Наймаачид болон галт тэргээ санаж "эзгүйрсэн" Замын-Үүд

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Наймаачид болон галт тэргээ санаж "эзгүйрсэн" Замын-Үүд

Наймаачид болон галт тэргээ санаж "эзгүйрсэн" Замын-Үүд

Цагтаа түм түжигнэж, бум бужигнаж байсан Монголын үүдэн өртөө Замын-Үүд өдгөө нам жим болжээ. Ургах нарантай уралдан Улаанбаатараас ирэх суудлын галт тэрэгний чимээгээр Борхойн тал сэрж, олны хөлд дарагддаг байлаа. Эрээн рүү эрт гарах гэсэн “УАЗ 469” машины жолооч нар өртөөний вокзал дээр ангаа хүлээх анчин мэт хэдэн наймаачныг отож, харуулддаг байсан нь саяхан. Харин одоо вокзал хоосорчээ.

Замын-Үүд суманд 12-15 мянган жолооч хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг гэх тооцоо бий. Хил хаагдсаны улмаас хувиараа тээвэрлэлт эрхэлдэг байсан  “УАЗ 469” машины жолооч нарын зарим нь ачааны том тэрэг худалдан авч, хот хоорондын ачаа тээвэр, каргод явж, зарим нь аль нэг тээврийн компани бараадах болсон байна

Жолооч  Болд /нэрийг нь өөрчлөв/ есдүгээр ангиа төгсөөд, аавыгаа даган бидний хэлж заншсанаар “69” машинаар Эрээн-Замын-Үүд хооронд тээвэр хийх болсон аж. Тэрбээр “Манай хэдэн жолооч нар их ч юм үзэж байна. Анх Хятадын талаас “469”-өөр ачаа тээвэр хийлгэхгүй, зөвхөн зорчигч тээвэрлэж болно гэж шаардсан. Шаардлагыг нь ч бид биелүүлээд дуугүй явдаг байлаа. Их хүнд сурталтай байсан шүү дээ. Манай төр засаг ямар жолооч нарынхаа талд зогсч, үгийг нь сонсох биш. Гэтэл энэ гайтай өвчин гарч, хил хаачихсан. Ингээд “469”-өөр тээвэр хийх боломжгүй болсон доо. Би гэхэд одоо хүний том тэрэг барьж, каргод явж байна. Уг нь  “УАЗ 469” машинаа микроавтобус болгож, томруулах санаа байсан юм” гэв.

Түүний хэлснээр ачааны том тэргээр тээвэр хийх, каргод явах нь өдгөө Монголд хамгийн ашигтай бизнес болсон гэнэ. Хувийн ачааны тэргээрээ тээвэрт явбал 10 сая хүртэл төгрөгийн ашиг олох боломжтой бол хүний ачааны тэрэг барьж, тээвэрт явбал нэг рейс хийхдээ 400-500 мянган төгрөг, зарим нь нэг сая төгрөг авдаг аж.

Саяхан Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу ачаа, барааг тээвэрлэхдээ иргэн, аж ахуй эрхлэгчид тээврийн үнийг бодит зардалд тулгуурлан тогтоох, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар хоорондоо үгсэн тохиролцож тогтоохгүй байхыг анхааруулж, Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага гарчээ.

Хил хаагдаж, зорчигч тээврийн галт тэрэг Замын-Үүд рүү явахаа больсноор бизнес эрхлэгчид хүнд байдалд оржээ. Вокзал дээр найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг худалдагч ярихдаа “Урьд нь зургаа, долоон цаг гэхэд вокзал дээр битүү машин ирээд, хүнээ авах гээд зогсчихдог байлаа. Вагон ирлээ бол олны хөлд дарагддаг байсан. Тэр үед  сайхан байж дээ. Худалдан авалт ихтэй, барааны татан авалтаа байнга хийдэг байсан. Манай вокзалын дэлгүүрүүд, хоолны газруудын орлого, үйлчлүүлэгч эрс багассан нь үнэн. Уг нь цагаан сар гээд өдийд наймаачдын ид оволздог үе шүү дээ” гэлээ.

Вокзал дээр үйл ажиллагаа явуулдаг байсан зарим дэлгүүр, зоогийн газрууд, жижиглэнгийн худалдааны мухлагууд хаагджээ.

Хил хаагдаж, галт тэрэгний зорчигч тээвэр зогссоноос гадна Замын-Үүдэд хэрэгжүүлж буй төр, засгийн арга хэмжээ иргэд, худалдаа эрхлэгчдийг бухимдуулж байна. Хэдийгээр зөвхөн боомтын бүсэд онц дэглэм тогтоосон гэх боловч сумын аж амьдралд нөлөөлж, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож, аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарьт хатуу хяналт, хязгаарлалт тогтоосон гэнэ.

Оны өмнөхөн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг иргэдэд үйлчилж эхэлсэн боловч энэ сарын 13-ны өдрөөс дахин зогсоожээ. Үүний улмаас хот хоорондын таксины үнэ нэмэгдэж, мөнгөнд “шунасан” жолооч нар холын замд уралддаг болсныг нутгийн иргэд хэллээ. Такси, тээврийн том машин ялгаагүй тэр техникийн бүрэн байдлаа сайн шалгадаггүй, хангадаггүй болохыг жолооч нар, зорчигчид хэлсэн юм. Орой үдшээр гэрлээ шилжүүлдэггүй, хол ойрын гэрэл нь бүрэн асдаггүй, хурц, тод нэмэлт гэрэлтүүлэг тавьдаг, хурд хэтрүүлдэг гэх зэрэг зөрчил орон нутгийн замд ихээр гардаг ажээ.

Цагаан сар дөхөж байгаа энэ үед Замын-Үүд сум Эрээнийг зорих наймаачдын хөлд дарагдаж, "Гурвын хаалт" дээр хил нэвтрэх гэсэн "УАЗ-469" машинууд зүү орох зайгүй шахам шахалдаж, мөргөлддөг байлаа. Ердөө гуравхан жилийн өмнө тийм байсан гэхэд итгэхэд бэрх. Өдгөө сумын төв эзгүйрч, чөлөөт бүсийн татваргүй барааны дэлгүүр л хүн ихтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж