Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс долоо хоног бүр омикрон хувилбарын онцлог болон биед илрэх шинж тэмдэг, эмнэлзүйн зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаа Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг омикрон хувилбарын онцлогийн талаар зөвлөмж хүргэлээ.
Тэрбээр "Омикрон хувилбар халдварлах чадвар өндөр байгаа бөгөөд богино хугацаанд тархаж байна. Өвчилсөн хүмүүсийн биеийн байдал хөнгөн ч зовиур их. Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 хувь, хоёр тун хийлгэсэн бол 75 хувь, нэг тун хийлгэсэн бол өвдөх магадлал 35 хувь байна.
Эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд халуурах, ханиалгах, амт үнэр алдагдах, хоолой сөөх зэрэг шинж тэмгүүд илэрч байна. Мөн бага насны хүүхдэд гүйлгэх, суулгах, биеэр тууралт гарах шинж илэрч байна. Харин хүнд шинж тэмдэгт амьсгал давчдах орж буй бөгөөд зарим иргэд гүнзгий амьсгал авч чадахгүй байна.
Тиймээс энэ үед хувь хүн ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, хувийн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Халдвар хамгааллын дэглэм баримталж, архаг суурь өвчтэй бол биеэ сайн хянахыг зөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Ханиад, томуугийн шинж тэмдэг илэрч байгаа бол эмнэлэгт яаран бүү хандаарай. Covid-19-өөр өмнө нь өвдсөн тохиолдолд дахин шинж тэмдэг илэрч байгаа бол заавал мэргэжлийн эмчид хандаж, уушгины рентгенд харуулах шаардлагатай.
Дэлхийн улс орнуудад давтан өвдөлт 3-5 дахин нэмэгдсэн. Монгол Улсад ч мөн адил. Учир нь давтан өвдөж байгаа хүмүүсийн 100 хувь нь өвдсөний дараа вакцин тариулаагүй байна. Тиймээс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.
Холбоотой мэдээ