Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг улсын болон хувийн эмнэлгээс хөнгөлөлттэй үнээр авахын тулд эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэвч иргэд даатгалаа ашиглахаас ашиглахгүй нь их. Одоогоос хоёр жилийн өмнө нэг иргэн жилд ЭМД-аар хоёр хүртэлх сая төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хязгааргүй болж өөрчлөгдсөн. Энэ хүрээнд зарим иргэн зайлшгүй шаардлагаар өндөр өртөг бүхий мэс засалд ордог. Энэ тохиолдолд даатгалаас 75 хувийг нь гаргаж, иргэн өөрөө 25 хувийн төлбөр төлдөг билээ. Харин зарим мэс заслын төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлж эхэлснээр оочер эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, өвдөг, түнхний мэс заслаас эхлээд өндөр өртөгтэй хэд хэдэн хагалгааны төлбөрийг 100 хувь ЭМД-аас олгодог болжээ.
ТӨРӨЛХИЙН ГАЖИГ БОЛОН БУСАД ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХАГАЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ЭМДС БҮРЭН САНХҮҮЖҮҮЛНЭ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ 2021 онд “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоол гаргажээ. Тус тогтоолоор ЭМД-аас бүрэн буюу 100 хувь хөнгөлөх эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэн гаргасан байна. Үүнд:
-Төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гаас гарахаар болсон. Тухайлбал, зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМДС-гаас гурав хүртэлх сая төгрөг олгож байсан бол шинэ тогтоолоор тохиолдол бүрд найман сая төгрөгийн санхүүжилт гаргах юм. Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлнэ. Үүнээс гадна өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдолд 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр тус шинжилгээг хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргах болсон байна.
Амбулаторид хийгдэх мэс ажилбарууд, шүд амны хөндийн тусламж үйлчилгээний багц, хяналтын үзлэгийн багц, жирэмслэлттэй холбоотой багцыг ЭМДС-гаас санхүүжүүлэх бөгөөд амбулаторийн үзлэг, тусламж үйлчилгээний үед даатгуулагчаас төлбөр авахгүй аж.
2021 ОНООС ДААТГУУЛАГЧИД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ МӨРДӨХГҮЙ БОЛСОН
Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд хэдэн төгрөгийн ямар ямар тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдсэн талаар ЭМДЕГ-аас тодрууллаа.
-ЭМДС-гаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөж байна уу?
-2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс ЭМДС-гаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхгүй болсон. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМДС-гаас төлүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг.
2020 оны наймдугаар сард ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Шинэчилсэн тогтоолоор өндөр өртөг бүхий найман шинжилгээ, оношилгоо багтсан. Өмнө нь өндөр өртөгтэй хэрэгслийг санхүүжүүлж ажиллаж байсан бол одоо оношилгоо, шинжилгээний багцыг санхүүжүүлж байна. Нийт есөн төрлийн оношилгоо, 130 гаруй төрлийн шинжилгээ багтсан. Мөн өндөр өртөг бүхий мэс заслуудын жагсаалт болон төлбөрийн санхүүжилтийг гаргасан.
-Даатгалаар хөнгөлж байгаа өндөр өртөгтэй оношилгооны багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өндөр өртөгтэй оношилгоо хийлгэх иргэд даатгалын сангаас 70 хувь, хувиасаа 30 хувийг төлөх зохицуулалттай. MRI оношилгооны тухайд нийт өртөг 350 мянган төгрөг байгаагаас иргэд 105 мянган төгрөг төлнө. Харин томограф оношилгоонд 120 мянган төгрөг байхаар тооцоолж, иргэн 36 мянган төгрөгийг төлөх боломжтой болсон. Харин мэс заслын хувьд оношоос шалтгаалж өөр өөр төлбөртэй байна. Иргэдэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламжийн зардал, хөнгөлөлтөөс гадна иргэдийг хамгийн их санхүүгийн эрсдэлд оруулдаг харвалт, шигдээс, хавдар, түлэгдэлт, төрөлтийн гажиг, төрөх эмэгтэйчүүд зэрэг оношоор эмнэлэгт хэвтвэл 100 хувь ЭМДС-гаас даахаар болсон гэв.
Өндөр өртөг бүхий мэс засалд орох иргэдийн оочер багадаа 1-2 сар дээд тал нь гурав хүртэлх жил хүлээгдэж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар бид ГССҮТ, УНТЭ, УХТЭ-ээс тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоол гарч, зарим мэс заслын төлбөрийг ЭМДС-гаас 100 хувь хариуцах болсон. Мэс засал үнэ төлбөргүй болсноос хойш эмнэлэгт тухайн онош, шалтгаанаар хандах, мэс засалд орох хүсэлтэй хүний тоо эрс ихэссэн. Өмнө нь иргэн өөрөө хагалгааны зардлын 25 хувь буюу нэг хүртэлх сая төгрөгийг гаргадаг байсан. Гэхдээ зөвхөн өндөр өртөгт хагалгаанд орох тохиолдолд гэсэн үг. Түүнээс бусад мэс заслын хувьд хувь хүнээс зардал гаргахгүй хийгдэх нь их.
Оочер ихэсч байгаатай холбоотойгоор хагалгаанд орох хүсэлтэй хүмүүст үзлэг, оношилгоо хийгээд, эрүүл мэндийн байдлаар нь эрэмбэлэж байна. Covid-19-тэй холбоотойгоор зарим төлөвлөгөөт мэс заслын хуваарьт өөрчлөлт орсон. Тиймээс товлолт хугацааны хувьд мэс заслууд харилцан адилгүй байна гэх хариултыг өндөр өртөг бүхий мэс засал хийдэг улсын эмнэлгүүдээс өглөө.
Өндөр өртөг бүхий мэс заслуудыг дараах улсын эмнэлгүүд хийж байгаа юм. Үүнд:
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг;
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг;
- Улсын гуравдугаар төв эмнэлэг;
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв;
- Хавдар судлалын үндэсний төв;
- Гэмтэл согог судлалын үндэсний төв гэсэн төрийн өмчийн 6 эмнэлэг багтаж байна.
Холбоотой мэдээ