УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

LiveУИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө

21 : 03
2022-1-18

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө

УИХ намрын ээлжит чуулган өндөрлөлөө. Энэхүү чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар "Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо 5, түр хороо 9 удаа хуралдсаныг онцлов. Намрын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын 5 гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг дурдлаа.

Г.Занданшатар “Намрын чуулганы хугацаанд баталсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ шатыг эхлүүллээ. Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш хуулийн хэрэгжилт хангалтгүй, хуулиудын уялдаа холбоо алдагдаж, давхцал, хийдэл, зөрчил гарах нь түгээмэл байсан. Дээрх хууль энэ асуудлыг шийдвэрлэх чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Хууль сайн хэрэгжихэд хувь хүн чухал үүрэгтэй. Ийм учраас зөв хүн олж, нэр дэвшүүлж, томилдог байх нь засаглалын амин чухал асуудал байдаг. Ийм учраас нэр дэвшигчийн сонсгол хийх зохицуулалтыг хуульчилсан. УИХ-аар хэлэлцэн томилдог албан тушаалтнуудыг зөвхөн тухайн албан тушаалыг хаших мэдлэг, чадвар, ёс зүй, шаардлага хангасан зэргийг харгалзан нийтийн сонсголоор томилдог байх зохицуулалт энэ хуульд тусгасан. Ингэснээр албан тушаалтнуудыг ард түмний шүүлтүүрээр оруулж томилох боломж бүрдэж байгаа юм.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа. Энэ хуулиар 5 төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод байлгаж, ямагт шинэчилж байхаар хуульчилсан. Хуулийн хүрээнд тендерт шалгарсан болон шалгараагүй үндэс шалтгаан нээлттэй, хэний хүүхэд хаана, ямар зардлаар сурсан нь ил тод байна. Барилга байгууламжийг ашиглалтад орох улсын комиссын дүгнэлт нээллтэй байхаар заалаа. Ингэснээр шударга ёс, хариуцлагатай байдал бэхжиж, иргэний тэгш эрх хангагдана гэж үзэж байна. Мөн хүний хувийн мэдээлэл гэж юу вэ гэдгийг тодоройлж, түүнийг хамгаалах эрхзүйн үндсийг бүрдүүллээ.

“Дижитал үндэстэн” болж, цахим шилжилт хийхэд Цахим гарын үсгийн тухай хууль чухал ач холбогдолтой. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ердөө 30 мянга гаруй хүнд тоон гарын үсэг олгосон нь зөвхөн тендерт ороход л ашиглагдаж байсан байна. Тиймээс тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлж, өдөр тутам ашиглах үүднээс энэ хуулийг баталлаа. Цаашид иргэд гэрээ хэлцэл хийх, өргөдөл гомдол гаргахдаа тоон гарын үсэг ашиглах боломжийг нээж байна” гэлээ.

Мөн тэрбээр намрын чуулганы хугацаанд Кибер аюулгүй байдлын тухай, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын 2022 оны улсын төсвийг баталсныг онцоллоо. Дээрх хуулиуд нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэйг дурдсан юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлж буй юм.

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна.

18 : 11
2022-1-18

Шүүхийн ажилтны цалин хөлсийг нэмэх тухай хуулийн төсөл дэмжигдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах, цалин хөлсөд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Санал хураалтаар нийт 44 гишүүний 28 нь буюу 63.6 хувь нь дэмжсэнээр тус тогтоолын төслийн хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах төсөл батлагдлаа. Харин цалин хөлсийг нэмэх тухай хуулийн төслийг нийт гишүүдийг 61.1 хувь нь дэмжлээ. Ийнхүү тус тогтоолын төслүүд дэмжигдэж батлагдав.

Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Бямбацогт:

-Монгол Улсын шүүхийн тухай хууль болон шүүгчийн зэрэг, зиндаа цалин хөлсний нэмэгдлийг УИХ тогтоохоор заасны дагуу Шүүхийн ерөнхий хорооноос шүүгч бус албан хаагчдын зэрэг дэв, цалин хөлсний нэмэгдлийг тогтоох хүсэлтийг УИХ-д ирүүлсэн. Хууль зүйн байнгын хороо 2021 оны арванхоёрдугаар 28 болон нэгдүгээр сарын 11 болон өнөөдрийн хуралдаанаар дэгийн тухай хуулийн дагуу тус асуудлыг хэлэлцсэн болно.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажиллах журам батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Санал хураалтаар нийт гишүүдийн 61.4 хувь татгалзаж, тогтоолын төслийг баталсангүй.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-2022 оны нэгдүгээр сарын 18-ны хуралдаанаар хэлэлцүүлж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр болсон билээ. Үүний дагуу дэгийн тухай хуулиар чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж байна.

17 : 53
2022-1-18

МАН-ын хүсэлт дагуу Газрын хуулийн төслийг тав хоногоор хойшлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах, Орон сууцны хуульд өөрчлөлт оруулах тухай, нийтийн орон сууцны барилгын дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл болон хууль баталсантай холбоотой зарим тогтоолын төслийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсч танилцуулсан.

Тус хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу тав хоногоор хойшлуулж сунгалаа. Учир нь, хууль эрхзүйн олон асуудал яригдаж байгаа учир завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:

-Хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна. Тиймээс энэ хуулийн төслийг татаж авахыг хүсч байна. Газар өмчлөгч болоод амины орон сууц өмчлөгч этгээд хооронд маргаан үүсэх эрсдэлтэй. Аж ахуйн нэгжүүд үл хөдлөхийн газрыг өмчлөхийн тулд эцэс төгсгөлгүй дайн зарлана гэж харагдаж байна. Тиймээс газартай холбоотой асуудлыг шууд энэ хуулиар л зохицуулна гэвэл боломжгүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч л болно. Тиймээс газрын асуудал, үл хөдлөхийн зах зээлийг энэ хуулиар шийдвэрлэнэ гэвэл боломжгүй. Үндсэн хуулийн хүрээнд харсан ч сэтгэл хөөрлөөр шийдэж болохгүй гэж бодож байна. Хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, зөвшилцөлд хүрч байж хууль батлахгүй бол нийгэмд хор, эрсдэл их санагдаж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд үнэтэй санал хэлсэн гишүүддээ баярлалаа. Дахин сануулахад энэ хуулиар Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэнд өмчлүүлэх асуудал огт яригдаагүйг онцолж байна. Миний зүгээс ажлын хэсэг гаргаж, тусгайлан хяналт дүгнэлт гаргуулах саналтай байна. Тэгэхгүй бол Монгол Улсын парламент улсынхаа газар нутгийг харийнханд өгөх сиймхий байгаа эсэхийг тусгайлан дүгнүүлэх ажлын хэсэг гаргаж өгөхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Эдгээр асуудлыг нэгтгэж бүлгээр тогттол МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна. Гишүүд болоод нийгэмд буруу, зөрүүтэй ойлголт төрүүлэхгүйн тулд эрхзүйн дүгнэлт гаргах чиглэл өгнө үү.

16 : 57
2022-1-18

Ашиглалтын хугацаа дууссан 500 орон сууцыг нураавал иргэдийн эрх зөрчигдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах, Орон сууцны хуульд өөрчлөлт оруулах тухай, нийтийн орон сууцны барилгын дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл болон хууль баталсантай холбоотой зарим тогтоолын төслийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсч Т.Доржханд танилцууллаа.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан:

-Энэхүү хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ Шадар сайдын ажлын албанаас гаргасан газрын тухай асуудалтай цаашид нэгтгэж явахыг хүсч байна. Газар өмчлөл болоод төлбөртэй холбоотой асуудал, өмчлөлийн хэлбэр зэрэг нь багц хуулинд цогцоор тусгагдаж байгаа учир УИХ-ын дараагийн хэлэлцүүлэгт нэгтгэж өгөхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Монгол Улсын Засгийн газраас санал авсан. 2021 оны наймдугаар сард ирүүлсэн санал дээр Шадар сайд нэгтгэж зангидаад ажиллаж байгаад талархаж байна. Тийм учраас ойрын хугацаанд оруулж ирэхийг хүсч байна. БОАЖЯ дээр бэлчээрийн газар харъяалагдаж байхад бэлчээрийн бус газар нь ХХААЯ дээр явж байна. Тиймээс нэгтгэх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хуулийн төслийг харахаар авах ч зүйл байна. Хэрэггүй зүйлс ч байна. Нэгдүгээрт, эд хөрөнгийн өмчлөл болоод дуусаагүй барилгыг ашиглалтад хүлээлгэж өгөөгүй байхад эзэмшлийг олгохгүй байх асуудал. Барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрхэнд халдах сөрөг зүйл болох вий гэж таамаглаж байна. Covid-19-ийн үед төрөөс аль болох бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллахыг хүсч байна. Гэтэл томоохон гэхээс илүүтэй жижиг барилгын компаниудад сөргөөр нөлөөлөх байх. Банкны барьцаанд тавьж зээл авч барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой байдаг. Тиймээс энэ асуудлыг хэт нэг талыг баримталсан байх гэх бодож байна. Хоёрдугаарт, төрийн мэдлийн газарт барьсан нийтийн эзэмшлийн газар болоод хөрөнгө нь дундын эзэмшлийнх байхаар ямар ашигтай вэ? Мэдээж орон сууцны иргэд тухайн эзэмшлийн газрыг бэлгэдлийн чанартай эзэмшиж байна гэсэн үг. Угтаа захиран зарцуулах боломжгүй шүү дээ. Гуравдугаарт, барилгын эзэмшлийг цаашид нийтийн эрх ашигт нийцүүлж, стандартыг шинэчлэн баталж, зохицуулах уу?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хот байгуулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн байгаа. Үүний дагуу олон нийтийн эзэмшлийн газрын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх талаар ажлын хэсэгт ажиллаж байгаа. Дуусаагүй барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохоо болих хэрэгтэй талаар ярьж байна. Үүнийг миний хувьд бодож үзсэн. Тэгээд хувилбар буюу зах зээлийн эргэлтэд тохируулж хувилбар шийдлийг гаргаж ажиллахаар төлөвлөж байгаа. Ялангуяа банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг оруулаад ажлын хэсэг дахин төлөвлөгөөгөө гаргаж ажиллана. Зарчмын хувьд дуусаагүй барилга дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй.

Нийтийн эзэмшлийн орон сууцны талбайн эзэмшил дээр үнэ цэнэ гэдэг зүйл яригдана. Орон сууц тохиолдлоор газар хөдлөлтөд өртлөө гэхэд газар л үлдэнэ гэсэн үг. Тиймээс хуулийн төслөөр оруулсан асуудал бүхэн зайлшгүй шаардлагатай зүйл. Одоогоор ашиглалтын хугацаа дууссан 500 гаруй орон сууц байна. Тиймээс төр тэдгээр иргэдийг эрсдэлгүй болгох үүрэг хүлээнэ. Үүний тулд дээрх хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

16 : 25
2022-1-18

"Амаа багасгаж, ажлаа сайжруулж хийх хэрэгтэй"

Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, томилох тухай асуудлыг танилцууллаа.  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

-Монгол Улсын Үндсэн хуулийн 39-ийн дөрөв дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг хэлэлцэж байна. БОАЖЯ-ны сайд асан Н.Уртнасан Ерөнхий сайдаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг хангаж ажиллаагүй учир үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Хуулийн дагуу нөхөн томилох хүрээнд Б.Бат-Эрдэнийг томилох шийдвэрийг танилцуулж байна. 1977 онд төрсөн. 1996 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 99 онд Улаанбаатарын их сургуулийг төгссөн. 2012-2015 онд МАН-ы дэргэдэх НАМЗХ-ы ерөнхийлөгч, 2016-2017 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх, 25018 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөхөөр ажиллаж байсан. Улсалд нийт 18 жил ажилласан туршлагатай. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлье. Миний хувьд асуух нэг зүйл байна. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр хэр анхаарч ажиллах нь иргэдийн сонирхлыг татаж байна. Та энэ тал дээр ажил үүргийн хувьд чухам юу хийхээр төлөвлөсөн бэ?

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ

-2019-2020 онд утаа 50 хувь буурсан бол 2021-2022 онд "Тавантолгой түлш" компанид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс цаашид сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүн, чанар дээр онцгой анхаарч, технологийн шийдлүүд дээр маш сайн ажиллах ёстой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Засгийн ажил хэдий ч УИХ-д ажлаа танилцуулдгийг нэр дэвшигч анхаарах биз ээ. Миний хувьд Б.Бат-Эрдэнэ даргыг мэднэ. Нэг захих зүйл нь пи-араа багасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон нийтийн сүлжээгээр цээжээ дэлдээд байвал иргэдийн хүлээлт нэмэгддэг. Цаасан дээр бичсэн ажлаа хийж гүйцэтгэж, ажлаа дуусгахыг хүсч байна. Н.Уртнасан сайдын хийж бүтээж байсан ажлуудыг үргэлжлүүлж хийхийг хүсч байна. Амаа багасгаж, ажлаа сайжруулж хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд удирдлагыг нь шинэчилж байна. Утааг бууруулах асуудал уг нь Эрчим хүчний яамны ажил. Энэ хариуцлагын хажуугаар Эрчим хүчний яамныхан зүгээр өнгөрч байгаад гайхаж байна. Мөн БОАЖЯ-ны удирдлагуудаас гадна төрийн нарийн бичгийн даргыг сэлгэж байгааг гайхаж байна. Б.Бат-Эрдэнэ мэргэжлийн хүн биш ч мэргэшиж чадна гэж харж байна. Богино хугацаанд мэргэших хэрэгтэй. Хэлсэн шигээ, бичсэн шигээ шударга ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-"Оюутолгой"-н газрын гүний усыг ашиглах тал дээр БОАЖЯ маш муу ажиллаж ирсэн. Тиймээс ус ашиглалтын төлбөр заавал авах ёстой. Энэ тал дээр та ямар бодлого баримталж ажиллах вэ? Богдхан уулын ойр орчмын дархан цаазат газарт нийтийн эзэмшлийн орон сууц барьсан ч түүнийг нь иргэд эзэмших эрхгүй байна. Энэ тал дээр мөн тайлбар өгөхгүй юу?

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ:

-480 иргэн 910 хуулийн этгээд тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглаж байна. Богдхан дархан цаазат газарт 43 мянга гаруй иргэн амьдардаг. Үүнтэй холбоотойгоор тусгай хамгаалалттай газар нутгийг эзэмших, ашиглах хууль зөрчсөн зөрчил их бүртгэгддэг. Тиймээс энэ тал дээр БОАЖЯ-наас онцгой анхаарч ажиллана гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Монгол Улсын төрийн тэргүүнийг шаардлагатай тохиолдолд НИТХ болон орон нутаг, аймаг сумдын төлөөлөгчдөөс сонгодог байх талаар санал нэгдсэн. Үүн дээр Ерөнхий сайд санал нэг байна уу. Мөн 100 хувь давхар дээлтэй ажилласан Засгийн газрын хувьд хариуцлага тооцох уу. Давхар дээлтэй явах нь зүйтэй юу гэдэг асуултуудаар тодруулга авмаар байна.

Сонгууль болохоос өмнө утааны асуудал шийдвэрлэгдсэн гэж байсан ч дахин томилгоо хийх болсон чинь даргыг нь солихоор боллоо гэж иргэд хэлж байна. Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэхэд ямар өөрчлөлт хийх, агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар тоймтой хариулт өгөхийг Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчээс асууя.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-40-50 хүнийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байна. Парламент дотор идэвхтэй дуу хоолой байснаар зөвшилцлийн шийдийг олно. Тэгэхээр том зургаар харвал холимог тогтолцоотой байх нь зүйтэй. Улс төрийн олон нам байдаг. Нийгэм өөрөө сонгосон парламент дээрээ төвлөрч намыг сонгож гаргаж байгаа. Сонгодог парламент рүү ороход энэ асуудлыг дахин ярих хэрэгтэй. Давхар дээлийн хувьд би сайн, муу гэж хэлж болохгүй. Миний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ч, ЗГХЭГ-т ажиллаж байх даа ч сонгодог парламентыг тогтмол дэмжинэ. Энэ үзэл баримтлал дээрээ тууштай байх болно. Нийгмийн тэр дундаа цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэнэ.

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ:

-Утаатай холбоотой асуудал бол зөвхөн яндан биш. Гэр хорооллын өрх, автомашины утаа, тоос тортог болоод дулааны цахилгаан станц зэрэг үндсэн дөрвөн шалтгаанаас агаарын бохирдол үүсч байна. Шахмал түлшний үйлдвэр дээр технологийн шинэчлэлтүүд хийх ёстой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-БОАЖ-ын сайд солигдоод л утаа арилна гэж харж байгаа бол би Ерөнхий сайдыг буруу оношилсон байна гэж дүгнэж байна. Энэ бол Эрчим хүчний яамтай холбоотой асуудал. Мөн "Тавантолгой түлш" компанийн удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой. Түүнээс албан тушаалтныг солиод, галыг унтраана гэвэл утгагүй. Сайжруулсан түлш хийж байгаа барьцалдуулагч зэрэг дээр Засгийн газраас тодорхой ажлын хэсэг гаргаж, хяналт шалгалт хийх ёстой. Ямар алдаа гаргавал хэнд хариуцлага тооцох ёстойг тодорхой тусгах хэрэгтэй байна. Буруутан нь мөн бол алдаа гаргасныхаа хариуцлагыг хүлээнэ. Түүнээс олон нийтийн өмнө гарч, мэдэгдэл хийсэн гээд ажлаасаа чөлөөлөгдөнө гэвэл утгагүй. Бодлого тодорхойлж, батлагдсан зардлыг төлөх тохиолдолд агаарын бохирдлоос болж ажлаасаа чөлөөлөгдөнө гэвэл хэний ч хувьд утгагүй санагдана. Тиймээс энэ тал дээр цаашид ямар бодлого хэрэгжүүлэх талаар хариу өгөхийг хүсч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Яагаад сайд, дэд сайд, ТНБД гурвыг хамтад нь чөлөөлсөн бэ гэвэл сайддаа дэд сайд нь, дэд сайддаа ТНБД нь, ТНБД-даа газар хэлтсийн дарга нар захирагддаггүй явдал байна. Тиймээс энэ шийдвэр жишиг болох ёстой. Өмнө нь хэт халаа сэлгээ хийгээд дэмий гэж боддог байсан. Цаашдаа ажлаа хийгээд явж байгааг нь дэмжиж, чадахгүйг нь халж, сэлгэнэ. Сайдаа дэмжиж ажиллаж чадаагүй байж ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэвэл утгагүй. Тиймээс хэн нэгэнд найдахгүй зөвхөн сайддаа захирагдаж ажилладаг жишгийг тогтооно. Энэ дээр парламент нэгдсэн байр суурьтай байж чадвал төрийн байгууллагын бүх шатанд хариуцлагын схем бүрэлдэнэ. Анхан, дунд шатанд сайд ирж, буцаж л байдаг гэдэг яриа хүртэл гарсан байна. Тиймээс сайн, муу ажилласан гэхээс илүүтэй шат шатны удирдлагууд холбоотой ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр БОАЖ-ын сайдыг чөлөөлөхөөр болсон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Утааны асуудал жил бүр яригддаг. Тиймээс цаашид яндангүй болох тал дээр л гарц гаргалгааг анхаардаг байх хэрэгтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилга байгууламж барих зэрэг дээр онцгой анхаараасай гэж хүсч байна. Гэр хорооллын иргэдийг үнс нурамтай зууралдахгүй, паартай байшинд амьдарч, паалантай жорлонд бие засдаг болгох хэрэгтэй. Энэ бол ганцхан БОАЖЯ-ны асуудал биш. Тиймээс холбогдох бүх хүнд хариуцлага тооцох ёстой. Тэгэхгүй бол сүүлд нь цэвэр усны шугамаас болж БОАЖ-ын сайдыг огцруулна гээд сууж байх вий дээ. Цөлжилт, усны нөөц, ойн нөөц гээд том бодлогоор нь анхаарч ажиллах ёстой шүү.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Цаашид төрийн албаны хууль дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хариуцлагын схемийг нээж өгч байж чадвартай хүмүүс ажиллана. Утаагүй түлшний технологи дээр алдаа гаргасан байж болзошгүй гэж харж байна. Утааг өвөл болсны дараа биш бусад улиралд ч анхаарах хэрэгтэй. Лабораторийн асуудлыг шийдвэрлэж, байршил нь Улаанбаатараас зайтай байх тал дээр анхаарах нь зөв болов уу гэж бодож байна.

15 : 08
2022-1-18

"Оюутолгой"-н бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах ашигтай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн 73.6 хувь буюу 39 гишүүн дэмжлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Үндсэн хуулиар газар болоод газрын доорх баялаг ард иргэдийн өмч гэж тусгасан байдаг. Тийм болохоор биржийн арилжаагаар борлуулах нь зөв л гэж бодож байна. Хувийн хэвшлүүд өөрсдөө үнэ өртгөө хэлээд наймаалцаж болно. Хоёрдугаарт, биржийн арилжааны үнийг боомтын арилжааны үнээр зарлана гэж байгаа юм. Бид анх удаа биржийн заалтыг хуульчилж байгаа болохоор хил орчмын үнээр зарлаад байна уу гэж харж байна. Миний хувьд олон улсын зарчмаар л борлуулах нь зүйтэй. УИХ шийдвэр гаргаад эдийн засгийн яам байгуулж байна. Тэгэхээр цаашид энэ яамд томъёолуулж явах нь зүйтэй юу гэдэг асуултад хариулт авъя.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Бирж худалдан авагчийн өмнө маш том хариуцлага хүлээнэ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд чанартай бүтээгдэхүүн боловсруулаад гаргана гэхээр бирж зайлшгүй шаардлагатай болж байна. Биржийн үйл ажиллагааг амжилттай явуулж, биржээр зарагдсан бараа бүтээгдэхүүний үнэ зах зээл дээр амжилттай байх хэрэгтэй. Хилийн боомтын үнийг аль ч боомтын үнээр зарлаж болно. "Тавантолгой"-н нүүрс дээр жишээ авахад л Ганц модны боомтын үнэ бол олон улсын үнэ. Хөнгөлөлт, эрх зүйн зохицуулалт, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэж чадвал аль ч боомтын өрсөлдөх чадвартай үнээр зарлаж болно. Ганц мод, Сэхээ гээд аль ч боомтоор үнийг цаашид зарлаж болно.

Есдүгээр сард Засгийн газрын хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдах тодорхой шийд гараагүй байсан. Одоо хэрэв шийдэгдээд явбал ажлын хэсэг дээр дээрх өөрчлөлтийг оруулаад явна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-УИХ-ын намрын чуулганы хаалтаар маш сайн хууль орж ирж байна. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зохицуулалт. Сүүлийн 30 жилд ямар үнээр нүүрс, зэс борлуулж байсан талаар мэдээлэл, ойлголт бидэнд байхгүй. Хоёрдугаарт, борлуулалтаа хийж чаддаг эсэх нь тодорхойгүй. 2021 оны 9.2 сая тэрбум доллар, үүний 8.6 тэрбум доллар нь эрдэс баялаг байна. Эдгээрээс 70 хувийг нь төрийн өмчит байгууллагууд хийсэн байгаа юм. Тэгэхээр төрийн өмчит байгууллагын хараат бус байдал болоод биржийн асуудал яригдах нь гарцаагүй. Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг маш томоор тэлж боловсрол, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэж улс орон хөгждөг. Гэтэл Монгол Улс давуу тал болсон уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Бирж байгуулахад 35.5 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн байна. Энэ зардлыг хаанаас гаргах вэ, бизнес төлөвлөгөө гарсан уу? "Оюутолгой" компанийн үйлдвэр Монгол-Хятадын хил хүргэх ёстой байтал бүр цааш нь хүргэж байна. Энэ тал дээр хэчнээн төгрөгийн зардал гаргаж байгаа вэ? Биржийн хууль гарснаар "Оюутолгой"-н луйврууд зогсох уу? Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээ бий. Гэтэл эрх зүйн зохицуулалт бүрдээгүй л байна. Монгол Улсад хөдөө аж ахуйн бирж гэж байгуулагдаад дампуурсан. Эдгээр биржээс ямар сургамж авсан бэ? Судалгаанд биржийг төрийн өмчийн компани байх үндэслэлийг тусгаагүй байсан. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Уул уурхайн баялгаар хагартлаа баяжсан хүн олон бий. Тиймээс энэ асуудлыг биржээр цэгцлэх нь зүйтэй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Жижиг зах зээлтэй, уул уурхайгаас хэт хамааралтай улсын хувьд биржийн үйл ажиллагаа тогтворжих хүртэл төрийн өмчит байх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь хатуу бодлоготой урд хөрштэй харьцаж байна. Мөн төрийн өмчит компаниудыг оруулж байгаа учраас төр эхний ээлжид биржийг хариуцна.

"Оюутолгой"-н үйлдвэр есөн жил ажиллаж байна. Экспорт болоод зэсийн баяжмалыг борлуулж байгаа үнэ ханш бол хаалттай байдаг. "Оюутолгой"-н хувьд уурхайгаас Гашуунсухайт хүртэл нэг тоннд 17 ам.доллар төлж байна. Баяжмалыг Гашуунсухайт хүргэхэд мөн нэмж 18 ам.доллар төлж байгаа юм. Тэгэхээр олон улс болон дэлхийн худалдааны байгууллагын гаргасан заалтын дагуу тухайн улс орны талд хийгдэж байгаа тээвэрлэлтийн зардлыг тухайн улс төлнө.

Жилд 30-аад сая ам.долларын илүү зардал гаргаж байна гэсэн тоо бий. Олон улсын лабораторийн шинжилгээний дүнгээр эцсийн төлбөр тооцоог хийдэг. Тиймээс Монголын талд 34 хувийн эзэмшил байгаа "Оюутолгой"-н бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах нь ашигтай гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Монгол Улсад лаборатори байгаа ч гадаадын лабораториор баталгаажуулдаг. Тиймээс бирж зайлшгүй шаардлагатай. Түүнээс эзэнгүй мал шиг байж болохгүй.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Бирж дээр ирээдүйн худалдааны зах зээл яригдаж байна. Энэ бол 100 жилийн дараах асуудал. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн асуулт байна. Нэгдүгээрт, зах зээлийн үйл ажиллагааг хуулиар хэрхэн зохицуулах вэ? Хоёрдугаарт, томоохон арилжаанууд хийгдэх нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байна вэ. Олборлогч, эцсийн хэрэглэгч хоёроос гадна үнийн хэлбэлзэл дээр, хоёр өөр биржийн үнийн зөрүү дээр тоглодог тоглолт явагддаг. Тэгэхээр үнийг хэрхэн хянах вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Түүхий эдийн эдийн засгийн зах зээлийн хөдөлгөөн маш том. Тиймээс биржээ бойжих хүртэл төрийн бодлогоор зохицуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хятад улсад түүхий эдийн зах зээлийн хөдөлгөөнийг л атгаж чадвал тухайн улс орныг атгаж чадахаар байгаа юм. Биржийн бүтэц, төлбөр тооцооны системийн хувьд дотоодын үнэт цаасны компаниудаар явагдахаар байна. Энэ тал дээр хөрөнгийн биржийг дагаад нэлээд тогтсон гэж харж байна.

Хуулийн төсөл дотор гурван гол гэрээ бий. Эхний ээлжид бирж байгуулагдахад нөөцийн худалдан авалтын төлөвлөгөөний дагуу худалдан авалтыг хийж болно. Энэ бол нээлттэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Бирж дээр ямар ямар бүтээгдэхүүн оруулах вэ? ФАТФ-аас шалтгаалж гаднаас мөнгө оруулж ирэхэд Монгол Улсад төвөгтэй байна. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийх вэ? Хувь хүн арилжаанд оролцох бараг боломжгүй. Тэгэхлээр заавал аж ахуйн нэгжээр бирж дээр арилжаа хийгдэнэ гэсэн үг. Бүртгэлийн асуудлыг цахимаар хэрхэн зохицуулах, ямар боломж байгааг судалсан уу? Гадаадад хийсэн экспортоос хэчнээн төгрөгийн татварын алдагдал хүлээсэн бэ? Бирж дээр худалдаа монгол төгрөгөөр үү, эсвэл валютаар явах уу? Аль нэг хөрөнгийн биржээр давхар борлуулагдах эсэхийг хэлж өгнө үү?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Үндсэн долоон нэр төрөл буюу зэс, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, алт, цайр, жонш зэрэг бүх бүтээгдэхүүн биржээр худалдаалагдах боломжтой. Биржийн арилжаанд брокерууд болон хуулийн этгээд оролцоно гэж хуульд тусгасан. Салбар дамжих болон брокероор дамжих боломжтой гэж заасан. Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан нэгжүүд дамжуулж ажиллана гэсэн үг.

Нүүрс, төмрийн үнийн хувьд биржийн хуулийн төслийг ярьж эхлэхэд судалгаа хийсэн. Тухайнд үед 1, 2, 3 дугаар сарын үнийг харахад тонн тутамд нүүрс 20 ам.долларын алдагдалтай байсан бол зах зээлийн өсөлт уурхайн амны үнэ 5-7 ам.доллараар өссөн. Хэрэв 20 сая тонноор бодвол 400 сая ам.долларыг алдаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Заавал төрийн оролцоот бирж гэж байгаа нь хувийн хэвшлүүдэд саад тотгор болж магадгүй гэж харж байна. Нэг тонн тутамд ойролцоогоор 50 ам.доллар алдаад байна гэж байна шүү дээ. Тэгвэл олон улсын биржийн арилжааны үнэд хэдий хугацааны дараа хүргэхээр зорьж байгаа вэ? Мөн биржийн зохицуулалтыг хуульд хэрхэн тусгаж өгсөн бэ? Тэгэхгүй бол хөдөө аж ахуйн бирж одоо дунд нь ямар ч зохицуулалтгүй болоод байна. Технологид суурилсан биржүүд хууль эрхзүйн зохицуулалт байхгүй ч гэсэн олон улсад арилжаа хийгдээд л явна. Тэгэхээр хуульд нарийн тусгаж өгвөл алсын хараа сайн байна гэж харна. Олон улсын биржийн эрхзүйн орчноос Монгол Улсад ирээдүйд гарах өөрчлөлт өөр өөр бий.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-5, 7 жилийн дараах нөөцийг худалдаж авъя гэвэл асуудалгүй. Учир нь ордуудын дунд болон урт хугацааны төлөвлөгөө гарсан байгаа учраас энэ бол нээлттэй. Олон улсад зөвшөөрөгдөх үнэ гэдэг дээр хэлсэн. Чингэлэг тээвэрлэлтийн терминал дээр хийгдсэн үнэ эхний ээлжид туршилтын журмаар хийгдсэн. Яагаад өнөөдөр Гашуунсухайт дээр терминал хийгдсэн бэ гэхээр Covid-19-өөс хамааралтай. Тиймээс хямд үнээр хийгдэж байна. Ойрын хугацаанд үнэ бол өсөөд, тогтворжоод явна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хөдөө аж ахуйн бирж дээр алдсан алдаагаа дахин давтаж болохгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр зарах боломж гарч байна. Замын-Үүд дээр яригдаад байгаа С зөвшөөрөл болон логистикийн асуудлууд яригдана. Банк, санхүүгийн байгууллага дээр шинэчлэлтүүд хийгдэнэ гээд олон өөрчлөлт энэ биржийн тусламжтайгаар орно.

13 : 23
2022-1-18

Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж, 2005 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын эзлэх хувийн жин 20 гаруй хувьд хүрсэн.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг бүрдүүлж буйн хувьд энэ салбар нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болж байна. Энэ ч агуулгаар уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал юм.

Монгол Улс дэлхийд дээгүүрт орох ашигт малтмалын баялаг нөөцтэй бөгөөд нүүрс, зэс, молибден, алт, хайлуур жонш, газрын тос зэрэг 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын нөөцтэй. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд дараах хүндрэлүүд тулгарч байна. Үүнд:

• Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр

• Уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.

• Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байна.

• Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна.

Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшнаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулсан. Дээрх дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ. Мөн биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болох юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжихийн зэрэгцээ татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж онцлов.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөр:

-Уул урхайн бүтээгдэхүүний борлуулалтын биржээс зарлах үнийг хэрхэн тогтоох вэ. Хуурамч гэрээ хийгдэхээс яаж сэргийлэх вэ?

Монголын экспортлогчдын холбооны тэргүүн, доктор профессор Д.Галсандорж:

-Монгол Улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй холбоотой асуудал урт хугацааны бодлого, салбарын бодлогын баримт бичигт тусгагдсан хэдий ч бодит байдалд үйл явц ил тод, тодорхой, нээлттэй биш, хамрах хүрээ хязгаарлагдмал, харилцан үр ашигтай байхаар тодорхой хуульчлагдаагүй. Тиймдээ ч уул уурхайн салбарт хамгийн хүндрэлтэй асуудал нь уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа.

Үүн дээр бид маш их алдаж байна. Тухайлбал, зэс дээр гэхэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Японы зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн холбоодын хооронд гэрээ хийсэн. Мөн Австрали, Германы хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэртэй хийсэн гэрээнд дүгнэлт хийх боломжтой. Японы далайн эргээс Хятадын далайн боомт хүртэлх тээврийн зардал 30 ам.доллар, Хятадын далайн боомтоос Замын-Үүд Эрээн хүртэлх тээврийн зардал 42 ам.доллар байна. Хамгийн гол нь гэрээ хийхэд зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх зардал, хорогдол, төлбөрийг аль сард төлөх зэрэг гурван гол шаардлага бий.  Үүнийг тохироход арилжааны компани, гадаадын худалдан авагч нарын үгээр шахуу явдаг. Тиймээс биржийн дэргэд үнийн хороо байна. Үнийн хороо тухайн экспортын барааны үнийг өнгөрсөн 3-5 жилийн үнийг судалж, цаашдын прогнозын үнэ дээр суурилан худалдан авагч, худалдагч хоёрын үнийн саналыг үндэслэн биржийн үнийн хорооноос үнэ тогтооно. Өрсөлдөөний зарчмаар аль болохор өндөр үнээр борлуулна. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж зах зээлийн судалгаа хийнэ. Улмаар зах зээлийн судалгааны сан байгуулна. Гадаадын биржүүдтэй хамтарч ажиллана.

Тухайлбал, нэг компанийн хамаарал бүхий хоёр компани хоёр тал болж нэг нь худалдагч нөгөө тал нь худалдан авагч болж орж ирэхээс сэргийлсэн заалт бий. Жишиг үнийн хувьд бүх зах зээлийн түүхэн үнэ болон прогнозын судалгаа дээр тогтоно. Хэрэв худалдагч, худалдан авагч тал хоорондын тохирсон үнэ нь жишиг үнээс таван хувь доош  унавал биржийн худалдааг зогсоох заалт олон улсад мөрдөгддөг.  Биржээс зарлаж байгаа жишиг үнээс хэт бага байх нь худалдааг ямар учраас ийм бага үнээр тогтоох болсон бэ гэдгийг хяналтын алба бирж дээр ажиллаж тогтооно.

12 : 38
2022-1-18

"Зарим Элчин сайдын яаманд гадаад хэлтэй хүн байхгүй"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Гадаад харилцааны сайдаас асууя. Улсын төсвөөс гадаад харилцааны салбарт, ялангуяа дипломат байгууллагуудад жилд хэчнээн төгрөг зарцуулдаг вэ. Зарцуулж байгаа мөнгө, гарч байгаа үр дүн нь хэр байна. Элчин сайд нарын ажлыг ямар үзүүлэлтээр дүгнэдэг юм. Үзүүлэлтүүд хэр зэрэг үндэслэлтэй вэ. Нийтлэг байдлаар нь харахад Монгол Улсаас гадаадад суугаа дипломат жижүүр болчхоод байна л даа. Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа гурван жилийн дараа ямар үр дүн гаргах вэ?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Гадаад харилцааны яам 47 дипломат төлөөлөгчийн газартай. Үүнээс 32 нь Элчин сайдын яам байдаг. Энэ жилийн хувьд 92 тэрбум төгрөгийн зардал гаргана. Өнгөрсөн жил 83 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Жилийн дунджаар тооцоод үзэхэд жилд гаргасан зардлаасаа дор хаяж 5 дахин илүү зээл тусламж олж ирдэг. Дипломатуудад зарцуулдаг зардал ажилтнуудын цалингийн хувьд дэлхийн дунджаас дор хаяж 40 хувиар бага цалинтай ажилладаг. Ажил үүргийн хувьд маш цөөхөн бүрэлдэхүүнээр багагүй ажил амжуулдаг. Өнгөрсөн жил вакцины татан авалт, ховор эмийн татан авалт дээр 26 сая ам.доллар улсын төсвөөс хэмнэсэн. Элчин сайд нарын мэдлэг харилцан адилгүй, улс төрийн олон томилгоо хийгдсэн. Үүнийг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жилээс эхлэн шинээр томилогдсон Элчин сайд нарын шалгуурыг өндөрсгөж, нэг бүрчлэн гэрээ хийсэн. Улс орондоо ямар зээл тусламж татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн. Элчин сайд нарын ажлыг дүгнэх боломж нээгдэж байна.

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа:

-Швейцарын Холбооны Улстай хийсэн гадаад худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 1.7 тэрбум ам.доллар байна. Үүнээс экспорт 1.6 тэрбум ам.доллар байна. Үүний ихэнх хувийг алт эзэлж байна. Импортийн хэмжээ 35.1 сая ам.доллар. Би хэрэв Элчин сайдаар томилогдвол гадаад худалдааны эргэлтийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана. Өнөөдрийн байдлаар Швейцарын Холбооны Улсын 72 компанийн хөрөнгө оруулалт Монголд бүртгэгдээд байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд мөн анхаарна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Нэр дэвшигч Э.Сарантогос, Д.Гэрэлмаа нарт хэлэх үг алга. Мэргэжилтнээс газрын дарга хүртэл 20 гаруй жил ажилласан хүмүүстэй юу ярих вэ. Шатлан дэвших зарчмаараа явж байна. Хариуцсан ажлынхаа хүрээнд томилгоо нь хийгдэж байна. Нэр дэвшигч П.Сэргэлэн аж ахуйн эдийн засгийн чиглэлээр явсан учраас нүдээ олсон зөв томилгоо байна. Нэр шигээ сэргэлэн яваарай гэж хэлье.

Гадаад харилцааны сайдаас асууя. Дотоод хяналт шалгалт хэрхэн хийгддэг вэ. Гаднын орнуудад гомдол гаргах журмыг цахимд ил байршуулсан байдаг. Манай төрийн байгууллагууд иргэний өргөдөл гомдлын асуудлыг шийдвэрлэх аргаа өөрчилмөөр байна. Хүний эрх, авлигатай тэмцэх асуудлыг их ярьж байна. Элчин сайдын яамны дор ажилладаг хүмүүс буюу улстөрчдийн шахааны хүмүүсийг иргэд шүүмжилдэг. Гадаад харилцааны яамны үе дамжсан хүмүүсийн лоббигоор орсон олон төрлийн эрээвэр хураавар гадаад хэлтэй, хэлгүй хүмүүс цугалчихсан. Зарим Элчин сайдын яаманд гадаад хэлтэй хүн байхгүй. Иргэдийн өргөдөл, гомдлоо цахимд бичихэд тэрийг нь Гадаад харилцааны яам, Элчин сайдын яам хардаг болмоор байна. Өмнөх парламент иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэг өргөдлийн байнгын хороотой байсан. Татан буулгасан.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Гадаад харилцааны яаманд дотоод хяналт шалгалт хийдэг үнэлгээний газар бий. 47 дипломат төлөөлөгчийн газарт тогтсон хуваарь журмын дагуу хяналт хийдэг. Иргэдээс өргөдөл гомдол ихээр ирдэг. Ихэвчлэн консулын үйлчилгээтэй холбоотой гомдол ирдэг. Гомдол, саналын барагдуултал 95-аас дээш хувьтай байдаг. Элчин сайдын яамд ажилчдын тоо болон бусад асуудлаас шалтгаалж иргэдийг хүлээж авах цагийн хуваарь янз бүр байдаг байсан. Үүнийг ажлын өдрүүдэд хүссэн цагтаа ирэхэд нь хүлээж авахаар өөрчлөлт оруулсан. Иргэдийн гомдлыг төв дээр хянаад багцалж, долоо хоногийн тойм мэдээллээр хариултыг нь өгдөг хэлбэрт шилжсэн.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Нэр дэвшигчдийг зарчмын хувьд дэмжиж байна. БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогосоос асууя. БНСУ-д олон монголчууд ажиллаж амьдардаг. Асуудал үүсэхээр Элчин сайдын яаманд ханддаг. Сөүл дэх Элчин сайдын яамны улаан байшин дотор 7-8 хүн ажилладаг юм байна лээ. Намайг өмнө нь очиход тэр дунд Элчин сайд болон угтах ажилтан хоёр Солонгос хэлтэй байсан. Таныг очиход зөвлөх гурван хүн чинь солонгос хэлгүй шүү. Нэг хүнээр хөтлүүлж ажлаа хийдэг баг бүрэлдэхүүн тэнд ажиллаж байна. Элчин сайдын яам ингэтлээ чадваргүй болсон байна. Эгүүлэн татагдаж байгаа Н.Эрдэнэтуяа солонгос хэл соёлыг бүрэн мэддэг боловсролтой, иргэдийнхээ ахуй амьдрал руу орж ажилладаг хүн байна лээ. Шинээр томилогдох Элчин сайд Солонгос хэлний мэдлэг хэр вэ. Бас нэг хүнээр хөтлүүлээд ажил хийх юм уу. Тэнд англиар лав ярихгүй. Кувейт Улсад Элчин сайд З.Чинтүшиг хэлээр нь ярьчихдаг. Чадвартай сайд байсан. Та нар эгүүлэн татагдсан сайд нараас илүү сайн ажиллах ёстой шүү.

БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос:

-Би япон, орос, англи хэлтэй. Нэмж солонгос хэл сурна гэж бодож байна.

БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос, Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа нарыг Элчин сайдаар томилохыг гишүүдийн олонх дэмжив.
10 : 50
2022-1-18

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. Шинээр томилогдох гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байв. Тодруулбал:

БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажиллаж буй. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд орж ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцаж байжээ.

Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн 2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, "Уяач сайд" хэмээн дуудуулж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлний мэдлэгтэй.

Нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Мэргэжлийн туршлагатай хүмүүс орж иржээ. Дэмжиж байна. Та нар ямар арга барилаар ажиллах вэ?

БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос:

-Хэрэв би Элчин сайдаар томилогдвол Экзим банкны шугамаар Монголд хэрэгжиж байгаа зээлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн

-Кувейт Улс Монголд багагүй зээл тусламж үзүүлдэг. Үндсэндээ 78 сая ам.долларын зээл, 17 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Түлэнхийн төвийн барилгын санхүүжилт болох 8 сая ам.долларын асуудлыг шийдсэн. Барилгын ажил үргэлжилж байна. Цаашдаа тус улсын өндөр технологид залуусаа суралцуулах шаардлагатай байна. Хэрэв би Элчин сайдаар томилогдвол өнөөдөр ажиллаж байгаа Элчин сайдтай хамтран ажиллаж төлөвлөгөө гаргана. Хоёр орны худалдааны эргэлт, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарна.

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа:

-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх зэрэгт анхаарч ажиллана. Швейцарын Холбооны Улсын нийслэлд олон улсын 39 байгууллага байдаг. Уг байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд өргөх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллана. Мөн тэрбум мод тарихад олон улсын байгууллагын дэмжлэгийг авна. Швейцарын Холбооны Улсад Монгол Улсын 2000 орчим иргэн бий. Эдгээр иргэдийн эрхийг хамгаалж, санал гомдлыг шуурхай шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн яаж хамгаалах ёстой вэ. Өнгөрсөн хугацаанд гарсан тохиолдлуудаас харахад мэдээллийг урьдчилан авах талаар сургалт авах нь зөв байх. Энэ чиглэлээр ажиллах чадвар дутагдаж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Таны ярьсан зүйлтэй санал нийлж байна. Асуудал гарахаар араас нь хөөцөлддөг асуудал дээрээ дүгнэлт судалгаа хийж үзсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Консулын асуудал хариуцсан боловсон хүчин дээрээ анхаараагүй явж ирсэн. Маш цөөхөн хүн Консулын үйлчилгээ үзүүлдэг. Элчин сайдын яамдад 1-2 хүн иргэдтэй харьцдаг. Иргэдтэй харьцаж байгаа хүмүүс Гадаад харилцааны яамнаас биш, бусад байгууллагуудаас томилогддог. Тиймээс энэ жилээс эхлэн монгол иргэд олноор амьдардаг улс орнуудад Консулын хэлтэс шинээр байгуулж, зарим газарт орон тоо нэмнэ.

БНСУ-д амьдардаг 42 мянган монгол иргэний асуудлыг хоёр хүн хариуцдаг байсан. Зарим улсад монгол иргэн бага оршин суудаг мөртлөө нэг консулын ажилтан байдаг. Сургалт хийж, хүнтэй ажиллах арга барилыг нь сайжруулна. Өнгөрсөн жилээс эхлэн шинээр томилогдож байгаа бүх шатны дипломат ажилчдад иргэдтэй харьцах асуудлаар сургалт хийж, даалгавар өгсөн. Бид Элчин сайд нарын ажлыг хагас жил тутамд байгуулсан гэрээнийхээ дагуу дүгнэж, гүйцэтгэл гаргаж Засгийн газарт тайлагнах горимд шилжсэн.

10 : 46
2022-1-18

“Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмыг мөрдөх хугацааг тусгажээ. Журмын төслүүдэд дараах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна. Үүнд:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн нэгжийн иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах, иргэдийн саналын авах, дүнг мэдээлэх үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар,

2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар,

3. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмын төслөөр Зөвлөл нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлын талаар зэрэг болно гэдгийг онцолжээ.

Зарчмын зөрүүтэй санал хурааж дуусаад “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

10 : 22
2022-1-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнийн өсөлт тэдэнд хүнд цохилт болж байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна.

Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү  хууль батлагдсанаар тэтгэвэр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ.

Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна. Богд Зонхова бурхны цогцолборын тал мөнгө шүү дээ. МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн.

Цалин өндөр авдаг хүмүүст 1200 төгрөгөөр зарагддаг талх 1500 болох асуудал биш. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна. Засгийн газар Цагаан сараас өмнө ахмадуудын тэтгэврийг нэмэх тухай чиглэл өгсөн. Засгийн газар санаачлага гаргасанд талархаж байна. Гэхдээ тэтгэврийг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцсэнгүй. Энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхгүй бол ахмадуудтай хамтран тэмцэнэ.

Хоёрдугаарт, миний бие болон А.Адъяасүрэн, Ц.Туваан нар Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах "Тэтгэврийн доод индексжүүлэх хууль"-ийн төслийг өнөөдөр өргөн барьсан. Засгийн газар, Монголбанк хариуцлаггүй ажиллаж инфляци өсгөх юм бол тэтгэвэр нэмэгдүүлнэ” гэж онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийгмийн бодлогын байнгын хороо болон Засгийн газрын холбогдох агентлагууд тэтгэвэр нэмэх талаар судалгаа хийж байна. Та үүн дээр попрох шаардлагагүй” гэлээ.

09 : 40
2022-1-18

УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ

 Чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж