Элчин сайдын томилгоог үндсэндээ гурван субъект дамжин шийдвэрлэдэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын таалалд нийцэж байж Элчин сайдаар томилогдох "виз" даруулдаг. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр (2022.01.17) Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гурван сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Шинээр томилогдох гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайд асан байв.
Уг зөвшилцөх саналд:
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилохоор болжээ.
- Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
- Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томилохоор дэмжжээ.
Шинээр томилогдох Элчин сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.
Э.САРАНТОГОС ГХЯ-НД 20 ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛАСАН ТУРШЛАГАТАЙ
БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Э.Сарантогос нь 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын даргаар ажиллаж буй. Япон, орос, англи хэлний мэдлэгтэй. Тэрбээр 1997 онд Гадаад харилцааны яаманд орж ажилласнаас хойш ихэвчлэн Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцаж байжээ. Токио дахь Элчин сайдын яаманд долоон жил ажиллаж, соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай дипломатч.
Түүний товч намтар
- 1975 онд Улаанбаатар хотод төрсөн
- 1992-1997 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль (олон улсын харилцааны бакалавр),
- 2000-2002 онд Японы Васедагийн Их сургууль (олон улсын харилцааны магистр),
- 2009-2010 онд Австралийн Аделайдын Их сургууль (олон улсын эдийн засгийн харилцааны магистр),
- 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
- 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
- 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
- 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал
- 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал
- 2017 оноос ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.
ХХААХҮ-ИЙН САЙД АСАН П.СЭРГЭЛЭН
Кувейт Улсад Элчин сайдаар суухаар нэр дэвшсэн П.Сэргэлэн нь 2016 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдож байсан. Сайд болсноос хойш хэвлэлээр багагүй шүүмжлүүлж, "Уяач сайд" хэмээн дуудуулж байв. Тэрбээр багш, санхүүч мэргэжилтэй бөгөөд орос, англи хэлтэй.
П.Сэргэлэн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ монгол морийг Гиннест бүртгүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байжээ.
Түүний товч намтар
- 1971 онд Улаанбаатар хотноо төрсөн.
- Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
- “Ноён сүлд” группийн зөвлөх.
- "Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,
- Залуучуудын "Алтан соёмбо" нийгэмлэгийн тэргүүн,
- Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо Дарь Эхийн сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
- МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,
- Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан.
ГХЯ-НЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ Д.ГЭРЭЛМАА
Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшээд байгаа Д.Гэрэлмаа Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлын албан тушаалтай. Тэрбээр олон жил Гадаад харилцааны яаманд ажиллаж буй, франц, англи, орос хэлний мэдлэгтэй.
Түүний товч намтар
- 1976 онд Улаанбаатар хотод төрсөн
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх Лицей дунд сургууль
- 1998 онд Монгол Улсын Их сургууль, олон улсын харилцааны мэргэжилтэн, франц судлал
- 2000 онд Франц Улсын Засаг захиргааны дээд сургууль
- 2001 онд Шинэ Зеланд Улсын Веллингтоны их сургууль,
- 2009 онд Туркийн дипломатын академид мэргэжил дээшлүүлсэн,
- 1998 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн,
- 2000-2002 онд Гадаад харилцааны яамны Европын газрын атташе,
- 2003-2007 онд Парис дахь ЭСЯ, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,
- 2007-2011 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
- 2011-2014 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
- 2014-2018 онд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал,
- 2018 оны 11 дүгээр сараас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал.
Холбоотой мэдээ