Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа бий. Зэс, нүүрс, газрын тос, алт, төмрийн хүдэр, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгийн нөөц ихтэй, гурван сая гаруйхан хүн амтай улсын нэг сая нь ядуу амьдарч байна гэдэг эмгэнэлтэй. Хэдийгээр Азийн хөгжлийн банк “Монгол Улсад ядуурлыг бууруулах чиглэлд ахиц гарч байна” гэж дүгнэсэн ч ядуусын тоо өндөр хэвээр байна.
Хөдөө орон нутаг дахь ядуурал (30.8%) хотынхоос (27.2%) их байгаа боловч сүүлийн жилүүдэд энэхүү ялгаа үлэмж багасчээ. Азийн хөгжлийн банкны судалгаагаар, хот суурин газар дахь ядуурал улам нэмэгдэж, нийт ядуу иргэдийн 63.5 хувь нь хот суурин газарт, үүнээс 41.8 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаа дүн гарав. Харин Дэлхийн банкны техникийн тусламжтайгаар 2020 оны ядуурлын үр дүнг тооцоолоход, хүн амын ядуурлын түвшин 2020 онд 27.8 хувь болж, 2018 оныхоос 0.6 нэгж хувиар буурч, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч буй аж.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн хэлснээр, ядуурлын түвшинг ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог. 2020 оны байдлаар нэг хүнд ногдох сарын хэрэглээ 184,747 төгрөг байсан, үүнээс доош хэрэглээтэй хүнийг ядуу хүн амд тооцжээ. Өнгөрсөн 2021 оны долдугаар сарын байдлаар амьжиргааны доод түвшний хэмжээ 238.700 төгрөг байв.
Хот суурин газарт 2020 онд 2018 оныхтой харьцуулахад ядуурлын түвшин 0.7, хөдөө орон нутагт 0.3 нэгж хувиар буурсан байна. Нийт ядуу хүн амын 64 хувь нь хот суурин газарт, үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч буй ажээ. Ядуурлыг бууруулах хурд цар тахал гарснаар удааширсан. Хэрэв цар тахал гараагүй бол гурав орчим нэгж хувиар буурах боломжтой байжээ.
Ядуурал нь тэгш бус байдал газар авсны үр дүн билээ. Иргэдийн хөрөнгө, орлогын ялгаа, тэгш бус байдал гүнзгийрэх нь ардчилсан дэглэмийг дарангуйлалд хөтлөх томоохон шалтгаан болдог. Манай улсад орлогын тэгш бус байдал гэхээс илүүтэй хөрөнгийн тэгш бус байдал их, боловсролын тэгш бус байдал, эрх мэдлийн тэгш бус хуваарилалт гээд шударга ёс, ёс зүйд суурилах тэгш бус байдал их юм. Энэ нь хүний үндсэн эрхүүд зөрчигдөх, хангагдахгүйд хүргэж байна. Тэгш бус байх тусам эрсдэл нэмэгдэж, урагшлан хөгжих бус, тэсч үлдэх ганцхан боломжтой нүүр тулах нь зүй.
Манай улсын хувьд хоёр жил тутам хийдэг судалгаагаар ядуурлын түвшин 29.6 хувиас 28.4 хувь болж багассан үзүүлэлттэй байна.
Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр, хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, боловсрол, орон сууцны үйлчилгээний хүртээмж илүү хязгаарлагдмал хэвээр. Ялангуяа хөдөөгийн залуучууд чанартай боловсрол эзэмшиж, ажлын байраар хангагдах боломж хомс. Бүх насны хүүхэд, гэртээ олон хүүхэдтэйгээ амьдардаг залуу ба идэр насны (30-39 настай) насанд хүрэгчдийн ядууралд орох эрсдэл, арай ахимаг насны бүлгийнхээс илүү өндөр. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхүүдийн 40 гаруй хувь нь хамгийн бага орлоготой хэсэгт багтаж буй юм.
Орлогын хамааралгүй тэгш бус байдал, тэр дундаа жендэрийн тэгш бус байдлын асуудлууд хүртээмжтэй өсөлтөд саад болсон хэвээр байна. Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд ижил тэгш байдлаар оролцож чаддаггүй, ялангуяа уул уурхай гэх мэт өндөр цалинтай үйлдвэрлэлийн салбар дахь оролцоо нь бүр бага юм. Иймд олон тулгуурт эдийн засгийг бий болгосноор хөгжлийн үр өгөөжийг илүү тэгш хүртээх нөхцөл бүрэлдэх боломжтойг судлаачид хэлж байна.
Эсрэгээрээ, орлогын тэгш бус байдал нь бусад төрлийн тэгш бус байдал үүсэх үндэс суурь, нийгэмд ядуурал газар авах шалтаг шалтгаан, улс орны хөгжил уруудан доройтохын үндэс болдог.
Дэлхийн банк туйлын ядуурлыг өдөрт нэг ам.доллараас бага орлогоор амьдарч буй, дунд зэргийн ядуурлыг хоёр ам.доллараас бага орлогоор амьдарч байгаа гэж тодорхойлдог.
Монгол Улсын хувьд ядуурлын түвшнээс дээгүүр орлоготой иргэдийн нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ дунджаар 290,0 мянган төгрөг, уг шугамаас доогуур орлоготой байгаа иргэдийнх 108,0 мянган төгрөг байна. Ядуурлын түвшнээс доош буюу сард 146,0 мянган төгрөгөөс бага хэрэглээний зардалтай иргэдийн тоо 634-907.5 мянга болж нэмэгджээ.
Албан бус секторт ажилладаг 360 гаруй мянган хүний ойролцоогоор 50 хувь нь Улаанбаатарт байгаа гэж тооцвол зээлийн эргэн төлөлт хийх чадваргүй болж байгаа 180 мянга орчим иргэн ядууралд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн харуулав.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д “Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна” зэрэг зорилтууд тусгагдсан. Covid-19 цар тахлын эдийн засаг, нийгмийн сөрөг нөлөөг зөөллөхийн тулд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг иргэдийн 30 орчим хувь нь үр дүнтэй зөв шийдвэрүүд хэмээн үнэлсэн байна. Тухайлбал, 2020 оны 2-7 сарын хугацаанд албан бус секторт ажиллагсдын нийт өрхийн 39.5 хувийнх нь өрхийн орлого эрс буурчээ.
Манай улс нийгмийн халамжийн тогтолцоотой болоод удаж буй. Ядуурал 2016-2018 оны хооронд буурсан үндсэн хүчин зүйл нь халамжийн тэтгэмж байсныг судалгааны баримтууд нотолдог. Энэхүү халамжийн систем нь эмзэг бүлгийн өрхүүдэд Covid-19-ийн нөлөөг зохицуулах засгийн газрын үндсэн хэрэгсэл болсон. Хэдийгээр энэ нь цар тахлын нөлөөг бууруулахад тусалсан боловч системийн үр ашиггүй байдал, нийгмийн хамгааллыг хөгжлийн ур чадвар, хөдөлмөрийн зах зээлтэй илүү сайн холбох шаардлагатай байгааг харуулж буй юм.
Азийн хөгжлийн банк “Монгол Улстай 2021-2024 онуудад хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги”-дээ, нийгмийн халамжийн төсвийн зарцуулалтыг илүү үр дүнтэй болгохын тулд халамж хүртэгчдийг илүү сайн тодорхойлж, халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэн, давхардлыг арилгаж, үргүй зардлыг бууруулах шаардлагатайг онцолжээ.
Мөн нийгмийн ажилтан болон нийгмийн хамгааллын бодлого боловсруулагчдын чадавх сул байгаа нь чанартай халамжийн үйлчилгээ үзүүлэх, халамжийн үйлчилгээг оновчтой тодорхойлоход сөргөөр нөлөөлж байгаа учир үүнд дэмжлэг хэрэгтэй. Нийгмийн даатгалын хамрах хүрээ сайн байгаа ч энэ тогтолцоо нь санхүүгийн хувьд тогтвортой бус, шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байгаа бол хувийн тэтгэврийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй байна” гэж зөвлөжээ.
Аливаа хөгжлийн стратеги хүмүүст гол анхаарлаа хандуулах явдал. Өнөөдрийн байдлаар маш олон монгол иргэн ядуу аж төрж, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хүртэхгүй, төрийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Нийт хүн амын 31.7 хувийг 15-34 насны иргэд бүрдүүлж буй ба ирэх 10 жилд залуус олноороо хөдөлмөрийн зах зээлд нэгдэнэ. Тэдэнд улс орныхоо ирээдүйд хувь нэмэр оруулах нөхцөлийг нь хэр сайн бүрдүүлж чадна тэр хэмжээгээр Монгол Улсын хөгжлийн замнал тодорхойлогдохыг эдийн засагчид онцолж буй юм.
Холбоотой мэдээ