Далайд галт уул дэлбэрснээс АНУ, Японд цунамигаас сэрэмжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.01.16-нд нийтлэгдсэн

Далайд галт уул дэлбэрснээс АНУ, Японд цунамигаас сэрэмжлүүлэв

Далайд галт уул дэлбэрснээс АНУ, Японд цунамигаас сэрэмжлүүлэв

Номхон далайн өмнөд хэсэгт далайн гүнд галт уул дэлбэрснээс АНУ болон Японд эрэг дагуу оршин суудаг иргэдэд цунамийн гамшгаас сэргийлэх урьдчилсан сэрэмжлүүлгийг гаргажээ. Японы албаныхны гаргасан сэрэмжлүүлэгт дэлбэрэлтээс үүдэн тус улсын өмнөд хэсгийн далайн эргийн дагуух нутгаар давалгаа 1.2 метр өндөрт хүрч, цунамийн гамшиг үүсч магадгүй гэжээ. Харин Кагошима мужийн Амами-Ошима аралд орон нутгийн цагаар өчигдөр шөнө 23:55 цагт 1.2 метрийн өндөр цунами бүртгэгдсэн аж.

Галт уулаас 800 гаруй км зайтай орших Фижи арлын оршин суугчдад найман минут үргэлжилсэн дэлбэрэлтийн чимээ "аянга бууж буй мэт" сонсогдсон байна. Фижийн албаныхан цунамигаас сэргийлэх зөвлөмж гаргаж, эргийн нутгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн аж. Мөн АНУ-ын талаас эрэг дагуу нутгуудад хүчтэй давалгаа үүсч, үерт автахаас сэрэмжлүүлсэн байна. Австралийн зүүн эрэг болон Тасманийн аралд цунамийн сэрэмжлүүлэг гаргажээ. Шинэ-Зеландад эргийн дагуу хүчтэй давалгаа үүсэхийг анхааруулсан байна.

Галт уулын хүчтэй дэлбэрэлт Тонга улсын ойролцоо далайд үүссэнээс тус улсыг метр гаруйн өндөртэй давалгаа цохисон аж. Хунга-Тонга-Хунга-Хаапай нэртэй галт уулын дэлбэрэлт Номхон далайн өмнөд хэсгээр тод сонсогдож, алс хол орших АНУ-д хүртэл мэдрэгджээ. Тонга улсын газар нутгийн ихэнх хэсэг тэр тусмаа  голомтоос  65 км зайтай орших нийслэл галт уулын үнс нурамд хучигдаж, гэрэл цахилгаан тасарч, интернэт, гар утасны сүлжээ унажээ. Одоогоор хүний амь эрсдэж, гэмтэж бэртсэн болон бусад хохирлын мэдээлэл гараагүй байна.

Энэхүү галт уулын дэлбэрэлт нь Тонга улсад сүүлийн 30 жил бүртгэгдээгүй хүч идэвхжил болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж