“Овог нэршил цус ойртолтоос сэргийлэх боломжгүй болсон"

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

“Овог нэршил цус ойртолтоос сэргийлэх боломжгүй болсон"

“Овог нэршил цус ойртолтоос сэргийлэх боломжгүй болсон"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг эцэслэн баталсан. Энэ сэдвээр, тогтоолын төслийг санаачлагч,  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-Цус ойртолтын талаарх хийсэн тооцоо судалгаа бий юу. Цус ойртолтыг гүнзгийрүүлэхгүйн тулд цаашид ямар алхам хийх ёстой юм бэ. Тогтоолын төсөл батлагдсанаар цус ойртолтоос бүрэн сэргийлж чадна гэж үү?

-Юуны өмнө удмын сангийн асуудлыг ярихаас өмнө нэг зүйлийг тодотгож хэлье. Би өөрөө энэ чиглэлээр мэргэшсэн хүн биш. Гэхдээ манайдаа цөөхөн байдаг хүний генетикийн судлаачид, эрдэмтдийн олон жилийн судалгааны ажлыг, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмжийг төрийн бодлого болгох гэж хууль санаачлагчийн хувиар ажиллаж байгаа. Манайд хүн судлал, генетикийн чиглэлээр мэргэшсэн судлаачид маш цөөхөн, хуруу дарам. Энэ бодлогыг анх гаргах санаачлагыг тэр дундаа дэвшүүлсэн хүн бол хэдхэн жилийн өмнө бурхан болсон, хүний генетикийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Батсуурь байсан. Цаашид бид энэ салбарыг хөгжүүлэх,  мэргэжлийн боловсон хүчнээ бодлогоор бэлдэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Асуултанд чинь хариулахад,төрийн түвшинд бодлого гаргахгүй бол цус ойртолт гэдэг бол чимээгүй тахал болсон байна. Манай мэргэжлийн судлаач, эрдэмтэд шууд болон шууд бус алсуур цус ойртолтын түвшинд түүвэрчилсэн байдлаар судалгаа хийсэн байсан. Судалгаанаас үзэхэд алсуур цус ойртолт улсын хэмжээд дунджаар 0.2-оос 0.8 хувиар өсч байна. Тэгэхээр улсын дундаж 0.6 хувьтай гарч байна. Энэ бол 2005-2016 он буюу нийтдээ 10 жилийн хугацаанд хийсэн судалгаанаас харахад бүх улсын төвшинд хоёроос найман хувиар өссөн гэсэн үг.

Мөн гэр бүл бололтыг судлаачид судалж үзэхэд хөдөө баг хороон дотроо гэрлэх үзэгдэл 85.4 хувь, сум дотроо гэрлэж байгаа нь 73.9 хувьтай, аймаг дотроо гэрлэж байгаа нь 86.1 хувьтай байна. Тэгэхээр чимээгүй тахал буюу цус ойртолтын аюулын харанга ойрхон байна гэсэн үг.

Хоёрдугаарт, удмын сангийн аюулгүй байдал бол хүний хөгжил, оюуны чадамжтай шууд хамааралтай асуудал. Бид хүний хөгжлийг анхаарч байж цаашид үндэсний хөгжлийг ярих боломжтой болно.  Бусад өндөр хөгжилтэй улс орны хөгжлийн шалтгаан нь эцсийн дүндээ хүний хөгжилтэй хамааралтай байдаг. Үндэстний хөгжин дэвжихийн үндэс нь хүн буюу хүний хөгжил тэлж байж цаашаа улс орны хөгжлийн асуудал яригдана гэсэн үг. Өнөөдөр яагаад дэлхийн бараг бүх шинэ нээлт, инновацийн шийдлүүдийг Израиль, Япон улсын эрдэмтэн, судлаачид хийж байна. Нобелийн нийт шагналтнуудын 25 хувь нь, дэлхийн шатрын аваргуудын 40 гаруй хувь нь яагаад Израиль улсаас төрж байна.  Энэ бол тухайн улс хүний хөгжлийн бодлогоо дээдэлсний, хүний хөгжлийг хамгаалсаны үр дүн юм. Монгол Улсын хувьд бид удмын сангийн бодлогоо зөв залбал, эрсдлээс хамгаалж чадвал Сингапур, Япон, Израйль гэх мэт улс шиг сэтгэх чадвар өндөртэй, оюуны потенциал сайтай, эрүүл саруул иргэдтэй, өндөр хөгжилтэй улс болох боломжтой. Гэхдээ мэдээж хүний хөгжилд гэр бүлийн хүмүүжил төлөвшил, боловсролын систем тогтолцоо гээд маш олон зүйл нөлөөлж байгаа ч шууд нөлөөлж байгаа хүчин зүйл бол энэ юм.

-Бусад улс оронд цус ойртолтоос сэргийлэх ямар арга хэмжээ авдаг юм бэ. Тогтоолын төсөл батлагдсанаар цус ойртолтоос хамгаалах эрх зүйн орчин бүрдэх үү?

-Дэлхий нийтийн баримталдаг шууд цус ойртолтоос сэргийлэх гурван арга байдаг. Нэгд, овог, нэршилээр зохицуулах. Социализмын дараа бид 1990 оноос овог нэршлээ буцааж сэргээхдээ бүртгэлийг зөв системтэй зохицуулалт хийж чадаагүй. Дээр нь тэрийн үеийн онцлогоос шалтгаалаад Чингис хаанаараа бахархаад дийлэнх нь шинжлэх ухаанд суурилаагүй овог авсан. Одоогоор сая гаруй хүн Боржигин овогтой байна. Ийм байхад овог нэршил биднийг цус ойртолтоос сэргийлэх утга учраа алдсан, өнөөдөр арга хэмжээ авахгүй бол сэргийлэх бус бүүр будлиантуулах хэмжээнд хүрээнд байна.

Хоёр дахь арга нь, угийн бичиг хөтлөлт. 1925 онд нууц тогтоол гарж, монгол хүн бүр угийн бичиг хөтлөх, овог нэршил хэрэглэхийг хориглосон, олон зуун жилийн түүхтэй хүн амын түүхэн архив, бүртгэл устсан. Өнөөдөр манайхны 80 хувь өөрөөсөө дээшээ гурван үеэ ч мэдэхээ больсон. Нийт хүн амын 88.6 хувь нь угийн бичгийг огт хөтөлдөггүй гэсэн судалгаа гарсан байсан. Овог нэршлийг зөв авч явах, угийн бичгийг хөтлөх нь эрүүл саруул удмыг бий болгох, гэрлэж болох эсэхийн хязгаарыг тогтоож өгч байгаа юм.

Гурав дахь нь, дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх төрийн далд бодлого. Социализмын үед бид овог нэршилгүй байсан ч гэсэн төрийн далд бодлого шийдвэрүүдээр цус ойртолтоос сэргийлэх бодлогыг хэрэгжүүлж байсан. Хамгийн энгийн жишээ гэвэл социализмын үед аймаг орон нутагт аравдугаар ангиа зөвхөн аймгийн төвд төгсдөг байсан. Гэтэл одоо Монгол улсын 330 сумын сум болгоны сургууль төгсөх ангиудтай болчлоо. Төгсч буй хүүхдүүдийн 30 гаруй хувь нь сумандаа амьдрахаар үлдлээ гэхэд сум дотроосоо л гэр бүл болох боломжтой болж байна. Ямар нэг байдлаар өөр аймаг сумынхантай уулзах учрах шилжилт хөдөлгөөн одоо байхгүй болчихсон гэсэн үг. Хяналтгүйгээс үүдээд алсуур цус ойртолтын хэмжээ 86 хувьд хүрээд байна.

Дөрөв дэх шинээр бий болж буй арга нь бол лаборатори. Өөрөөр хэлбэл генетикийн шинжлэх ухааны дэвшлийг нэвтрүүлэх шинэлэг, шинжлэх ухаанч шийдэл. Зарим улс оронд төрөл садангийн хүмүүс хоорондоо мэдэхгүйгээр гэр бүл болохоос сэргийлэх үүднээс удам угсааны хамаарлыг тогтоох шинжилгээг гэр бүл болохоосоо өмнө өгөхийг шаарддаг. Манайд гэр бүлийн тухай хуулиар гэр бүл болохдоо ДОХ-ын шинжилгээг шаарддагтай адил хамаатан эсэхээ мэдэх эрхийг нь хосуудад олгодог. Өнөөдөр манайд ийм шинжилгээг хийх стандарт “Bio safety laboratory 3” зэрэглэлийн лаборатори байхгүй. Зөвхөн хүний генитикийн судалгаа, цус ойртолт гэлтгүй хөдөө аж ахуй, анагаах ухаан, эм зүй, хоол хүнс, түүх археологи гээд бусад судалгаа, шинжилгээ, биотехнологи шаарддаг салбар болгоныг хөгжүүлье, шинжлэх ухааныг дэмжие гэвэл бид байгуулах л хэрэгтэй.

Хүнээ хамгаалъя гэж байгаа бол бид хүний эрүүл мэндтэй холбоотой цус ойртолтын оношлогоо, хавдрын генетикийн оношлогоо, удамшлын өвчний оношлогоо, пренатал оношлогоог хийдэг болно. Цаашлаад хоол хүнсний генетикийн судалгаа, амьтан ургамал, бактери вирус гээд биотехнологийг нэвтрүүлэх боломжтой бүх салбарт суурь судалгааг хийдэг болно гэсэн үг.

Өнөөдөр адаглаад, бид манайд байгаа цар тахлын вирус мутацид орсон эсэхийг тогтоох гэж, генийн дараалалыг нь тогтоох гэж сорьцоо гадаадад явуулж байна. Тэгэхээр цаашид шинжлэх ухааны судалгаатайгаар улс орноо хөгжүүлье лаборатори хамгийн чухал нь.

-Алсуур цус ойртолтын хор хөнөөлийн талаар та юуг хэлэх вэ. Цус ойртолтыг нарийвчлан тодорхойлохын тулд бидэнд генетикийн лаборатори байх хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлж байсан?

-Цус ойртолтын судалгааг графикаар авч үзвэл судлаачдын судалгаагаар Монгол Улсын хүн амын өвчлөлийн төрөлтэй зэрэгцэж гарч ирээд буй. Тэгэхээр энэ хоёр шууд урвуу хамааралтай байна уу гэж авч үзээд байна. Тухайлбал, 19 бүлэг өвчин 32 төрлийн хорт хавдраар өвчлөх хүчтэй шугаман хамаарал бий болчхоод байгаа юм.

Энэ юуг хэлээд байна вэ гэхээр хүн амын дунд өвчин эсэргүүцэх, дархлаа сулрах, бие бялдрын хөгжил суларч байгаа гэх мэт асуудлууд үүсч байна. Хорт хавдар гэдэг өвчин нийгэмд энгийн үзэгдэл болчихсон. Энэ өвчнийг тойрч гараагүй айл өрх гэж алга, ялангуяа хөдөө хамгийн их түгээмэл болчхоод байна. Дээр нь өвчин эмгэгээс гадна сэтгэл зүйн эмгэг, сэтгэл зүйн ачаалал ачаалал даах чадвар суларч байгаа үзэгдэл ч мөн цус ойртолттой холбогдоод байна.

Өнөөдөр тоо судалгаанаас харахад, Монгол Улсад тусгай хэрэгцээт 110 мянга гаруй хүмүүс байгаагаас 20 мянга гаруй иргэн оюун ухааны хомсдол, сэтгэцийн өвчин буюу цус ойртолтоос хамааралтай байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа. Хэрэв бид орчин үеийн лабораторитой байвал наанадаж урьдчилан сэргийлэх генетикийн оношлогоо, пренатал оношлогоог эхийн гэдсэнд байхад хийх боломжтой болно.

-Монгол хүний удмын аюулгүй байдлын тухай тогтоолын төсөл батлагдлаа. Уг төсөлд зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй айл өрхийн орон сууцны урьдчилгааг төр даана гэсэн заалт тусгагдсан байсныг хэлэлцүүлгийн явцад хассан. Яагаад уг заалтыг оруулахаар болов? 

-Удмын сангийн аюулгүй байдлаа хамгаалах төрийн нэг бодлого бол залуу гэр бүлээ дэмжих. Гэвч тогтоолын төслийн 6.2 дахь заалтыг ийм агуулгаар оруулсан ч хасагдаад ерөнхий туссан. Тухайлбал, зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд орон байр худалдан авахад нь урьдчилгаа төлбөрийг нь төрөөс дэмждэг байх, дээрх чиглэлээр тодорхой бодлого гаргах агуулгатай зүйл заалт байсан юм. Энэхүү заалтыг оруулах болсон үндсэн суурь шалтгаан нь гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих, залуу гэр бүлүүдийн салалтыг зогсооход чиглэсэн байсан. Монгол Улсын хэмжээнд гэр бүл салалт онцгой анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл, 2002 онд гэр бүл салалтын хэмжээ 3.3 хувьтай байсан бол бараг өнөөдрийн байдлаар 23.2 хувьтай болсон байна. Сүүлийн 17 жилийн хугацаанд гэр бүл салалтын хувь хэмжээ геометр прогрессоор хурдтай өсч, долоо дахин нэмэгдсэн байна. Жилдээ 20 мянган хүн гэр бүл болдог. Үүнийг тоймлоод хэлбэл жилд 40 хос гэрлэлтээ бүртгүүллээ гэж бодоход 10 нь салж, сарних ирээдүй хүлээж байгааг судалгаа харуулж байна.

-Гэр бүл салалтын шалтгааныг та бүхэн тогтоолын төсөлтэй холбогдуулан судалж үзэв үү. Залуу гэр бүлийн хувьд яах аргагүй орон байр, эдийн засгийн асуудал “толгойн өвчин” байдаг. Гэхдээ үүнийг салалтын шалтгаан гэж харах нь хэр оновчтой вэ?

-Гэр бүл салалтын суурь шалтгааныг судалж үзэхэд салалтад нөлөөлж буй хоёр том шалтгаан байсан. Үүний нэг нь буюу гэр бүлийн салалтын үндсэн суурь шалтгаан нь буюу бараг 50 хувийг бүрдүүлж байгаа нь гэр бүлийн санхүү, гэр бүлийн анхдагч хэрэгцээ болох орон байрны асуудал. Гэр бүлийн бусад зөрчил маргаан үүсгэгч асуудлууд болох архи, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг зүйлүүд 10-15 хувьд нь нөлөөлдөг гэдгийг судалгаа харуулж байна.

Өнөөдөр магадгүй 23 хувьтай байгаа гэр бүл салалтыг төрөөс анхаарахгүй бодлогоос гадуур орхивол хэсэг хугацааны дараа хоёр дахин нэмэгдээд 50 хувьд хүрвэл яах вэ. Гэр бүлийн салалтын тоо баримт, шалтгаанд байнга дүн шинжилгээ тогтмол хийж, хяналтад төр авах зайлшгүй шаардлагатай.

Мэдээж нэн тэргүүнд бүтэн гэр бүлийг бүрдүүлэхэд гэр бүлийн гишүүд ажилтай, орлоготой байх ёстой. Гэхдээ бид ажил орлого, нийгмийн асуудлыг өргөс авчихсан юм шиг таван жилийн дотор шийдэж чадахгүй. Харин төрийн зүгээс магадгүй, шинээр гэр бүл болж буй, нэг хүүхэдтэй, эсвэл хоёр хүүхэдтэй ч бай гэр бүлийн эдийн засгийн баталгаа болсон орон байрны асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ингэснээр гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох боломж бүрдэнэ гэж харж байна. Яагаад зургаа ба түүнээс дээш гэж тогтоолын төсөлд авч үзсэн юм бэ гэж та асуух байх. Угтаа бол бид Монголын нэг хүүхэдтэй ч айл бай, хоёр хүүхэдтэй ч бай бүх залуу гэр бүлийг дэмжих хэрэгтэй болчхоод байгааг судалгаа харуулж байна.

Нийт айл өрхийг тоогоор авч үзэхэд хүүхэдтэй гэр бүл 517 мянга байгаагийн 250 мянга нь залуу гэр бүл буюу нөгөө салалтын судалгаанд ирээдүйд багтах эрсдэлтэй бүлэг. Харин дээрх айл өрхөөс зургаан болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 3633 байгаа.  Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал хүнд, нийгэм эдийн засгийн хүнд сорилттой жил тулгараад байна, төсөв санхүү хүнд байна. Бид нийтэд нь бүх Монголын 517 мянган өрхийн асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс үе шаттайгаар залуу гэр бүлээ дэмжихийг зорьж байгаа бодлого юм, төсөв санхүүгийн нөхцөлөөс үүдээд ядаж цөөн тооны гэр бүлийн асуудлыг бага боловч шийдэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй 3633 өрхийн орон байрны урьдчилгаа төлбөрийг доод хэмжээгээр нь тооцоод үзвэл нэг жилд улсын төсөвт 60 орчим тэрбум төгрөг тусгагдана.

Нэг удаадаа л тухайн өрхийн эдийн засгийн баталгааг хангах, гэр бүл болох таатай нөхцөлийг бүрдүүлэх, залуу гэр бүлүүдийн салалтыг зогсоох гэсэн үүднээс оруулж ирсэн юм. Монголын нэг ч гэсэн гэр бүл бүтэн байвал тухайн улс орон, үр хүүхдүүдэд оруулж буй том хөрөнгө оруулалт болно.

Улсын эдийн засаг, санхүүгийн нөөц боломж цаашид бүрдвэл Монголын бүх шинэ залуу гэр бүлүүдийн орон байрны хэрэгцээг төрөөс дэмжих, хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх, санхүүгийн дэм болох хэрэгтэй. Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, баялгийн оновчтой зөв хуваарилалт төрийн бодлогын цөм байх ёстой.

-Хэлэлцүүлгийн явцад дээрх заалт хасагдсан. Одоо хэрхэн, ямар байдлаар орж ирж байна вэ?

-Хэлэлцүүлгийн явцад энэ заалт хасагдаж, ерөнхий тойм байдлаар тусгагдсан. Тухайлбал, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан, УИХ-д танилцуулах, байдлаар оруулж ирсэн.

НИЙТ ХҮН АМЫН 88.5 ХУВЬ НЬ УГИЙН БИЧИГ ХӨТӨЛДӨГГҮЙ

-Таны ярьж буйтай санал нэг байна. Бид малын удмын сангаа ярьдаг хэрнээ, хүний удмын сангаа орхидуулсан сул талтай. Тэгэхээр угийн бичиг хөтөлснөөр цус ойртолтоос сэргийлэх хийгээд, үе удмаа мэдэх гарц юм байна гэж ойлголоо?

-Монголчууд малынхаа удмын асуудлаа ярьдаг ч хүний удмын сангийн асуудлыг орхигдуулаад байдаг.  Бид удмын сангийн аюулгүй байдал, хүний хөгжлийг хамгаалах асуудлыг орхиж болохгүй. Эргээд эдгээр асуудал нь хүн, улс орны хөгжил цаашид оршин тогтнох дархлаа, хар хайрцагны бодлого юм.

Жилийн өмнө санаачилсан тогтоолын төсөл маань өнгөрсөн долоо хоногт батлагдлаа. Ингэснээр Монголын төр удмын сан буюу хамгийн чухал асуудлаараа генетикийн судалгааг хөгжүүлэх ОУ-ын стандартны лабориторитой болох, удмын сангийн аюулгүй байдлаа хянах, бодлогын хэрэгжилтийг хангах төрийн  бүтэц, тогтолцоотой болох, аюулгүй байдлаа хамгаалах үндэсний хөтөлбөр, хуультай  болох, дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлогыг төрөөс хэрэгжүүлдэг болох, угийн бичиг, овог нэршлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэчлэх ажлыг цус ойртолтоос сэргийлэх үүднээс хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. УИХ-аас энэ тогтоолоор цаг хугацаатай үүрэг чиглэлийг тодорхой гаргаж өгсөн. Энэ тогтоол бол ирээдүйд монгол хүний хөгжлийг дэмжих, улс орны хөгжлийг тэтгэх, Монгол Улсын удмын сангийн аюулгүй байдал хамгаалах бодлого юм.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Өнгөрсөн онд таны хувьд ямар хуулийн төсөл дээр ажиллав. Танаар овоглох хуулийн төсөл юу байна вэ?

-Өнгөрсөн 2021 онд Боловсролын тухай хуульд боловсролын салбарыг улс төрчдөөс ангид байлгах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Одоо хэлэлцэж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуульд улс төрийн албан тушаалтныг шалгуур, шаардлагатай болгох талаар хуулийн төслйг өргөн барьж хэлэлцүүлж дэмжигдсэн. Тун удахгүй эцэслэн батлах байх, энэ хуулийн төслөөр тухайлбал, тухайн улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудад мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, ёс зүй, хариуцлага, эрүүл мэндийн байдлын шалгуурыг харгалзаж томилдог болно. Монгол улсад нийтдээ 206 мянга орчим төрийн албан хаагчтайгаас  3600 нь улс төрийн албан тушаалтнууд байна. Салбарын сайд, дарга, бүх шатны засаг дарга нар бүгд хамрагдана.

Тэгэхээр Монголын төр толгойноосоо эхлээд “эрүүл” зөв, шалгууртай байх асуудлыг тавьж байгаа юм. Монгол төрийн босго улс төрийн өндөр албан тушаалтнууддаа ч өндөр байх ёстой. Улс төрийн албанд  шинэчлэл хийх, мерит зарчим улстөрчдөд ялгаагүй үйлчилдэг байх, мэргэжлийн сайд, мэргэжлийн засаг төртэй болох шинэчлэл эндээс эхэлнэ.

Мөн 2021 онд Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл батлагдсан. Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байна. Тодруулбал, төрийн болон орон нутгийн хөрөнгийг шамшигдуулдаг, ямар нэг баталгаагүй чанаргүй ажил үйлчилгээ нийлүүлдэг эсвэл алга болдог компаниуд дээр зохицуулалт хийх шаардлагатай байна. Үүн дээр бид даатгалын тогтолцоог оруулж ирэх, төрийн өмч хугацаандаа чанартай баригддаг байх бололцоог бий болгох тал дээр судалгаа хийж буй.

-Цар тахлын хуулийг дахин зургаан  сар сунгалаа. Цар тахлын хуулийг далимдуулаад төрийн албан хаагчид сонгон шалгаруулалтгүй томилогдлоо шүү дээ. Та үүнийг хэр зөв зохистой гэж харж байна вэ?

-Төрийн албыг замхруулж байгаа томилгоог ямар нэг сонгон шалгаруулалтгүй хийж байгаа асуудалд анхаарах ёстой. Хэчнээн цар тахалтай байсан ч гэсэн төрийн албаны хуулийг дагаж мөрдөх ёстой. Ямар нэг дүрэм журам сонгон шалгаруулалтгүй орсон төрийн алба хаагчдаас буцаагаад сонгон шалгаруулалт хийх ёстой. Нийт дүнгээр 2000 гаруй хүн төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилогдож, 700-800 гаруй хүн албан тушаал ахисан байна. Үүнийг бид дүрэм журмынх нь дагуу зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байгаа. Мөн төсөв мөнгөтэй бараа ажил үйлчилгээтэй холбоотой зүйлсийн сонгон шалгаруулалтгүй явуулдагыг дийлэнх гишүүд эсэргүүцэж байгаа.

"ОЮУТОЛГОЙ" КОМПАНИЙГ АШИГТАЙ АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ ГЭДЭГ ШААРДЛАГА ТАВЬСАН

-Оюутолгойн хэлэлцээр амжилттай болж, хөрөнгө оруулагч тал 34 хувийн өрийг тэглэхээр болсон.   Энэ төсөл хэр ашигтай төсөл болсон гэж та үзэж байна вэ. Таныг ТУЗ-д байсан хүний хувьд асууж байгаа юм шүү?

-Би энэ асуудалд эхнээс оролцож явсан, тодорхой мэдлэг мэдээлэлтэй хүнийхээ хувьд хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл Оюутолгой бүтээгдэхүүнээ гаргаж, үйл ажиллагаа явуулаад 10 жил боллоо. Тэгэхээр одоо бол одоо компанийн өр зээлийг нэмэгдүүлэхгүй байх, “Эрдэнэс Оюутолгой”-д өрийн зээл гэдэг юм уу Монгол Улсын Засгийн газарт өр зээл гэхээс илүүтэй энэ компанийг ашигтай ажилуулах шаардлагатай байгаа юм.

2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төсөл бүтээгдэхүүнээ экспортлож эхэлснээс хойш буюу 2013 оноос жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж төслийн мөнгөн урсгал эерэг болох үед буюу 2019 оноос хойш ногдол ашиг авахаар байсан. Ноогдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийтдээ татвар хураамж, ногдол ашгаар нэг тэрбум гаруй доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл Оюутолгой бүтээгдэхүүнээ экспортлож эхлээд есөн жил, ногдол ашиг авах 2019 он өнгөрөөд гурван жил болсон байна. Харин хоёр талын 2009 онд харилцан тохиролцсон гэрээний хэлцэлүүд болон үр өгөөжийн түвшин бодит байдалд хэрэгжсэнгүй. Тэгэхээр Монголын тал хэлэлцээний ширээнд "Рио Тинто" компанид байр сууриа хатуу илэрхийлэхээс өөр гарцгүй.

Эхнээсээ бид төслийг чөлөөт бэлэн мөнгөний урсгалаасаа санхүүжээд явах эдийн засгийн тооцоололд суурилж бид Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж төслийг анх эхлүүлж байсан. “Энүүгээр ээ яваач” гэсэн шаардлагыг тавиад байгаа юм. 2023 оны эхний хагас жилд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусна гэж байгаа бол хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Рио Тинто” компани “бид санхүүгийн чадавхтай, тодорхой заасан хугацаанд хөрөнгө мөнгөө бүтэн бүрдүүлнэ гэж гэрээнд заасан үүрэгтэй. Төсөлд шаардлагатай санхүүжилт гарвал банкнаас хамтарч хүүлэх биш зөвхөн өөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр бүрдүүлнэ” гэдэг заалттай. Тэрийг хэрэгжүүлээч гэж шаардаад байгаа юм. Хөрөнгө оруулагч компани үүргээ биелүүлэхгүй нэмэлтээр банк санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авдаг, зээлийн хүүгийн дарамт үүсгэдэг, эргээд Монголын талд өр ширний асуудал үүсгэдэг санхүүгийн гажууд тогтолцоог болиулах ёстой байгаа.

Үүнийг тогтоолын төсөлд зааж өгч, Засгийн газарт чиг үүрэг өгсөн. Хэлэлцээрээ үргэлжлүүлээд явах ёстой. Бидний үндсэн шаардаж буй асуудал бол төслийн компаниа ашигтай ажлуулья, үр ашиг хүртье, Монгол Улсын Засгийн газар ирээдүйд ногдол ашиг хүртдэг болъё, Монгол Улсын засгийн газар том хэмжээний татвар авдаг болъё асуудлуудыг яриад байгаа юм. Гэтэл өр зээлийн дарамтаас болоод манай татварын өмнөх ашиг ч гэсэн бага болсон. Зөвхөн ногдол ашигт нөлөөлж байгаа асуудал биш, татварт шууд нөлөөлж байна. Одоо бол бид компанийг ашигтай ажиллуулахын тулд хөрөнгө оруулагч тал үүргээ биелүүл, гэрээнд заасны дагуу үйл ажиллагаагаа саадгүй явуул гэдэг зарчмын шаардлага тавьж байгаа. Одоо бид ойлголцох ёстой. Тэрнээс биш хэн нэгэн нь мэдээлэл дутуу,  бие биенээсээ хумсаа нуугаад яваад байж болохгүй гэж хараад байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж