Туркийн баруун хэсгийн бүс нутгуудад тэмээ барилдуулдаг уламжлалтай. Уг фестиваль нь жил бүр олон мянган жуулчны анхаарлыг татсаар ирсэн. Нөгөөтэйгүүр, фестивалийн үеэр тэмээ гэмтэж бэртдэг гэх амьтны эрх хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд байна.
40 дэх удаагийн олон улсын тэмээний барилдааныг өчигдөр Измир мужийн Селкук хотод зохион байгуулжээ. Хүзүү болон бөхөндөө янз бүрийн хээ хатгамалан чимэглэлтэй, спорт эмээл, гоёлын өмсгөлтэй 152 тэмээ уг барилдаанд оролцсон байна. Мөн аливаа гэмтэл бэртлээс сэргийлж тэмээнүүдэд хошуувч зүүдэг ажээ.
Үзэгчид өндөрлөг газарт зассан ширээнд сууж, тэмээний барилдаан сонирхонгоо мах шарж идэх зэргээр зугаацдаг байна.
Амьтны эрхийн холбооны Измир дахь төлөөлөгч Гулгун Хамамчиоглу уг фестивалийг гэмт хэрэг гэж шүүмжлэв. Тэрбээр “Амьд амьтад хоорондоо зодолдож, шархдаж, үхэж ч мэдэхээр байна. Хүмүүс үүнийг нь таашааж, санхүүгийн ашиг хүртэл олдог. Хүмүүнлэг бус энэ үйлдлээ одоо зогсоо” гэжээ.
Харин тэмээгээ фестивальд оролцуулсан хүмүүс огт өөр байр суурьтай байна. Тухайлбал, “Энэ бол зодоон биш бөх. Яг л хүмүүс хоорондоо барилддагтай адилхан” гэжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ