Хятад улс өвлийн олимпийг зорин ирэх мянга мянган зочноо хүлээн авахад бэлдэж буй энэ цаг үед омикрон вирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор олон сая иргэн нь хөл хорионд ороод байна. Тодруулбал, Бээжингийн олимп болон омикроны сорилттой тулгараад буй Хятад улс өнгөрсөн долоо хоногт Бээжинтэй зэргэлдээх томоохон хотууд руу нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлажээ. Covid-19 анх дэгдсэн цагаас хойш Хятадын эрх баригчид Бээжинг засгийн газар, улстөрчдийн суугуул нутаг гэдэг утгаар нь онцгойлон хамгаалсаар ирсэн. Гэвч гуравхан долоо хоногийн дараа Бээжингийн олимп нээлтээ хийдгийн даваан дээр байдал хурцдаж эхлэв.
Тяньжин нь вирусийн тохиолдол бүрийг хянах бодлогын хүрээнд засгийн газраас хөл хорио тогтоож, бусад хязгаарлалт тавьдаг томоохон хотуудын нэг юм. Тус хот 14 сая хүн амтай, боомт болон үйлдвэрлэлийн төв цэг билээ. Гэтэл олимп зохион байгуулагдах Бээжин хоттой хамгийн ойрхон гэж хэлж болох Тяньжинд халдварын дэгдэлт гарсан нь сэтгэл түгшээсэн асуудал болов. Түүний улмаас Пүрэв гаригт галт тэрэг, такси, автобусаар хотоос гарах үйлчилгээг зогсоов.
Үүнээс өмнө агаарын тээвэр болон өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээг зогсоож, хурдны замуудыг хаагаад байсан юм. Мөн хотоос гарахын тулд шинжилгээ өгч, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсон. Өнгөрсөн долоо хоногт Тяньжины бүх иргэнийг хоёр дахь удаагаа шинжилгээнд хамруулав. Засгийн газраас иргэддээ шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байхыг уриалсан. Одоогоор хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл ачсан ачааны машинуудыг Тяньжин руу нэвтрүүлж байгаа аж.
Үүнээс гадна баруун зүгийн Шиань хотыг оролцуулаад 20 сая гаруй хүн хөл хоригдсон байдалтай байна. Зарим газруудад гэрээс гарах хүртэл хориотой байгаа аж. Иргэдийг олноор нь шинжилгээнд хамруулах, цахим тандалт хийх зэрэг арга хэмжээнүүдийн үр дүнд өнөөдрийг хүртэл вирусийн тархалтыг даамжрахаас сэргийлжээ. Одоогийн байдлаар тус улсад вакцинжуулалтын түвшин 85 хувьтай байна. Хятадын нэгэн адил “Covid-19-ийг тэглэх” бодлого баримталж асан зарим улс орнууд явц дундаа шийдвэрээ өөрчилж, оронд нь вирустэйгээ зохицон амьдрахыг илүүд үзэх болжээ.
Хятад улсын хувьд “Covid-19-ийг тэглэх” бодлого баримталсан хэвээр байгаа хэдий ч омикрон нь өмнөх хувилбаруудаа бодвол халдварлах чадвар өндөр, вакцинд тэсвэртэй зэргээс шалтгаалаад бодлогын хэрэгжилт улам саадтай болж эхлэв. Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо төдийлөн буурахгүй байгаагаас харахад өвлийн олимп үзэхээр хилийн чанадаас зорин ирэх олон мянган үзэгчээ хүлээн авч чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Covid-19 цар тахал анх эхэлснээс хойш нийт 104379 тохиолдол бүртгэгдэж, 4636 хүн нас барсан. Нэг үе Хятад харьцангуй ногоон бүс болоод байсан учир энэ тоо хэдэн сар хөдлөөгүй. Гэтэл халдварын шинэ давлагаа эхэлснээр өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригийн байдлаар дотоодын халдвар 124 болжээ. Үүнээс 76 нь Хэнань муж, 41 нь Тяньжин хотод байна.
Токиогийн зуны олимпийн үеэр Японд дельта хувилбар ид тархаад байсныг та бид санаж буй. Тухайн үед Олимпийн наадамтай холбоотойгоор авсан арга хэмжээнүүд нь тун үр дүнтэй байсан гэдгийг Токиогийн бодлогын судалгааны сан, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Кэнжи Шибүяа хэлсэн.
Бээжингийн дүрэм журам Токиогийнхоос ч илүү хатуу байх бололтой. Олимпод оролцож буй тамирчид, сэтгүүлчид, ажилтнууд, албан тушаалтнуудыг гадаад ертөнцтэй харилцахаас урьдчилан сэргийлэх зорилготой “хаалттай” системээр энэ наадам зохион байгуулагдана.
Токиод авч байсан арга хэмжээнүүдээс дурдья. Олимпийн хотхон дотор хүмүүс зочид буудал болон тэмцээн болох газрууд хооронд тусгай тээврийн хэрэгслээр зорчино. Хэрвээ олимпийн хотхоноос гарсан тохиолдолд гурван долоо хоногийн турш хорио цээрийн дэглэмд хамрагдана. Мөн тусгай тээврийн хэрэгслээр зорчиж явсан баг тамирчидтай энгийн иргэд таарсан тохиолдолд харилцахгүй байхаар зохицуулсан.
Гэхдээ Бээжингийн олимпийн хувьд Токиог бодвол нөхцөл байдал ялгаатай. Омикрон нь дельтагаас халдварлах чадвараараа 3-4 дахин илүү. Омикроны тархалтыг хянах бараг боломжгүй гэж Токиогийн их сургуулийн вирус судлаач Кэй Сайто хэлжээ. Цаашилбал, Хятадын хүн амын дунд вирусийн тархалт харьцангуй бага байгаа нь өмнөх халдвараас үүссэн эсрэг биетээс хамааралгүй, зөвхөн вакцинтай л холбоотой гэж Энэтхэгийн дархлаа судлаач, доктор Винета Бал хэлэв. Тиймээс омикроны эсрэг биет бидний биед үүссэн гэх нотолгоо байхгүй гэж хэлж болно. Хятадын хэрэглэж буй дотоодын үйлдвэрийн вакцинууд “Pfizer”, “Moderna” гэсэн бусад орнуудын вакцинтай харьцуулахад үр дүн багатай гэж үздэг.
Нийт 14 сая хүн амтай Шиань хот болон Хэнань мужид хязгаарлалт тогтоосны улмаас иргэд нь хоол хүнсний хомсдолд орсон тухай бид өмнө мэдээлсэн. Түүнчлэн Шинжаан Уйгурын шашны цөөнхийн эсрэг хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр АНУ тэргүүтэй орнууд дипломат бойкот зарлаад буй. Эдгээр сорилтуудыг үл харгалзан Хятад улс “Covid-19-ийг тэглэх” бодлогоо тууштай баримталсаар, өвлийн олимпоо ч зохион байгуулна гэсэн итгэл дүүрэн байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдэл хийхдээ “Дэлхий Хятад руу анхаарлаа хандуулж байна. Тэгвэл Хятад бэлэн байна” гэжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT