Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотойгоор гарал үүсэл нь тодорхойгүй гар аргаар хийсэн бууз, банш худалдан авч иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас иргэдийг албан ёсны хаяг, шошготой, үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхой бүтээгдэхүүн авахыг анхаарууллаа. Бууз, баншны эрэлтээс шалтгаалж гэрийн нөхцөлд чанарын шаардлага хангахгүй орчинд гар аргаар хийсэн бууз, банш зарах нь ихэсдэг.
Үхрийн мах гэж хэлсэн ч ямаа болон тэмээний мах хольж чимхсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг байна. Үүнээс гадна төрөл бүрийн нян үржих эрсдэлтэй орчинд буузыг хөлдөөх, удаан хугацаанд хадгалах зэрэг зөрчил илэрч байгаа аж.
Энэ тохиолдолд иргэд эрүүл мэндээрээ хохирч, хариуцлага хүлээх эзэн холбогдогчгүй үлддэг байна. Тэгэхлээр албан ёсны зөвшөөрөлтэй, гарал үүсэл нь тодорхой, орц найрлага, хадгалах хугацаа нь тодорхой бүтээгдэхүүн авахыг МХЕГ-аас зөвлөлөө. Мөн гарал үүсэл нь тодорхой бус бууз, баншийг нийтийн эзэмшлийн зам талбайд задгайгаар худалдаалж байгаа зөрчил олноор бүртгэгдэх болжээ. Тиймээс эрсдэлд өөрсдийгөө оруулж үйлдвэрлэгч тодорхой бус мах, махан бүтээгдэхүүн авахгүй байхыг албаныхан зөвлөв.
Холбоотой мэдээ