“Туркойз хилл ресурсес” компанийн хувьцааны 9.3 хувийг эзэмшдэг “Пентвотер капитал менежмент” компани “Рио Тинто” компанид дахин захидал илгээжээ. Захидалд “Туркойз хилл ресурсес”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Монгол Улсын Засгийн газартай адил нөхөн төлбөр авах ёстой гэсэн байна.
Мөн "Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрөө тэглүүлэх саналыг "Рио Тинто” компани хүлээн авсан. Талууд тохиролцоонд хүрсэн ч 2.3 тэрбум ам.долларын өр “тэглэх” нь “Туркойз хилл ресурсес”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдэд санхүүгийн дарамт болж байна" гэж дурджээ.
Жижиг хувьцаа эзэмшигчид санхүүгийн дарамт үүрэхийн оронд нөхөн төлбөр авах эрхтэй гэж удаа дараа мэдэгдэж буй юм. Учир нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, зардал хэтэрсэн явдалд жижиг хувьцаа эзэмшигчид ч ялгаагүй хохирсныг онцолдог. Тиймээс сүүлийн захидалд “Рио Тинто”-ийн ТУЗ-ийн хараат болон хараат бус гишүүдийг энэ асуудалд байр сууриа илэрхийлж, дуугарахыг хүссэн байна.
Жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл өмнө нь хоёр ч удаа “Рио Тинто” компанид захидал хүргүүлж байв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр “Пентвотер капитал менежмент” компани “Рио Тинто”-д захидал хүргүүлсэн билээ.
“Рио Тинто”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Нгари Вудс захидалдаа “Оюутолгой” төслийн далд уурхайн зардлын хэтрэлтэд “Рио Тинто” менежментийн алдаа гаргасан. Гэтэл “Туркойз хилл ресурс” хөрөнгө оруулалтаа нэмэх байдлаар давхар зардал гаргах нь шударга бус” гэж дурдаж байв.
“Пентвотер капитал менежмент” компанийн Гүйцэтгэх захирал мөн “Рио Тинто”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Бен Вяаттад нээлттэй захидал илгээсэн. Тус захидалд “Монгол Улсын Засгийн газрын 1.6 тэрбум ам.долларын өр “Пентвотер капитал менежмент”-д өгөх ёстой өр. Гэтэл үүнийг “тэглэх” шийдвэр гаргасан нь байж болохгүй зүйл" гэж мэдэгдсэн юм.
“Оюутолгой” төслийн далд уурхайн зардлын хэтрэлт “Рио Тинто”-гийн менежментийн алдаанаас үүдэлтэй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Энэ алдааны улмаас “Пентвотер капитал менежмент” 1.6 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлж байгааг эсэргүүцэж байна” гэж бичжээ. Түүгээр ч зогсохгүй “Монгол Улсын Засгийн газар нөхөн төлбөр авч байгаа бол “Пентвотер капитал менежмент” болон “Оюутолгой” төслийн хувьцааг шууд болон шууд бус байдлаар эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох ёстой” гэсэн юм.
Хамгийн сүүлд “Пентвотер капитал менежмент” компанийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр Монголын Засгийн газрын эзэмших хувьд оногдох өрийг тэглэсэнд дургүйцэж буйгаа “Туркойз Хилл”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Питер Гиллин, Гүйцэтгэх захирал Стив Тибо нарт хандаж өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд ил захидлаар илэрхийлсэн билээ.
Тэрбээр захидалдаа “Эрхэм ноён Тибо, ноён Гиллин болон ТУЗ-ийн бусад гишүүдэд: “Рио Тинто” Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг буруу удирдаж, түүнийгээ нуун далдлах оролдлого хийсэн. Гэтэл та бүхэн үүний улмаас Монголын Засгийн газрын 2.3 тэрбум ам.долларын өрийг авахгүй гэж төлөвлөж байгаагаа олон нийтэд мэдэгдлээ. “Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид яг адилхан “Рио Тинто”-гийн хохирогч атал Монгол Улс л ийм “хөнгөлөлт” эдэлж байгаа нь ёс зүйгүй явдал юм.
Та бүхэн Монгол Улсаас 2.3 тэрбум ам.доллараа авахгүй гэж буйг өчигдөр мэдлээ. Гэтэл “Рио Тинто”-г “Туркойз Хилл”-д далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болон бусад нөхөн олговор олгохыг зөвшөөрөх хүртэл Монгол Улсын 2.3 тэрбум ам.долларыг тэглэхээс татгалзах эрх та бүхэнд байсан.
“Рио Тинто” нь энэ асуудлаар үргэлжилж буй SEC-ийн мөрдөн байцаалтаас компаниа, гүйцэтгэх захирлаа хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газарт ийм байдлаар маш их хэмжээний нөхөн төлбөр өгч, тэр нь үр дүнгээ өгч байна.
Та бүхэн “Рио Тинто”-гийн халаасанд орсныг би мэдэж байсан. Гэсэн хэдий ч 2.3 тэрбум ам.долларын компанийн хөрөнгийг юу ч биш болгож, бусдад өгнө гэж бодсонгүй. Энэ бол тэнэглэл. Аль эсвэл та бүхэн ингэж “Туркойз Хилл ресурсес”-ийн "Оюутолгой"-н луйвар, буруу менежментэд “Рио Тинто”-гийн хамсаатан байсныг нуун дарагдуулах гэв үү. Гэхдээ та бүхэн ингэснээр итгэлцлийг аймшиггүйгээр зөрчлөө. Үүнээс өөрөөр ойлгох боломжгүй юм. Тийм учраас миний бие та бүхнийг хүн нэг бүрчлэн шүүхэд өгөх болно. Одоо та бүхэн огцрох ёстой. Энэ захидлыг болон үүнд өгөх хариу тайлбараа олон нийтэд ил болгоно уу” гэсэн юм.
“Пентвотер капитал менежмент”-ийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр өнгөрсөн оны наймдугаар сард “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ээс Монголын Засгийн газарт 2.3 тэрбум ам.долларын 70 хувийг тэглэх зэрэг “дөрвөн санал” тавихад мөн л эсэргүүцэж мэдэгдэл хийж байв.