Хууль зөрчсөн ломбардуудад албан шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн ломбардуудад албан шаардлага хүргүүлжээ

Хууль зөрчсөн ломбардуудад албан шаардлага хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ломбардуудад шалгалт хийжээ. Агентлагийн даргын 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 01/03 дугаартай удирдамжийн дагуу иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Энэхүү шалгалтыг Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилготойгоор хийжээ.

Хяналт, шалгалтад нийт 16 барьцаалан зээлдүүлэх газар хамрагдсанаас хоёр аж ахуйн нэгж буюу 12.5 хувь нь хуулийн хэрэгжилтийг хангаж, үлдсэн 14 аж ахуйн нэгж буюу 87.5 хувь нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.

Тиймээс зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчдэд хуулийг хэрэгжүүлж ажиллах хугацаатай албан шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийн бүртгэлийн чиглэлээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг хасуулах зэрэг арга хэмжээ авч ажиллах аж.

Түүнчлэн тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан улсын байцаагчийн албан шаардлага, зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж буй юм байна.

Албан бус тоогоор Монгол Улсад 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 300 орчим нь хаалгаа барьжээ.

Түр хуулиар 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ломбардын хүүг гурван хувь, алдангийг өдөрт 0.2 хувь болгож, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн. Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэгчид дээрх хуулийг Үндсэн хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, ШӨХТГ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж, хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж