар сард ХАБГБ-ын үйл ажиллагаанд нэгдэх урилгад нааштай хандаж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан нэгдүгээр газрын дарга Георгий Зиновьев мэдээлж байсан. Тухайлбал, "Монгол Улсыг ХАБГБ-д элсэн орохыг урьсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Энэ нь Оросын Холбооны Улсын ашиг сонирхлын үүднээс чухал ач холбогдолтой чиглэл болж магадгүй юм. Монгол Улс энэхүү урилгад нааштайгаар хандаж буй бөгөөд тус улсын удирдагчдаас дэмжлэг хүлээж байна" гэж Зиновьев Холбооны улсын Зөвлөлд мэдээлжээ.
Мөн тэрбээр Энэтхэг, Пакистан улсуудыг элссэний дараа Монгол Улсад мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх сонирхол нэмэгдсэн гэж хэлсэн байна. Зиновьев Евразийн эдийн засгийн комиссоос Монгол Улстай хэлэлцээ хийх үйл явцыг эхлүүлж байгааг онцлон тэмдэглэжээ.
ШХАБ нь БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикистан, Киргиз болон Узбекистан улсын удирдагчдын 2001 онд байгуулсан олон улсын байгууллага юм. 2017 оны зургадугаар сарын 9-нд Казахстаны нийслэл хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчид Энэтхэг, Пакистан улсуудыг элсүүлэх тухай шийдвэрт гарын үсэг зурсан билээ. Харин Монгол Улс ШХАБ-д өнөөг хүртэл ажиглагчийн статусаа барьж ирсэн юм.
Холбоотой мэдээ