Левандовски оны шилдгээр тодорч, Роналдо хоосонгүй харив

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Левандовски оны шилдгээр тодорч, Роналдо хоосонгүй харив

Левандовски оны шилдгээр тодорч, Роналдо хоосонгүй харив

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн оны шилдгүүдээ тодрууллаа. 2021 оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчөөр Байерн Мюнхен багийн Польш довтлогч Роберт Левандовски тодорсон бол Манчестер Юнайтедын Кристиано Роналдо тусгай шагналын эзэн болжээ.

Өдгөө 33 настай Левандовски энэхүү шагналыг хоёр жил дараалан хүртэж байгаа бөгөөд өнгөрсөн улирал 69 гоол оруулж, Гёрд Мюллерын Бундеслигт календарын нэг жилд хамгийн олон гоол оруулсан гэх амжилт эвдсэн юм. Харин түүний араас Ливерпүүлийн Мохамед Салах, ПСЖ-ийн Лионель Месси нар удаалжээ.

Кристиано Роналдо олон улс, шигшээ багийн түвшинд хамгийн олон гоол оруулсан амжилтаараа FIFA-ийн тусгай шагналын эзэн болов.

  • Эмэгтэй оны шилдэг хөлбөмбөгч – Барселонагийн Алексиа Путелла
  • Эрэгтэй оны шилдэг дасгалжуулагч – Челсигийн Томас Тухель
  • Эмэгтэй оны шилдэг дасгалжуулагч – Челсигийн Эмма Хэйес
  • Пушкашийн нэрэмжит оны шилдэг гоол – Эрик Ламелагийн Арсеналын эсрэг оруулсан рабона гоол
  • Шударга тоглолтын шагнал – Данийн шигшээ баг, Данийн эмч нар болон дасгалжуулагчийн баг
  • Фенүүдийн шагнал – Дани болон Финландын шигшээ багийн фэнүүд
  • Эрэгтэй оны шилдэг хаалгач – Челсигийн Эдуард Менди
  • Эмэгтэй оны шилдэг хаалгач – Кристианте Эндлер

FIFA-ийн бэлгэдлийн шигшээ баг

  • Жианлуижи Доннарумма, Давид Алаба, Леонардо Бонуччи, Рубен Диаш, Кевин де Брюйне, Жоржиньо, Канте, Кристиано Роналдо, Эрлин Холанд, Роберт Левандовски, Лионель Месси

Оны шилдэг болсон Роберт Левандовски домогт Герд Мюллерын амжилтыг эвдсэн талаараа “Хэдэн жилийн өмнө та бүхэн надаас энэ амжилтыг эвдэх боломжтой юу гэж асуусан бол би боломжгүй гэж хэлэх байлаа. Харамсалтай нь, Мюллер бидэнтэй хамт байхгүй байна. Түүнд талархал илэрхийлмээр байна. Түүнгүйгээр энэ амжилтыг эвдэх боломжгүй байлаа. Тэр олон дээд амжилт тогтоосон. Дараа үеийн тамирчид ч түүний амжилтуудыг эвдэхийг хичээж, эвдэх болно” гэжээ.

Германы домогт довтлогч Герд Мюллер 2021 онд таалал төгссөн билээ.

Португалын шигшээ багийнхаа төлөөх 110 болон 111 дэх гоолуудаа оруулж, олон улсын түвшинд хамгийн олон гоол оруулсан гэх Ираны домогт хөлбөмбөгчйн Али Даеигийн 109 гоолын амжилтыг эвдсэн Роналдо “Би хэзээ ч энэ амжилтыг тогтооно гэж бодож байсангүй. FIFA-аас ийм онцгой шагнал хүртсэндээ бахархаж байна. Би тэднийг маш их хүндэлдэг. Гайхалтай амжилт тогтоолоо. Би одоо ч энэ спортод дур сонирхолтой. Дан ганц гоол оруулах бус бусдад баяр баясал бэлэглэх хүсэлтэй. Талбай дээр ч, бэлтгэл дээр ч би үргэлж хөглөгддөг. Би удахгүй 37 нас хүрнэ. Гэхдээ би үргэлжлүүлэхийг хүсч байна. Хүмүүс надаас дахиад хэдэн жил тоглох вэ гэж асуудаг. Надад дахиад 4-5 жил байгаа гэж найдаж байна. Хэрэв биеэ сайн арчилж чадвал үргэлжлүүлсээр байх болно” гэв.

Хөлбөмбөг сонирхогчид Мохамед Салахыг бэлгэдлийн шигшээ багт ороогүйд дургүй байна. Тэрбээр оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчинд өрсөлдөж, сүүлийн гуравт тунасан ч шигшээ багт багтаж чадаагүй юм. Жиргээчид “Мо Салах бол дэлхий дээрх хамгийн үл хүндлэгдсэн тоглогч”, “Топ гуравт үлдсэн атлаа шилдэг 11-т багтсангүй гэж үү?”, “Салахын оронд яаж Роналдо, Холанд хоёр бэлгэдлийн багт багтаж чадав?” гэх зэргээр жиргэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж