Тойм: Халдварын тоо 2000 давсан ч тодорхой зохицуулалт хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

Тойм: Халдварын тоо 2000 давсан ч тодорхой зохицуулалт хийсэнгүй

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИА ТУНХАГЛАСНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ой Пүрэв гаригт /2022.1.13/ тохиолоо.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль  намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.

Энэ өдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийж, Үндсэн хууль тогтоогч нь УИХ биш Монголын ард түмэн гэдгийг сануулж, улстөрчид сонгогдож гарч ирснийхээ дараа Үндсэн хуулиа мартдаг байдлыг шүүмжилсэн юм. Тэрбээр,

"Нэг нам дангаар ноёрхсон үед Үндсэн хуулийн заалт тунхаг төдий болж үлддэг юм байна. Засгийн газрыг хянадаг УИХ байхгүй болсон. Ерөнхийлөгч хэдийгээр намаасаа түдгэлзэж,  Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч  албан тушаалтан боловч  намынхаа үзэл санаанд шигдээстэй байна.

Тиймээс цаашид парламентад суудалтай улс төрийн намуудын бодит хүчний харилцаан дээр анхаарахын тулд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой" гэсэн юм.


ЗГ: ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ 2024 ОН ЗОГСООЖ, ТУСГААРЛАЛТЫН 3 ХОНОГИЙГ ЦУЦЛАВ

Засгийн газрын Лхагва гаригийн ээлжилт хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тодруулбал,  "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд өнөөдөр зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Хуулийн үйлчлэл гурван жилийн хугацаанд буюу 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ.

Мөн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг цуцалжээ. Тухайн иргэдээс хилийн боомт, нисэх онгоцны буудал дээр PCR шинжилгээг төлбөртэй авах юм байна. Ингэснээр гадаадаас ирээд нэг, хоёр хоног зочид буудлуудад тусгаарлагдаж байсан иргэд  "суллагдсан". Гэвч тэдний бүтэн төлсөн төлбөрийн зөрүүг хэрхэн олгохыг УОК мэдэхгүй гэсэн бөгөөд зочид буудлууд мэднэ гэсэн юм. Гадаадаас ирж буй таваас дээш насны бүх хүн хоног тус бүр 100 мянган төгрөгийн тусгаарлалтад төлсөн билээ.

Үүнээс гадна  2021 оны арваннэгдүгээр сард Ирээдүйн өв сангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой журмын төсөл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, иргэд сар болгон хүсэлт гаргасны үндсэн дээр хүүхдийн мөнгөө авах, эсвэл хадгалах зохицуулалт орсон юм. Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулна гэж үзжээ.


АГААРЫН БОХИРДОЛ НЭМЭГДСЭН БУРУУГ ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭЭС ХАЙВ

“Таван толгой түлш” компани, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хэвлэлийн байгууллагууд, сайд нарын бүрэлдэхүүнтэй баг Пүрэв гаригт гэр хороооллын айлуудаар явж шалгалт хийсэн нь агаарын бохирдлын буруутныг эрж олох явдал байв. Ингэхдээ Үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг хүний эрх чөлөөнд халдаж, айлын гэрт дураараа дайрч орон, телевизийн дурангийн өмнө "байцаасан" нь олны бухимдлыг төрүүлэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг 2019 онд түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд бүрэн хориглож, оруулж ирсэн, түлсэн иргэдийг торгох болсон. Харин "утаагүй" гэх шахмал түлшийг иргэдэд тодорхой квотоор олгох болсноор эхний жил агаарын бохирдол буурсан гэж дарга нар лоббидож байлаа. Харин өнөөдөр шахмал түлшээ иргэд түлсээр байгаа ч агаарын бохирдол 2018 оны хэмжээнээс дээрдэхгүй болж, иргэдэд толгой өвдөх, дүүрэх зэрэг шинж тэмдэг илрэх болсон юм. Агаарын бохирдол ингэж ихэссэн нь хил хааснаас Хятадаас оруулж ирдэг барьцалдуулагч бодис орж ирэхгүй оронд нь өөр зүйл шахмал түлшинд холих болсонтой холбоотой гэж ард иргэд ярьж байна. Мөн шахмал түлш нь асахгүй уугих болсон талаар ч мэдээлсэн билээ. Харин дарга нарын үзэж буйгаар иргэд шахмал түлшийг үнэ хямд учраас ихээр түлж байгаагаас утаа ихэссэн бөгөөд стандартын бус зуухны хэрэглээ ч нөлөөлж буй гэх. Ямартай ч Улаанбаатар хот утаанаасаа салж чадахгүй, "хүхэртийн хөндийдөө" хордсоор байна.


Н.ТҮВШИНБАЯРЫН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ НЭГ САРААР СУНГАВ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 14-нд олимпийн аварга Н.Түвшинбаярын  цагдан хорих хугацааг нэг сараар  сунгаж шийдвэрлэв. Түүнийг өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх үндэслэлээр  цагдан хорих  хугацааг сунгасан байна.

Н.Түвшинбаярыг  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт гаргасан эрүүгийн хэргийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, прокурорын газарт буцаасан. Улмаар шүүхээс түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм.

Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Өмнөд Солонгост эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй байсаар эх орондоо буцаж ирээд таалал төгссөн юм.


ӨДӨРТ 20 МЯНГАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН Ч ХӨЛ ХОРИХГҮЙ ГЭВ

Монгол Улсад омикрон хувилбарын халдвар гарснаар нийт бүртгэгдэж буй халдварын 60-70 хувийг эзэлж байна гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамны албаныхан энэ долоо хоногт өгсөн. Түүнчлэн УОК-оос өнгөрсөн Даваа гаригт /2022.1.10/ хийсэн мэдээллээр омикрон хувилбарын дэгдэлт бүхий цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлснийг анхааруулсан. Улмаар энэ сарын 20-ноос ирэх сарын 10-ны үед халдварын оргил үе тохионо гэж тооцоолсноо мэдээлсэн боловч ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт тавихгүй гэж мэдээлэв.  Халдварын оргил үе нь цагаан сартай давхцаж байгаа бөгөөд өдөрт дээд талдаа 20 мянган тохиолдол бүртгэгдэх тооцоолол гарчээ. Гэсэн ч УОК-оос халдварын оргил үед зорилтот бүлгийн хүмүүсийг л эмнэлэгт хүлээн авч, бусад хүмүүсийг гэртээ эмчлүүлэх чиглэл баримтална гэсэн юм.

Өчигдрийн байдлаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2347-д хүрч нэмэгдээд буй бөгөөд Эрүүл мэндийн яамнаас омикроноор өвдсөн иргэдэд багц шаардлагагүй, эм уугаад гэрээр эдгэнэ гэж мэдэгдэв. Гэтэл ДЭМБ-аас омикроныг энгийн ханиадтай зүйрлэж болохгүй гэдгийг анхааруулсаар буй.

Харин орон нутгийн Засаг дарга нар халдварын давалгаанаас сэргийлэн цагаан сарыг өнжих болон олон нийтийн арга хэмжээг цуцлах арга хэмжээг авч байна. Тодруулбал, Увс, Завхан, Орхон, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод зэрэг аймгууд цагаан сарыг тэмдэглэхгүй байх чиглэл өгч, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж