Энэтхэгт өнгөрсөн сард болсон бага хурлын үеэр шашны ариун өнгө болох гүргэмийн өнгөөр толгойноосоо хуруу хүртэл хувцасласан Хиндү шашны активист лалын шашинтнуудыг устгаж, улс орноо хамгаалахыг уриалжээ. Хиндү шашны баруун жигүүрийн ахмад гишүүн Пужа Шакун Пандей "Хэрэв бидний 100 хүн цэрэг болж, хоёр сая (Лалын шашинт) хүнийг устгахад бэлэн байвал бид ялах болно. Энэтхэгийг хамгаалж, улс даяар Хиндү үндэстэн байх болно" гэжээ. Түүний уриалга хэлсэн бичлэгийг Махасабха улс төрийн нам бичиж авсан байв. Түүний хэлсэн үг, хүчирхийллийн уриалгыг Энэтхэгийн хойд хэсгийн Харидвар хотод болсон гурван өдрийн хурлын үеэр олон үзэгч алга ташилтаар хүлээн авсан байна.
Гэвч Энэтхэгийн хилийн цаана хүмүүс эгдүүцэж байв. Бага хурал өрнөөд сар болж байгаа ч тус улсын лалын шашинтнууд энгийн тайван амьдрахад эрсдэлтэй болов. Шашны активистын онцолж буй энэхүү уриалгаас болж засгийн газар ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаад ажиглагчид дургүйцлээ илэрхийлээд буй. Нийгмийн дарамт шахалт нэмэгдсэний дараа Энэтхэгийн дээд шүүх Лхагва гаригт хөндлөнгөөс оролцож, муж болон холбооны эрх баригчдаас тус уриалгын дагуу шийдвэр гаргаж, 10 хоногийн дотор хариу өгөхийг хүссэн.
Пандей болон бусад хэд хэдэн хүнийг шашны итгэл үнэмшлийг доромжилсон хэргээр орон нутгийн цагдаа нар шалгаж байгаа аж. Энэ хэрэгт дөрвөн жил хүртэл хорих ял оноож болзошгүй гэж Харидвар хотын цагдаагийн албаны хүмүүс CNN-д ярьжээ. Цагдаагийн албанаас гаргасан шийдвэрт Пандей болон холбогдох хүмүүс мэдэгдэл хийгээгүй байна. Харидварын оршин суудаг Уттаракханд мужийн цагдаа нар Пүрэв гаригийн орой уг арга хэмжээнд үг хэлсэн хүнийг баривчилсан гэж Харидвар хотын цагдаагийн ахлах ажилтан Шехар Суял CNN-д мэдээлжээ. Уг арга хэмжээний үеэр тэр хүн юу гэж хэлсэн нь тодорхойгүй байна. Цагдаа нар албан ёсоор хэнийг ч ямар нэгэн гэмт хэрэгт буруутгаагүй байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Хиндү Махасабха нам нь Энэтхэгт ерөнхий сайд Нарендра Моди засгийн эрхэнд гарснаас хойш, хэт давран, үндсэрхэг шашны урсгалыг өдөөн, ард иргэдийн дунд нийгмийн давхаргыг суртачлах болсон юм. Хэдийгээр Махасабха нам нь Модигийн Бхаратия Жаната намтай (BJP) шууд холбоогүй ч иргэдийн дунд хурал нэрийдлээр элдэв уриалга гаргаж, засгийн газраас арга хэмжээ авахгүй явсаар байвал Хиндү болон Муслим шашинтнуудын хооронд ширүүн мөргөлдөөн үүсгэж болзошгүй юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ