Европт дайны харанга дэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.17-нд нийтлэгдсэн

Европт дайны харанга дэлдэж байна

Европт дайны харанга дэлдэж байна

Европ тив урт удаан үргэлжилж, олон сая хүн амь үрэгдсэн дайнуудын түүхээрээ алдартай. Дэлхийн II дайны их гарз, гуниг гансралын хөрсөн дээр тогтсон энх тайван, хөгжил дэвшил ганхаж эхэллээ. Хүйтэн дайны уур амьсгал ч бүрэн арилсангүй. Украины хил дээр цэргээ байршуулж, барууны янзыг үзэж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Европын энх тайван байдалд заналхийлж байна гэж дипломатууд анхааруулав. Тодруулбал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад суугаа АНУ-ын төлөөлөгч Майкл Карпэнтер хэлэхдээ, буурал тивийн аюулгүй байдалд хямрал үүсч, дайны харанга дэлдэх дуу чангарч буйг мэдэгдлээ. Орос улс Европын дайнуудад олон арван сая иргэнээ алдсан ч дэлхийн дайны дараа тогтсон энх тайвны талаар Путинд гомдоллох зүйл байна. Ялангуяа, Атлантын далай дамнасан батлан хамгаалахын нөхөрлөл болох “NATO” байгууллагын үүрэг рольд тэрбээр сэтгэл дундуур байгаа аж. Тэрбээр Умард Атлантын цэргийн эвслийг ОХУ-ын өрсөлдөгч гэж харж байна.

Цус асгаруулсан олон зууны түүхээс 20 хуудас баримт бичгийг тэрбээр өнгөрсөн зун иш болгон, ЗХУ задарснаар 1991 онд тусгаар тогтнолоо олсон Украиныг өөрийн газар нутаг гэж мэдэгджээ. Тэрбээр “Оросууд, украинчууд, беларусчууд бүгд Европын хамгийн том эзэн гүрэн болох эртний Оросын үр сад” гэж мэдэгдсэн байна.  Путин хэлэхдээ, “Олон зууны турш үүсч бий болсон бидний шашин, бодгаль, нийгэмшил бүгд нэг эх үүсвэртэй. Украины жинхэнэ тусгаар тогтнол нь зөвхөн ОХУ-тай нөхөрлөсөн үед боломжтой” гэсэн байна.

Үүний хариуд АНУ-ын зүгээс хямралын яриа хэлэлцээг бүтэлгүйтүүлж, Украины эсрэг дайны харанга дэлдэж байна гэж ОХУ-ыг буруутгав.  Дэлхийн тав дахь том армийн ерөнхий командлагчийн хувиар Путин нь Украины хил дээр цэргүүдээ байршуулж, өвөг дээдсүүдийнхээ адилаар “тайз” зассан. Украины хил дээр олон хоног бэлэн байдалд байсан оросын цэргүүд зөвхөн түүний тушаалыг хүлээж байв. Өмнө нь 2014 онд Крым хойгт цэргээ байршуулан дарамтлах замаар Украинаас салгаж авсан тэр аргаа дахин ашиглав. Энэ удаад өмнө нь байгаагүй их хэмжээний цэргийг Украин руу илгээнэ гэх айдсыг Киевт төрүүлжээ.

ОХУ-ын албаныхан өнгөрсөн Даваа гаригт Женевт АНУ-ын талтай хоёр талын уулзалт хийсэн бол Лхагва гаригт Брюссельд “NATO”-гийн албаныхантай, Пүрэв гаригт Вена хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай уулзсан. Эдгээр уулзалтууд нь зөрчилдөөнийг намжаах зорилготой байсан ч Путины дайсагнасан, өдөөн хатгалгаар өндөрлөсөн аж.

ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “NATO”-д хандан Украин болон бусад гишүүнчлэлээс татгалзахыг шаарджээ. Үүнээс хоёр өдрийн дараа Брюссел дэх уулзалтын үеэр ОХУ-ын гадаад хэргийн өөр нэг дэд сайд Александр Грушко хэлэхдээ, Москва нь хүссэнээ авч чадахгүй бол хүч хэрэглэхээр сүрдүүлжээ. Тэрбээр “Бид аюулгүй байдалд заналхийлсэн жинхэнэ аюулын эсрэг цэрэг-техникийн арга хэмжээ авах эрх зүйн олон зохицуулалт бий” гэсэн аж. Эцэст нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр тус байгууллага дахь Оросын элч төлөөлөгч Александр Лукашевич хэлэхдээ, “ОХУ-ын норм, зарчим зөрчигдсөн нөхцөлд гамшигт үр дүн хормын төдий үүсэх үнэн” гэдгийг анхааруулжээ. Үүний дараа Баасан гаригт Путины засаглалд хамгийн удаан хугацаанд гадаад хэргийн сайдаар ажиллаж буй Сергей Лавров  Москва хотноо хийсэн мэдэгдэлдээ, “Бид морио маш удаанаар эмээллэсэн. Харин одоо давхих цаг боллоо” гэсэн байна. Тухайн өдөр Укариын засгийн газрын цахим хуудсууд томоохон цахим халдлагын улмаас унасан аж. Халдлагын хариуцлагыг ОХУ хүлээгээгүй. Гэвч Европын том дипломатч Жосеф Боррелл хэлхэдээ “Хэн үүнийг хийснийг хэлэхэд хэцүү. Нотолгоогүйгээр би хэнийг ч буруутгаж чадахгүй. Бид зөвхөн таамаглаж чадна” гэсэн байна.

Нөгөө талд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан хэлэхдээ, Путиныг аль хэдийнэ яриа хэлцлээс залхсан байж магадгүй гэсэн юм. Түүнчлэн Пентагоны төлөөлөгч Жон Кирбигийн таамагласнаар ОХУ руу эсвэл Украин дахь орос хэлээр ярилцагч иргэд рүү халдлага үйлдсэн мэт харагдуулахаар тусгай ажиллагааны бүлгээ байршуулсан гэнэ.  Үүнийг Кремль үгүйсгэсэн.

ЦААШИД ЮУ БОЛОХ ВЭ?

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нь АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарыг гурван талт уулзалтад урьсныг “Ukrinform” Баасан гаригт мэдээлсэн. Харин Лавровын зүгээс “NATO”-г түрүүлж ямар нэгэн үйлдэл хийхийг харж байгаа гэдгээ илэрхийлжээ. Харин “NATO”-гийн дарга Йенс Столтенберг зэвсгийн хяналтын талаарх яриа хэлэлцээ болон цэргийн гэрээг сунгах асуудалд ОХУ ямар хариу өгөхөөс нөхцөл байдал шалтгаална гэсэн байна. Нөгөө талд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ч мөн Путины хариуг хүлээж байна гэв. Эдгээр хүлээлт нь европчуудын хэзээ ч мартагдашгүй дурсамжуудыг сэдрээж байна. Энэ талаар Данийн гадаад хэргийн сайд Путины үйлдлийг шүүмжлэн, “Тэр хүйтэн дайны хамгийн хар бараан, хүйтэн өдрүүдийг эргэн авчрахыг хичээж байна” гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж