Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвөөс Монгол Улс Covid-19-тэй иргэнийг Солонгос руу нисэхийг зөвшөөрсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн иргэнийг Солонгост тусгаарлаад байгаа бөгөөд баталгаажуулах шинжилгээгээр ч хариу нь эерэг гарсан байна. Эерэг хариутай хүн яагаад нислэгээр зорчсон болон хяналт шалгалт яагаад тавиагүйг холбогдох газруудаас тодрууллаа.
Нэгдүгээр сарын нислэгийн хуваариас харвал 2022 оны нэгдүгээр сарын 14-нд БНСУ-руу "МИАТ" компанийн нислэг хийсэн байна. Тиймээс "МИАТ" ХК-тай холбогдож асуухад “Цахим орчинд мэдээлэл гарсан байсан. Бидний зүгээс холбогдох хүмүүсээс тодруулж байж бодит мэдээллийг өгнө. Хилийн хяналт шалгалтыг Covid-19-тэй холбоотойгоор чангатгасан энэ нөхцөлд эерэг шинжилгээний хариутай хүн нислэгт хамрагдах боломжгүй” гэсэн юм. Харин хилийн хяналт тухайн үед суларсан уу, шалгалтыг зохих журмын дагуу хийсэн эсэх болон шинжилгээний хариуг шалгаагүйг УОК-ын шуурхай штабаас асуулаа.
Шуурхай штабаас өгсөн мэдээллээр хилийн хяналтыг зохих журмын дагуу хийж байгаа. Цахим орчинд гарсан мэдээлэл одоогоор манайд ирээгүй. Нисэх дээр холбогдох мэргэжилтнүүдээс гадна гадаадаас ирж буй иргэдээс шинжилгээ авах баг ч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Эерэг хариутай хүн гадаад руу нисэх боломжгүй. Шинжилгээний хариуг заавал шалгаж байж онгоцонд суулгаж байгаа гэв.
Тэгвэл яагаад шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн Солонгост очсон талаар мэдээллийг Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төв мэдээлэв. Ийнхүү хариуцах аль аль нэгж нь хяналт шалгалтын талаар мэдээлэлгүйгээс харвал хилийн хяналт, тандалт сул байгаа нь тодорхой байна.
Тухайн иргэн өөрөө англи хэлгүй бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг мэдээгүй гэжээ. Мөн шинжилгээ авсан эмнэлэг болоод нисэх дээр ч тус хариуг нь нягталж, хянаагүй байна. Тухайн иргэнийг нисэх онгоцны буудал дээр түр хугацаанд тусгаарлаж дахин шинжилгээ авсанаар хариу нь тийнхүү батлагджээ.
Өмнөд Солонгосын хил дээр PCR шинжилгээний хариу эерэг гарсан учир хилээр оруулахгүй татгалзаж, нэгдүгээр сарын 16-ны онгоцоор эргээд "Монгол руу яв" гэсэн хариу өгсөн ч зорчигчидтой хамт нисгэх боломжгүй болжээ. Тиймээс тусгаарлах байранд тухайн иргэнийг шилжүүлжээ.
Холбоотой мэдээ