Их Британи улс танк эсэргүүцэгч, богино зайн пуужингуудаа Украин руу илгээж эхэлжээ. Энэ нь ОХУ-аас 100 мянга орчим цэргээ Украины хил дээр төвлөрүүлсний дараа Киевийг өөрийгөө хамгаалахад дэмжлэг үзүүлэх алхам гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгдэв. Их Британи улсаас илгээсэн эхний ээлжийн хөнгөн зэвсэг техник өчигдөр Украинд ирсэн байна.
Үүнээс гадна цөөн тооны цэргийн багийг Украины армийг дадлагажуулах зорилгоор илгээх аж. Бен Уоллес хэлсэн үгэндээ “Оросын цэргүүд дайралт хийж магадгүй гэх жинхэнэ аюул байсан” гэж онцолжээ. Харин ОХУ барууны орнуудын хэлж байгаачлан Украиныг эзлэн түрэмгийлэхийг санаархсан гэдгийг үгүйсгэсэн юм.
Украинд 2015 онд үүссэн зөрчил, мөргөлдөөний дараа Их Британийн олон арван цэрэг тус улсад үлдэн, армийн дадлага сургуулилалт хийх үүрэг гүйцэтгэх болсон. Киевт 2014 онд Оросын талыг баримтлагч засгийн газрыг түлхэн унагаасны дараа Украины зүүн хэсэгт үймээн дэгдэж, Крым хойг тус улсаас салж, ОХУ-д нэгдсэн билээ.
Украин-Оросын зөрчил, хямралаас болж Европт дайн дэгдэх эгзэгтэй үе ирснийг Европын холбооны албаныхан анхааруулж буй юм.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ