Эрдэнэбүрэнгийн УЦС тойрсон УЛСТӨРЖИЛТ

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Эрдэнэбүрэнгийн УЦС тойрсон УЛСТӨРЖИЛТ

Эрдэнэбүрэнгийн УЦС тойрсон УЛСТӨРЖИЛТ

Баруун таван аймагт эрчим хүчний “тусгаар тогтнол” авчрах Эрдэнэбүрэнгийн  усан цахилгаан станц /УЦС/ үндсэндээ 60 жил яригдсан. Улмаар өнгөрсөн 2021 оны  есдүгээр сарын 17-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй цахилгаан станцыг барьж, хүлээлгэн өгөх гэрээг БНХАУ-ын  "Power -Power China Chengdu" түншлэлтэй байгуулснаар уг төсөл гараанаас гарав. Тус гүйцэтгэгч нь судалгаа болон бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа бөгөөд  барилга угсралтын үндсэн ажлаа 2022 оны дөрөвдүгээр сараас эхэлнэ. 

Гэвч Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэгчдийн үйл ажиллагаа идэвхжсэн хэвээрээ байна. Өнгөрсөн оны намар хэсэг малчид Улаанбаатарт ирж Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц барихыг эсэргүүцэж байлаа. Тэгвэл д өнгөрсөн Баасан гаригийн /2022.01.14/ нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “60 жил цаасан дээр гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихыг эсэргүүцэж, сумын ИТХ-ын дарга нь тогтоол гаргаад зогсохгүй Хятадын Элчин сайдын яам руу албан бичиг хүргүүлэхээр явж байгаа” гэдгийг дуулгав. Тэрбээр “Баруун таван аймгийн ард түмэнд маш хэрэгтэй Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацааж байгаа төрийн албан хаагчдад хариуцлага тооц. Тэдний ард санхүүжүүлж байгаа хүмүүсийг илрүүл. Тэдгээр хүмүүст төр төмөр нүүрээ харуулах ёстой” гэдгийг шүүмжилсэн. 

Түүний хэлсэн үнэн, төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хүргэх ёстой хүмүүс төрийн эсрэг тогтоол гаргаж байгаа нь "эх орноосоо урвасан" үйлдэл мөн.

Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2021 оны арванннэгдүгээр сарын 8-ны өдөр Ховд голын Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг зогсоох шийдвэр гаргасан. Уг тогтоолд "Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэжээ.  

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай гэсэн тогтоол батлаад, тус бүтээн байгуулалтын төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн компаниудыг шүүхэд өгье гэсэн “ажил хэрэгч” гэж өөрсдөө нэрлэсэн улс орныг, баруун бүсийг “хорлон сүйтгэх” гэж хэлэхэд зөөлдөхөөр саналыг сумын ИТХ-аар батлуулаад хэрэгжүүлээд явж байна. Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь маргахын аргагүй үнэн. Тэр тусмаа эрчим хүчнийхээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаагүй, бусдаас хамааралтай Монгол Улсын хувьд бүр ч чухал.  Тухайлбал, Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээний 72 хувийг ОХУ болон Хятадаас импортоор өндөр үнээр авдаг. Баруун бүсийн эрчим хүчний системд жилд улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулж байгаа зэрэг үндэслэлүүд нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулах нэн шаардлагатайг илтгэж байгаа юм.

2022 ОНД 91 ӨРХИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

2021 онд батлагдсан Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд дурдсанаар “2022 онд 91 өрх, 2023 онд 73 өрх, 2024 онд 106 өрхийг нүүлгэн шилжүүлнэ” гэжээ. Урьдчилсан байдлаар усан сан байгуулагдах талбайд амьдарч буй Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг гурван аймгийн 270 айл өрхийн 1083 иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд 9.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо гарчээ. Судалгааны баг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 270 айл өрх бүртэй орж биечлэн уулзан зураг дарж баталгаажуулжээ. Улмаар газрыг солих асуудлаар ярилцан бүгд дэмжсэн байна. Гэтэл  Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн зарим иргэд эсрэг санал өгчээ. Учир нь, тэдэнд нөхөн олговрын хэмжээ таалагдаагүй гэнэ. Аль эсвэл өөр шалтгаан байсныг ч үгүйсгэхгүй. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумд нь Ховд голын зүүн, баруун эрэгт амьдардаг.

Үүнийгээ дагаад тэдний амьдрах хэвшил нь ч ялгаатай. Увс аймгийн иргэд нэг газраа удаан суурьшиж амьдардаггүй бол Баян-Өлгий аймгийн иргэд суурьшиж амьдардаг учраас хөрөнгийн үнэлгээ хийхэд зөрүүтэй дүн гарчээ. Тухайлбал, Увс аймгийн нэг өрхөд 3-36 сая төгрөг, Баян-Өлгий аймгийн өрхөд  30-100 орчим сая төгрөг өгөх урьдчилсан тооцоо гарсан ч үүнийг зарим иргэд чамлаж байгаа бололтой. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс орон нутагт нүүлгэн шилжүүлэлт болон нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхээр дэд ажлын хэсэг байгуулсан. 

ТЭД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ТАЛААР ЮУ ХЭЛЖ БАЙВ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнгөрсөн долдугаар сард “Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох “Эрдэнэбүрэнгийн УЦС” барих асуудлыг сүүлийн 60 жил ярьж, төр засаг хөөцөлдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр удаа газар дээр нь очин байж ажлыг нь эхлүүлсэн. Гэсэн ч төрийн албаны хүнд суртал, шан харамж, авлигал хардаг хэдэн хурган дарга, түшмэдүүд энэхүү томоохон төслийг гацааж,  улмаар зогсоход хүргээд байна. Энэхүү төслийг гацаасан учир шалтгааныг тодруулна” гэж хатуухан сануулга өгсөн удаатай.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь,  “Эрдэнэбүрэн”-гийн УЦС явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.

Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна.  Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэдгийг онцолсон.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж