"Урлаг энгийн тусмаа сайхан"

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

"Урлаг энгийн тусмаа сайхан"

"Урлаг энгийн тусмаа сайхан"

Залуу уран бүтээлч Б.Пүрэвдоржийн бие даасан анхны уран бүтээлийн “Өнгө тунамал” үзэсгэлэн энэ сарын 15-нд Монгол арт галерейд нээлээ. Монгол адууны шинж төрх гэхээс илүү адууны зан үйл, агшин, аж байдлыг бүтээл дээ илүүтэй шингээжээ. Үзэсгэлэн нь баримал болон  бэхэн зураг хосолсон  нийт 26 зураг, найман барималын бүтээл багтах аж. Мөн монголчууд адуутайгаа харьцах харилцаа болон морь, хүн хоёрын дурсамжийг бүтээлээрээ харуулахыг зорьжээ. Бэхэн зургийн хувьд мөн л хүн, адуу хоёрын тухайн үеийн сэтгэл хөдлөлийг дүрсэлсэн байна.

Залуу уран бүтээлч, барималч Б.Пүрэвдорж:

Би өмнө нь бэхэн зургийг хар цагаанаар л төсөөлдөг байсан. Олон уран бүтээлч нарын янз бүрийн  бүтээлүүдтэй танилцахад  бэхэн зурагт өөр олон төрлийн өнгө, цааснууд ашиглаж болдог юм байна гэдгийг мэдээд эднийг хольсон өнгөлөг бүтээл хийхийг хүссэн. Зөвхөн хар, цагаан биш. Төрөл бүрийн өнгө хоршсон учир "Өнгө тунамал" гэж нэрлэсэн.

Би Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат говийн хүүхэд. Говийн ноён хутагт Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" дууны үг "Үлэмжийн чанар төгөлдөр өнгө нь тунамал толь шиг" гэж эхэлдэг тэр утгаар нь бас үзэсгэлэнгээ нэрлэсэн. Урлаг энгийн тусмаа сайхан. Хүний амьдрал, аж байдал адуутай  хоршоод  илүү баялаг болдог болохоор аж байдлын зураглалыг илэрхийлэхийг хүссэн. Хүн байж байж адуу гэдэг амьтан эрэмгий байдаг. Монгол хүн, адуу хоёр хамтдаа байгаа нь их сайхан харагддаг шүү дээ. Сэтгэлийн хөдлөл, омголон байгаа байдал нь хүртэл ижилхэн санагддаг.

Гурван жилийн хугацаанд бүтээлүүдээ хийсэн. Ер нь уран бүтээлч хүн сарын хугацаанд ямар нэг бүтээл гаргалаа гэж бодъё. Үүний 25 хоногт бодож, үлдсэн тав хоногт нь бүтээлээ урладаг. Тэгэхээр их удаан хугацаанд бодож тунгаасан.

Дүрслэх урлагийн академи дээд сургуулийн багш доктор профессор С.Бадрал:

Монгол арт галерей байгуулагдсан цагаасаа хойш залуу зураачдыг илүүтэй дэмжиж ажиллаж байна. Дөнгөж сургуулиа төгссөн, хөлөө олоогүй байгаа хүүхдүүдийн бүтээлийг дэлгэж олонд танигдах боломжийг нь нээж өгдөг. Энэ удаа шинэ оны анхны үзэсгэлэн мөн залуу уран бүтээлч, миний шавь Б. Пүрэвдоржийн анхны бие даасан үзэсгэлэнгээр нээж байна.

Өөрөө уран барималч мэргэжлээр төгссөн ч бэхээр чөлөөтэй зурж чаддаг. Олонх уран бүтээлч зөвхөн нэг төрлөөрөө дагнаж үзэсгэлэнгээ гаргадаг бол Б.Пүрэвдорж бэхэн зураг, уран баримал хосолсон бүтээл гаргаж байгаа их авууштай, "хос морьтой явж" байна. Бүтээлүүдийнх нь хувьд адуундаа хайртай нүүдэлчин хүний хөнгөн чөлөөтэй сэтгэлгээ их сайхан илэрхий харагдаж байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж