Эрдэмтдийн зөвлөл цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж, оргил үедээ өдөрт 15-40 мянган хүн өвдөх тооцоо гаргасан. Иймд Эрүүл мэндийн яам 20 мянган ор дэлгэхээр төлөвлөөд байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүүхэд, жирэмсэн болон өндөр настан, хүнд өвчтэй иргэдийг хэвтүүлэн эмчлэхээр болсон. Гэсэн ч УОК-ын Шуурхай штабын багийнхан “улаан бүс”-ийг халдвар авч өвдсөн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх боломж тааруу, орны эргэлт муу байна гэж дүгнэсэн. Харин Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөлийнхөн Covid-19-өөр хөнгөн өвдсөн иргэдийг гэртээ тусгаарлагдахыг зөвлөж, омикроныг томуутай адилтгаж буй юм.
Өнөөдрийн байдлаар гэрээр өөрсдийгөө эмчилж байгаа хүмүүс 30 мянга давж, хоногт 1000-2000 орчим хүн өвдөх болов. Үүний цаана өвдсөн эсэхээ ч мэдэхгүй, бас бүртгэлгүй хэчнээн хүн халдвар авсныг таах аргагүй. Ямартай ч батлагдсан тохиолдлоос 4-5 дахин их өвчлөл байх магадлалтай аж.
Омикрон хувилбарын хувьд томуутай адил ханиалгаж, хоолой сэрвэгнэх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул хүндрэл, нас баралт бага болохыг ч эрүүл мэндийн салбарынхан мэдээлэх болсон нь иргэдийг тайвшрахад хүргэж байна. Харин ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейесус “Омикрон нь дельтатай харьцуулахад, ялангуяа вакцинтай хүмүүс бага зэрэг хүндэрдэг ч энэ нь хөнгөн гэж ангилагдах ёстой гэсэн үг биш юм. Өмнөх хувилбаруудын нэгэн адил омикроны хувилбараар өвчилсөн иргэд эмнэлэгт хэвтэж, нас барж байна. Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр бөгөөд Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан ч халдвар авна. Гэхдээ Covid-19-ийн эсрэг вакцин нь хүндрэлээс сэргийлэх тул чухал ач холбогдолтой хэвээр байна” гэж онцолсон байна.
Тэгэхээр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу омикрон хувилбарыг бид “басч” болохгүй. Монголд омикрон бүртгэгдсэнээс хойш хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 1000 давж, 7000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, өдөрт дунджаар хоёр хүн амь насаа алдах болов. Үүнээс харахад омикрон хувилбар нь Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөлийнхний ярьж байгаа шиг ханиад шиг хөнгөн биш бололтой. Харин Эрдэмтдийн зөвлөлөөс Covid-19-ийн шинэ мутацлагдсан хувилбар дахин гарахгүй бол айх зүйлгүй гэх мэдээллийг дахин хэлж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас энэ талаар цөөн асуултад хариулт авлаа.
ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БАТЛАГДСАН ТОХИОЛДЛООСОО 4-5 ДАХИН ӨНДӨР БАЙНА
–Covid-19-ийн мутацлагдсан омикрон хувилбарыг дельтатай харьцуулахад илүү хөнгөн шинж тэмдэгтэй болохыг эрүүл мэндийн салбарын мэдээлж байна. Гэсэн ч хүн бүрт өвчний хүндрэл харилцан адилгүй байна. Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш өдөр бүр хоёр хүн нас барж байна?
-Омикрон хувилбар нь шинж тэмдэг тод боловч хөнгөн байна. Хоолой өвдөх, үе мөчөөр булчингаар өвдөх гэх мэт хүчтэй өвдөлтүүд байгаа ч уушгины эд эс лүү нэвтэрч, хатгаа болох чадвар нь буурсан. Гэтэл дельта хувилбар шинж тэмдэг илрэхгүй атал богино хугацаанд хатгаа болж, хүндрэх эрсдэл их байсан. Омикроны үед үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн ч хатгаа болохгүй байна.
–Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал хэр байна вэ. Омикроны шалтгаант нас баралт бүртгэгдсэн үү?
-Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт байгаа 12 хүнээс омикроны шалтгаантай сэхээнд орсон тохиолдол байхгүй. Тэд омикроны шалтгаанаар биш үндсэн өвчин буюу хавдар, бөөрний өвчин, чихрийн шижин гэх мэт өвчтэй хүмүүс халдвар авснаас хүндэрч сэхээнд хэвтэж байна.
Дельта давалгааны үед зөвхөн дельта хувилбарын шалтгаанаар хүндэрч сэхээнд ордог байсан. Архаг хууч болон хавсарсан өвчнийг омикрон хүндрүүлж байна.
Өмнө нь дельта хувилбарын давлагааны үед Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 60 хувь амьсгалын аппаратад ордог байсан. Харин өнөөдөр омикроны тархалтын үед 30 хувь нь амьсгалын аппаратад орж байна.
–Гэсэн ч омикрон хувилбарын шинж тэмдэг ханиад, томуунаас ялгаагүй хөнгөн гэж нийгэмд ойлголт өгч тайвшруулах нь эргээд сөрөг үр дагавартай биш үү. Омикрон хувилбар нийт батлагдсан тохиолдлын хэчнээн хувийг эзэлж байна вэ?
-Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь омикроноос шалтгаалж байна.
Онолын хувьд бүртгэгдээгүй тохиолдол бүртгэлтэйгээс 4-5 дахин өндөр байдаг гэж эрдэмтэд үздэг шүү дээ. Хөнгөн өвдөөд байгаа хүмүүс шинжилгээ өгч, системд бүртгүүлээгүй бол бид мэдэхгүй.
Халдварт өвчин судлалын өнөөдрийн дата мэдээллээс харахад омикрон хувилбар нь нийт батлагдсан тохиолдлын 80-90 хувийг эзэлж байна.
–Омикроны тархалт нэмэгдэхээс өмнө Эрдэмтдийн зөвлөлийнхөн тандалт судалгаа хийсэн үү. Ялангуяа цагаан сарын дараа халдварын тархалт ямар байх вэ. Урьдчилсан тооцоо бий юү?
-Урьдчилсан тооцооллуудыг хийж байна. Халдварын давлагаа нэгдүгээр сарын 20-ны үеэр оргилдоо хүрч, сүүлчээр буурах тооцоо байна. Харин цагаан сарын дараах халдварын тархалтын тухай мэдээлэл өгөх боломжгүй. Шинэ хувилбар л гарч ирэхгүй бол айх зүйлгүй. ДЭМБ-аас олон сая хүн омикроноор зэрэг өвдөх нь шинэ мутац үүсэх эрсдэл бий болгох боломжтойг мэдэгдсэн.
ЦАГААН САРЫГ ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНЭЭС ХЭТЭРЧ ТЭМДЭГЛЭВЭЛ ХАЛДВАР НЭМЭГДЭНЭ
–Хэт тайвширч назгайрвал цагаан сарын дараа халдварын давлагаа дахин дэгдэх магадлалтай биш үү?
-Бид бүхэн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөж байна. Тохиолдлын тоо гэр бүлийн хүрээнээс хэтэрч тэмдэглэвэл халдвар нэмэгдэх эрсдэлтэй.
–УОК-ын Шуурхай штабын багаас Covid-19-ийн омикрон болон дельта хувилбараар өвдсөн иргэдийг хэвтүүлэн эмчлэх нь хангалтгүй, орны эргэлт муу байна гэх дүгнэлт гаргасан. Ямар үед иргэдийг хэвтүүлэн эмчилж байна вэ. Гэрийн нас баралт бүртгэгдэхгүй гэх баталгаа байхгүй. Өнөөдрийн байдлаар нийт дэлгэхээр төлөвлөсөн 20 мянган орны хэдэн хувийг дэлгэсэн бэ?
-Бид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсээ эмчилж байна. Хамгийн гол нь маш олон хүн хэвтэн эмчлүүлэх гэж зохиомол ачаалал үүсгэж байна.
Эмнэлэгт хэвтэх дуудлага өгсөн иргэдэд тандалтын багийнхан очиход эмнэлэгт хэвтэх шаардлага хангаагүй хүмүүс байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хөнгөн өвдсөн хүмүүс. Түүнээс биш эмнэлэгт хэвтэх шаардлагатай жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчин хавсарч хүндэрсэн зэрэг эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүс ор хүлээсэн тохиолдол байхгүй. Өнөөдрийн байдлаар “Ачтан”, Монгол Японы эмнэлэгт дэлгэсэн. Өмнө нь МҮИС-д ор дэлгэсэн.
Хамгийн гол нь, иргэдийн дунд халдварт өртсөн бол заавал хэвтэн эмчлүүлэх ёстой гэсэн ойлголт хандлага байна. Нийт ор одоогоор 7000 хүрээд байна. Бид 14000 хүртэл үе шаттай нэмнэ. Хөнгөн хүнийг авахгүй.
Гэсэн ч бид өрхөөр дамжуулан эм, витамин үнэ төлбөргүй олгож байна. Энэ нь Covid-19-тэй тэмцэх нэг чухал тактикийн хэсэг юм. Бид дельта давлагааны үед өрхөөр дамжуулж, эрт эмчилгээ эхлүүлсэнээр дельтагийн давлагааг хохирол багатай даван туулсан.
2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Их Британи, Итали, АНУ зэрэг улсад 1 сая хүнд 2200 орчим нас баралт бүртгэгдсэн нь Монгол Улсаас гурав дахин өндөр байна. Монголд 1 сая хүнд 660 орчим нас баралт бүртгэгдсэн. Энэ нь нас баралт бага байхад вакцины хамралт сайн, өрхийн тусламж сайн, орны тоо хангалттай байсан нь нөлөөлсөн.
–Томуугаас омикроныг ялгах арга нь түргэвчилсэн шинжилгээ өгөх. Гэхдээ хүндэрсэн тохиолдолд нийтлэг ямар шинж тэмдэг илрэх юм?
-Ерөнхийдөө толгой болон хоолой өвдөх, булчин, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрч байна. Өвчний хүндрэл гэхээр хатгаа л болно. 38 хэм хүрч халуурах, амьсгаадах, уруул хөхөрч амьсгалын дутагдалд орно. Харин булчин, үе мөчөөр хүчтэй өвдсөн бол эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Томуу илүү нусархаг, мөн нүдний салстын үрэвсэл, мөн гэдэсний үрэвсэл ба ходоодны үрэвслийн шинж тэмдэгтэй байна. Үүгээрээ ялгаатай.
Холбоотой мэдээ