МҮОНРТ-ийн удирдах зөвлөл, Үндэсний зөвлөлийн ажил, тайланг шалгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт нарын таван гишүүн ажиллахаар тогтов.
НЭМЭЛТ:
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:
-МҮОНРТ-ийн ажил урагшлахаа байсан. Бодлого ярихын оронд албан тушаалын томилгоо ярьдаг болсон. Үндэсний зөвлөлийн дарга нь Үндэсний зөвлөлтэйгөө шүүхдээд явж байна. Та нар үүнээсээ ичээч. Хурлаа хийж чадахгүй, ажлаа хийж чадахгүй, гүйцэтгэх удирдлагатайгаа дүрэм, журмын хүрээнд асуудлаа шийдэж чадахгүй, төсвөө баталж чадахгүй больчихсон. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр орж янз бүрийн хов ярьж явахаа гүйцэтгэх зөвлөлийн дарга болиорой.
Хуралдаанд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 13 гишүүнээс зургаан гишүүн нь ирж, бусад долоо нь ирээгүй шалтгааныг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд тодорхой танилцуулаад энэ нь парламентыг үл хүндэтгэсэн хэрэг гэдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ мэдээллийг хойшлуулах болсныг мэдэгдлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.9-д “Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг анхааруулаад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд зөвлөлийн гишүүдээ 100 хувь бүрдүүлж хуралд ирүүлэх үүрэг өгч, зөвлөлийн гишүүдийн ирц хангалтгүй шалтгаанаас мэдээлэл сонсох асуудал удаа дараа хойшилж байгаад онцгой анхаарах шаардлагатай гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсох ажлын хэсэг байгуулъя. Тайланг бид гар дээрээ авч уншмаар байна. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар тайлан мэдээлэ илтгэл сонсч тодорхой арга хэмжээ авна гэж заасан. Өмнө нь тайлан сонссон болоод өнгөрдөг байсан бол одоо ингэхгүй. МҮОНРТ өөрийн гэсэн бие даасан хуультай. 800 орчим хүн ажилладаг.Үүний 100 гаруй нь удирдах албан тушаалтан. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй. Тэд томилогдохын тулд утас шаттал мессеж бичиж залгадаг. Тэгсэн мөртлөө үйл ажиллагаа нь өнөөдөр ямар түвшинд явж байгааг бүгд мэднэ. Улсын төсвөөс татаас авдаг. Ард иргэдээс хураамж авдаг. Реклам зар сурталчилгаанаас ашиг авдаг. Ийм гурван давхар орлоготой. Тэгсэн мөртлөө олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүс л тус телевизрээр гарч харагддаг. Дотроо ч таарч тохирохгүй. Байнгын хэрүүл, тэмцэлтэй. 80 хүнтэй хувийн телевиз ямар сайн контент нэвтрүүлгүүд хийж байна. Ганцхан рекламныхаа орлогоор үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байна. Харин МҮОНРТ 800 гаруй хүнтэй. Хувийн телевизээс гурав дахин илүү орлого олдог.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Би МҮОНРТ-ийн тухай хуулийг санаачилан батлалцсан гишүүдийн нэг. МҮОНРТ өнөөдөр ийм байдалд хүрсэнд харамсч байна. МҮОНРТ Үндэсний зөвлөл хуралдаж төсвөө баталж чадахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ. УИХ төсөв баталж чадахгүй бол тарах хуультай. Сүүлийн үед МҮОНРТ ийм жишгээр явах ёстой юм байна гэж бодох боллоо. Тиймээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тухай хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулна. Би С.Бямбацогт гишүүний ажлын хэсэг байгуулах саналыг дэмжиж байна. Үүн дээр нэмээд хуулийн асуудлыг нь шийдвэрлэх удирдамж гаргая. Дотроо 3-4 хуваагдсан хүмүүс бидэнд бодит мэдээлэл өгөх нь юу л бол. Тэдний ярьсан зүйлсийн үнэн худлыг нь бид шалгах ёсгүй. Үндэсний зөвлөлийн хэмжээнд шийдэгдээд явчих зүйлийг УИХ-д ярьж тэднийг нь бид хагалдаг байж таарахгүй. Бид ингэж доошоо оролгүйгээр хуулийн дагуу явмаар байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь Ерөнхий захиралтайгаа хамтарч бодлогоо тодорхойлох үүрэгтэй. Түүнээс биш хүмүүсийн халаа сэлгээний асуудал гарах ёсгүй. УИХ-ын гишүүд албан байгууллага дээр очоод “Чи наад хүнээ хал” гэх хуулийн эрхгүй. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл яг үүнтэй. ижилхэн.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОНО
УИХ өнгөрсөн Баасан гаригт /2022.01.14/ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилсон. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11.00 цагт Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсоно.
Дашрамд дурдахад, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "МҮОНРТ дампуурахад маш ойрхон байна. Арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш МҮОНРТ Үндэсний зөвлөлөө хуралдуулж чадахгүй байна. 4-5 удаа хурлаа зарласан ч гишүүд нь зохион байгуулалттайгаар хуралдаа очдоггүй. Ажлаа тасалдаг. Өмнөх удирдлагууд нь шинэ удирдлагаа шүүхэд өгсөн. Үндэсний зөвлөлийн дарга нь ажлаа өгсөн. Шинэ дарга томилогдтол хуучин дарга нь бас шүүхэд хандсан. Яриад байвал энэ мэтээр олон асуудал байна.
МҮОНРТ-ийн удирдлагууд хоёр хуваагдсан. Нэгийгээ магтдаг, эсвэл муулдаг. Сүүлийн 4-5 жилд удирдлагаа огцруулна, солино гэсэн "чөтгөрийн тойрог" шиг байдал МҮОНРТ-д үүрлэсэн. Төсвөө батлах гэхээр Үндэсний зөвлөл нь хуралдаж, төсвийг нь баталж өгдөггүй. Сэтгүүлчид нь гадаадад томилолтоор явах гэхээр мөнгө байдаггүй. Энэ асуудлаа шийдэх хүмүүс албан тушаал яриад, хоёр хэсэг болж хуваагдаад, хоорондоо муудалцаад явж байна" гэдгийг онцолсон удаатай.
Холбоотой мэдээ