Тэтгэврийн нэрийн дансны үлгэр 1995 оноос мөрдсөн "Нийгмийн даатгалын тухай хууль" хэрэгжиж эхэлсний дараахан нь 1999 онд "Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль" батлагдан гарч мөрдөж эхэлсэн байдаг. Уг хуулиар 1960 оны 1 сарын 1-ээс хойш төрсөн даатгуулагчид ажиллаж буй байгууллага болон хувиараа НДШ-ийг сар бүр төлж нэрийн дансны сан бүрдүүлсэн ба Тэтгэврийн нэрийн данс 1960 оноос хойш төрсөн хүн бүрд нээгдсэн. Гэхдээ энэ санг түмний нүдэн дээр ТӨР захиран зарцуулж хоосолсон нь үнэн. Учир нь НДШ-ээр бүрдүүлсэн орлогыг нь өөрөөр нь захиран зарцуулах эрх өгдөггүй.Танд ийм хэмжээний хуримтлал үүсжээ гээд нүд хуураад өнгөрөх л бичилт. Анх Тэтгэврийн нэрийн данс гэхээр хүмүүс тэтгэвэрт гарах гэж нийгмийн даатгал төлдөг биш харин нэрийн дансандаа хуримтлалтай болохын тулд нийгмийн даатгал төлдөг болох нь гэж ойлгож байлаа л даа. Одоо хуримтлал баяртай болсон. Сан нь орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоотой байхад юун хуримтлал мөрөөдөх вэ цөмөөрөө. Хүүхдийн мөнгийг яг энэ аргаараа авах гээд л үзээд байна. Өгөх үгүй нь бидний шийд гэдгийг л бодох хэрэгтэй.
“Хүмүүс тэнэг, бүхнийг мартдаг” гэж төрд суусан түшээ нэртэй 76 түлээ нар боддог. Тэгвэл андуурч байна.
Монголын үе үеийн улс төрд хулгай, луйврын хэрэг гарч баримт нотолгоотойгоо дэлгэгдэж, иргэд олон нийтийн итгэлийг салхинд хийсгэж байлаа. Цаг үе өнгөрөх тусам луйвар хийх арга нь нарийссаар. Сануулахад: Гишүүн асан Б.Ундармаагийн хэргийг санаж байгаа байх. Ажилгүй иргэдийг ажлын байртай болоход төрөөс дэмжих зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ”-ийн жижиг зээлийн эх үүсвэр 7.6 тэрбум төгрөгийн талыг өөрийн хувийн “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан байдаг. Тодруулбал, 2015 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7,6 тэрбум төгрөгийг Б.Ундармаагийн “Капитал ” банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэх гэрээ байгуулсан. Улмаар аудитын шалгалт оруулахад уг 7.6 тэрбум төгрөгийн ердөө 50 хувийг нь л зориулалтын дагуу зарцуулсан. Үлдсэн 50 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум төгрөгийг арилжааны зориулалтаар "эргэлдүүлсэн" гэсэн үг. Иргэдээсээ мөнгө татна. Татсанаа ингэж нийлж хуйвалдаж завшина. Өнөөдрийн нөхцөл байдал энэ мэт луйврын хэргээс нэг их хол зөрүүтэй биш дээ. Одоо хүүхдийн мөнгийг хуримтлуулна гэж хэлээд юу хийх гэж байгаа нь тодорхой биз. Төрд хуримтлуулсан мөнгө өсдөггүй харин “ууршдаг” гэдгийг бид мэднэ дээ.
Холбоотой мэдээ