Ажилтнуудаа дарамтлах нь зөрчилд тооцогдоно

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Ажилтнуудаа дарамтлах нь зөрчилд тооцогдоно

Ажилтнуудаа дарамтлах нь зөрчилд тооцогдоно

“Амралтын өдрүүдээр ажиллуулдаг. Цаг наргүй ажиллуулчхаад урамшууллын мөнгө илүү цалин огт өгдөггүй. Дутсан, алдагдсан барааны төлбөрийг огт алдаа хийгээгүй ч тухайн ээлжинд гарч буй бүх ажилтнаар хуваан төлүүлэх зэргээр хохироодог” гэж хувийн хэвшилд ажилладаг 36 орчим насны эмэгтэй хэлжээ. Тэрбээр Хүний эрхийн үндэсний комиссынхонд ярьсан нь энэ юм. Түүн шиг илүү цагаар ажилласан ч урамшуулалгүй, хугацаандаа цалингаа авдаггүй, нэмэлт урамшууллаас хасагдаж, загнуулах сэтгэл санаагаар унах  зэрэг ажлын байран дахь хүчирхийлэлд өртөх нь цөөнгүй аж. Хэдий ажилтнууд хүчирхийллийг хүний эрхийн зөрчил гэдгийг мэддэг ч гомдол гаргах нь цөөхөн.

Ердөө гурван хүн тутмын нэг нь л олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах байдлаар аман болон бичгэн хэлбэрээс өөр байдлаар гомдол гаргадаг байна. Хэдий гомдол огт гаргаагүй дотроо л “бухимдаж” яваа ажилтнуудтай харьцуулахад гомдол гаргасан нь цөөхөн. Гэсэн ч тэдний 50 орчим хувь нь “аман” хэлбэрээр, 19.1 хувь нь “бичгээр”, “бусад” хэлбэрээр 36.7 хувь нь гомдол гаргасныг Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаагаар тогтоожээ. Хүний эрхийн үндэсний комиссоос үндэсний хэмжээнд явуулсан уг судалгаанд оролцогчдоос төрийн байгууллагад ажиллагчдын 92.4 хувь нь, хувийн хэвшлийн 88.4 хувь нь гомдол гаргадаггүй болохыг хариулжээ. Ажлын байрны дарамт хүчирхийллийн тухай гомдол гаргах нь Улаанбаатарт орон нутагтай харьцуулахад маш бага. Энэ төрлийн дарамттай холбогдуулан орон нутагт 11.7 хувь нь гомдол гаргасан байдаг бол нийслэлд 7.6 хувь нь л гомдол гаргажээ.

Хуульч судлаач Н.БААСАНЖАВ: 

-Үндсэн хуульд хүний нэр төр, алдар хүндэд халдахгүй, эрхэм байх ёстой гэсэн зохицуулалт байдаг ч тухайлан заагаагүй. Тухайлбал, хэл амаар доромжлох, загнах  нь зөрчил гэж тусгаагүй учраас ажилтнууд гомдол гаргадаггүй, уг асуудлыг шийдвэрлэдэггүй. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн хуулийн долдугаар зүйлд зөрчил гэж заасан. Уг хуулийн дагуу удирдах албан тушаалтанд хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авна. Хууль батлагдахаас ч өмнө загнаж доромжлохыг зөрчилд тооцож ажлаас халах хүртэл хариуцлага тооцохыг дотоод журамдаа тусгасан албан байгууллагууд ч бий. Гэхдээ хангалтгүй байсныг судалгаагаар харуулж байгаа юм” гэж хэлсэн.

                              ХУВИЙН ХЭВШИЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС ИЛҮҮ "ДАРАМТТАЙ"

Төрийн байгууллагатай харьцуулахад хувийн хэвшилд ажлын байрны хүчирхийлэл, дарамт хоёр хувиар илүү байгаа юм. Энэ төрлийн хүчирхийллийг орчин нөхцөлөөр нь авч үзвэл,

 

ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭЛ АМ, СЭТГЭЛ САНААНЫ, ЭРЧҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТАД ӨРТДӨГ

Ажлын байрны дарамт, хүчирхийллийн судалгаанд нийт төрийн байгууллага, хувийн хэвшил буюу уул уурхай, хөдөө аж ахуйн худалдаа үйлчилгээний салбар, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд зэрэг салбар бүрээс ажил эрхэлж буй 3335 хүн оролцжээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь ажлын байранд хэл амаар доромжлох, сэтгэл санаагаар унагах хүчирхийлэл хамгийн их байдгийг хариулсан байна. Энэ төрлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их өртдөг. Хүйсээр нь авч үзвэл,

 

Харин эрэгтэйчүүдийн хувьд ажлын хандив тусламж цалингаас өгөх, ажлынхантайгаа хамт хооллосон бол хоолны төлбөрийг нь бүрэн хариуцах, бусад асуудалд эмзэг ханддаг болохыг судалгаанд оролцох үеэр хэлжээ. Тэр дундаа албан байгууллагад хандивын мөнгө цуглуулах нь эдийн засгийн дарамт болсныг 40-өөс доош насны эрчүүд судалгаанд оролцохдоо хариулжээ.

Жишээ нь, ажилтны ар гэрийн нэг гишүүн нас барах, тэмдэглэлт баяр, төрсөн өдөр зэрэгт мөнгө цуглуулах эдийн засгийн хувьд дарамттай гэжээ.  Дунджаар 600-800 мянган төгрөгийн цалинтай, төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд 20-50 мянган төгрөг хураах нь өндөр дүн болохыг эрэгтэйчүүд хэлжээ. Үүнээс гадна эрчүүд бусад төрлийн дарамт хүчирхийлэлд өртөж байгааг судалгаанд оролцохдоо хэлжээ.

ШАЛИГ ҮГ ХЭЛЛЭГ Ч БАС ДАРАМТ

КЭЙС: “Сайхан залуу шүү”, “хөөрхөн шүү” гэх мэтээр ажилтнуудыг дууддаг нь огт таалагддаггүй. Өөрөө ч мэдээгүй байхад томилолтоор хамт явах болчихсон байдаг. Эсвэл хамт караоке авч явна гэдэг, татгалзахаар “чи гоё дуулдаг юм чинь” гээд заавал дагуулж авч явдаг, бусад ажилтны дунд тэврэх, хамт дуулах гэж татах зэргээр маш эвгүй байдалд оруулдаг. Ажилтнуудын дунд эсвэл гэнэт оройн цагаар утсаар залгаад албаны бус зүйл  ярьдаг. Утсаа авахгүй болохоор эхнэр буруу ойлгох гээд гэр бүлд эвгүй уур амьсгал бүрдүүлдэг. Үйлдэл бүр нь намайг эргүүлээд байгаа нь илт байдаг ч эмэгтэй хүн, удирдах ажилтан учир яаж ч чаддаггүй. Иймэрхүү зүйлс гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх гээд байдаг гэж Банк санхүүгийн байгууллагад ажилладаг 30-36 насны эрэгтэй хэлсэн байна.

Гэхдээ ажлын байранд эдийн засгийн болон бусад дарамтаас илүү хэл амаар доромжлох, загнах нь  маш их байдгийг ажилтнууд хэлжээ. Энэ төрлийн хүчирхийлэлд өртдөг тухай судалгаанд оролцогчдын 40 хувь нь “тийм” гэж хариулсан байна.  Ажлын байрны дарамт илэрч буй хэлбэрүүдээс авч үзвэл,

  • Хэл амаар доромжлох-49.3 хувь
  • Бие махбодийн 8.7
  • Сэтгэл санааны -37.5 хувь
  • Эдийн засгийн 16.2 хувь

Төрийн байгууллагатай харьцуулахад хувийн хэвшилд ажлын байрны дарамт 9.2 хувиас илүү байгаа юм.

  • Орон нутагт 36.6 хувь
  • Улаанбаатарт 45.8 хувь
  • Хувийн сектор 41.1 хувь
  • Төрийн байгууллага 40.3 хувь
  • Эрэгтэй-39 хувь
  • Эмэгтэй 42 хувь

Нөгөө талд ажлын байранд удирдах албан тушаалтнууд “хүчирхийлэгч” байх нь нийтлэг. Ялангуяа эмэгтэйчүүд ажилтнуудаа хамгийн их дарамт учруулж хүчирхийлэл үйлддэг болохыг судалгаа харуулж байгаа юм.  Мөн хувийн хэвшил төрийн байгууллагыг ардаа орхижээ.

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН

  • Улаанбаатар-54.3 хувь
  • Орон нутаг-45.7 хувь
  • Төрийн байгууллага-49.8 хувь
  • Хувийн сектор-50.2
  • Эрэгтэй-33.8 хувь
  • Эмэгтэй -65.9 хувь

АЖИЛТАН

  • Улаанбаатар- 50.9 хувь
  • Орон нутаг- 49.1
  • Төрийн байгууллага-45.8 хувь
  • Хувийн сектор- 54.2 хувь
  • Эрэгтэй-27.8 хувь
  • Эмэгтэй -72.2 хувь

Гэхдээ удирдах албан тушаалтнуудын тухайд хүчирхийлэл үйлдэж байгаагаа мэдээгүй нь ч байдаг. Өөрөөр хэлбэл,  загнаж, хэл амаар доромжилж байгаагаа удирдах арга барил гэж ойлгох нь эндүүрэл юм. Энэ тухай хуульч, судлаач Н.Баасанжав “Ажлын байрны дарамт хэзээ ч хамаагүй болдог нь зан төлөв болтол түгээмэл болсон. Удирдах албан тушаалтан айж санаа зоволгүй бусдын дэргэд ч тухайн ажилтныг загнаж, хэл амаар доромжилдог. Мөн бусад хүмүүс ч шаардлага тавьж хориглодоггүй шүгэл үлээдэггүй нь удирдах албан тушаалтныг өөгшүүлэх хандлагатай болгож хэзээ ч хамаагүй хүчирхийлэл үйлдэгдэж байгаа юм. Гэхдээ нэг хэсэг нь дарамт хүчирхийлэл үйлдэж байгаагаа мэддэггүй, ойлгодоггүй. Загнаж байгаагаа дарамт учруулж байгаагаа мэдэхгүй удирдах арга гэж ойлгодог. Гэтэл нөгөө хүнд буруу гэж хэлэхгүй, үйлдлээр илэрхийлэхэд хариу үйлдлийг нь ойлгодоггүй. Нөгөө талд, ажилтнууд гомдол гаргах нь маш хангалтгүй байна. Яагаад гэхээр ямар хариу арга хэмжээ авахаа мэдэхгүй аль эсвэл гомдол гаргасан ч үр дүнгүй гэж үздэгтэй холбоотой. Харин хамгийн их гомдол гаргадаг нь ажлын байрны бэлгийн дарамт болон биемахбодийн дарамт хүчирхийлэл. Энэ нь хамгийн өндөртөө 17 хувьтай байхад сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд өртсөн нь хоёр хувьтай байгаа юм” гэлээ.

Тэгвэл удирдах албан тушаалтан ажилтнуудаа дарамталж буруугаар удирдахыг олон улсад “Bossing” гэж нэрлэдэг.

Хэрэв ажлын байран дээр хэл амаар загнаж доромжлуулах ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн тохиолдолд удирдах албан тушаалтантай ойлголцохгүй тохиолдолд дээд албан тушаалтанд хандах, үйлдвэрчний эвлэл болон холбогдох байгууллагад гомдол гаргахыг судлаач нар зөвлөжээ. Энэ нь хамгийн үр дүнтэй арга гэнэ.

Мөн ажлын байран дээр дээрх тохиолдолд хариу арга хэмжээ авах  ажилтан байх ёстойг ч зөвлөж байгаа юм.  Гэхдээ ажил олгогч болон ажилтнуудын хүчирхийллийн тухай ойлголт хангалтгүй байгаа аж.

АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНУУДАД АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТЫН  ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.СҮНЖИД: 

-Ажлын байрны дарамт хүчирхийллийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын долдугаар зүйл дээр ялгаварлан гадуурхалт гэдгийг нарийвчлан зааж, наймдугаар зүйл дээр ажлын байрны дарамтыг шинээр зохицуулж, оруулсан. Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар байгааг үндэсний хэмжээнд судаллаа. Өмнө нь ХЭҮК-оос хийсэн судалгаанууд нь төрийн албан хаагчид дунд тодорхой зорилттойгоор хийгддэг байсан. Харин дээрх судалгаа нь анх удаа үндэсний хэмжээнд хийгдэж байгаагаараа онцлог. Судалгааны үр дүнг харвал ажил олгогч болон ажилтнуудын дарамт хүчирхийллийн талаарх ойлголт хангалтгүй байна. Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуульд гурван зүйлийг хатуу хориглоно.

  • Бие махбод, эрүүл мэндэд хохирол учруулж болохгүй
  • Сэтгэл санаа, нэр төрийг доромжилж гутааж болохгүй
  • Ажлын байрны бэлгийн дарамт учруулж болохгүй

Ажил олгогчийн хүлээж буй бас нэг үүрэг нь хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээндээ энэ талаарх хориглосон зохицуулалтыг нарийвчлан заах, үүгээр зогсохгүй энэ талын гомдол гарвал хаана хандах нэгжийг нь тодорхой заах ёстой. Хэрэв дотоод журамдаа тусгаагүй бол аж ахуйн нэгж байгууллагууд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ" гэсэн юм.

Хүний эрхийн үндэсний комиссын дээр судалгаагаар ажлын байранд загнаж доромжлох хүчирхийллээс гадна бие махбодийн хүчирхийлэл нь маш бага хувийг эзэлж байгаа ч эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, баар, ресторанд хамгийн их гардаг байна. Эерэг мэдээ нь, ажлын байран дахь бэлгийн дарамт 2020 онтой харьцуулахад буурчээ. Үүнийг олон нийтэд хангалттай мэдээлэл хүрсний үр дүн гэж судлаачид үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж