Э.Бат-Үүлийг биш Х.Баттулгыг хорих ёстой!

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийг биш Х.Баттулгыг хорих ёстой!

Э.Бат-Үүлийг биш Х.Баттулгыг хорих ёстой!

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад Монгол Улс нийтдээ 900 тэрбумыг зарцуулжээ. 2008 оноос тоолбол яг 14 жил утаатай тэмцэж байна. Атал утаа буурсангүй. Яагаад вэ, хэн буруутай вэ гэх асуулт, санал, шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хөвөрсөөр. Зарим сайд, дарга нар айлын гэрт очиж, “зуухыг” нь нэгжив. Ингээд эцэст нь ороолт түлж, агаар бохирдуулсан эр гол “буруутан”-аар тодорлоо.

Нүүрс, сайжруулсан түлш, цаас, мод шатаасан ч утаа гарна. Яндангийн тоо цөөрөхгүй бол утаа буурахгүй. Тиймээс гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх ажлыг Э.Бат-Үүл эхлүүлсэн юм. Даанч үүнийхээ төлөө тэр өнөөдөр шоронд сууж байна. Түүнийг Эрүүгийн хуульд заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэж шүүх буруутгаад, дөрвөн жилийн хорих ялаар алхаа цохьчихсон. Уг нь 2016 онд Улаанбаатарын иргэд Э.Бат-Үүлийг сонгосон бол байдал арай өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Ядаж яндангийн тоо цөөрөх байсан байх.

Яндангийн тоог цөөрүүлэхийн тулд Монгол Улс мөнгөтэй байх ёстой. Мөнгөтэй болохын тулд томоохон төсөл, хөтөлбөрүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалт татах учиртай. Хөрөнгө, мөнгө нэмэгдэж, том төслүүд хөдөлбөл хувийн хэвшлийнхэн томорно, хувийн хэвшил томорвол ажлын байр олширно. Ажлын байр олширвол цалин хөлс өснө, иргэдийн орлого сайжирна. Орлоготой иргэд ороолтоо түлэхгүй.

Гэвч сүүлийн жилүүдэд "Оюутолгой"-гоос өөр хөрөнгө оруулагчид Монголд орж ирсэнгүй. Орж ирсэн нь сүүлээ хавчаад зугтсан. Эрх мэдэлтэй нь хуулиар айлгаж, эрх мэдэлгүй нь хувиараа очиж шантаажлаад байхаар аргагүй шүү дээ.

Орж ирэхээр, гэрээ байгуулахаар үзгээ бариад ирсэн хөрөнгө оруулагчдаа хөөгөөд, Оросын эрх ашгийн өмнөөс гацаасандаа баяртай байгаагаа парламентын гишүүн нь, хууль тогтоогч нь хэлэхээр хөрөнгө оруулагчид яалаа гэж Монголын хууль, эрх зүйн орчинд итгэх билээ.

НЭГ.

60 жил цаасан дээр гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихыг эсэргүүцэж, сумын ИТХ-ын дарга нь тогтоол гаргаад зогсохгүй Хятадын Элчин сайдын яам руу албан бичиг хүргүүлэхээр явж байгааг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж шүүмжилжээ. Түүний хэлсэн үнэн, төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хүргэх ёстой хүмүүс төрийн эсрэг тогтоол гаргаж байгаа нь "эх орноосоо урвасан" үйлдэл мөн.

Цахилгаан станцыг Хятадын “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” бариулахаар Монголын Засгийн газар гэрээ байгуулаад явж байгаа, Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас гаргах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэн чухал төсөл. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдвал баруун таван аймгийг эрчим хүчээр хангах юм.

Монгол Улс баруун бүсийг эрчим хүчээр хангахын тулд ОХУ-д жилдээ 18-20 тэрбум төлдөг. Гэтэл Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг бариулахгүй гэж хэсэг малчин Улаанбаатар ирж эсэргүүцэл зарлав. Тэдний ард, мөнгөний сонирхлоо нууж ядсан, хувийн эрх ашгаа илүүд тавьсан Засаг дарга нар, улстөрчид байгаа нь тодорхой л доо. Харамсалтай нь, популизмын үр уршгийг хэмжихийн аргагүй хэдэн арван жилээр хор хохирол дагуулдгийг Х.Баттулгын овоолсон шороо болгосон төмөр замын, Ц.Даваасүрэнгийн гацаасан Тавантолгойн цахилгаан станцын төслүүдээс харчихад болно. Ийм л хүмүүсийг террористууд, хорлон сүйтгэгчид гэдэг болохоос лав М.Энхсайханыг биш.

М.Энхсайхан "Тавантолгой" төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж, экспортын төмөр зам барих гэж, эдийн засгийн орлогоо тэлэх гэж, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлээ сайжруулах гэж, ардчилал, тусгаар тогтнолоо хамгаалах гэж зүтгэснийхээ төлөө шоронд суусан. Учир нь, Монгол Улс өндөр хөгжилтэй, иргэд нь ажил орлоготой, ардчилалтай байх нь манай эх орончдод таалагдаагүй юм.

Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болсноор наад зах нь ажлын байр нэмэгдэнэ. Иргэдийн орлого өснө. Хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломжтой болно. Атал монголчууд яагаад эсэргүүцээд байна вэ?

"Тавантолгой"-н цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг М.Энхсайхан  хэдэн жилийн өмнө боловсруулж, 1.1 тэрбум ам.доллараар 450 мгв хүчин чадал бүхий цахилгаан станц барихад бэлэн болгочихсон байв. Энэ нь зөвхөн “Оюутолгой”-д цахилгаан нийлүүлэх биш Өмнөд бүсийн эрчим хүчний сүлжээг бий болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой”-д 250 мгв тог нийлүүлэх, үлдсэн эрчим хүчээрээ өмнөд бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг хангах, цаашлаад өмнөд бүсэд эрчим хүчний сүлжээ бий болгох, бүр цаашлаад Хятадад цахилгаан экспортлох гээд эдийн засгийн хувьд үндэсний аюулгүй байдлыг хангах чухал төсөл байсан юм. Ц.Даваасүрэн “хорлон сүйтгээгүй” бол аль дөрвөн жилийн өмнө ашиглалтад орчихсон, “Оюутолгой”-н Хятадаас эрчим хүч худалдаж авдаг мөнгө Монголдоо үлдэх байлаа.

Гэтэл Эрчим хүчний сайдаар томилогдсоныхоо дараа Ц.Даваасүрэн “Оюутолгой”-той хийсэн “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцлаад, төслийг хоёр жил нам гацаасан. Одоо юу болсон гэвэл М.Энхсайханы боловсруулсан төслөөр Тавантолгойн цахилгаан станцыг барихдаа өртөг нь нэмэгдээд мгв нь багасчихсан, 350 мгв-ын станц барихаар “Оюутолгой”-той гэрээ байгуулсан билээ. Товчхондоо Ц.Даваасүрэнгийн энэ үйлдэл Монголд хохиролтой, “Оюутолгой”-д ашигтай болж хувирсан.

ХОЁР.

“Террорист” М.Энхсайханы боловсруулсан бас нэг төсөл нь "Тавантолгой" ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Яагаав, “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийн баяртайгаар гацаадаг төсөл. Хэний эрх ашгийн төлөө ямар том эрх ашгаа гацааснаа мэдээгүй байх л даа, тухайн үед Х.Баттулга, З.Энхболд хоёрын “даалгавар”-ыг гүйцэтгэж байсан биз.

Хятадын “Шинхуа”, Монголын “Энержи ресурс”, Японы “Сумитома” нарын гурвалсан консерциум уг тендерт ялж, УИХ-аар гэрээ яг орохын өмнөхөн З.Энхболд Ч.Сайханбилэгийг засгаар нь барьцаалж байгаад С.Баярцогтоор уг төслийг эгүүлэн татуулж байв. Үүнээс хойш, түүнээс цааш "Тавантолгой"-н ногдол ашиг ч, төмөр зам ч “нохойн замаар” орсон доо.

УИХ-ын дарга асан З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой”-н хоёр сая хүний эрх ашгийг хамгаалсандаа биш, өөрийнх нь нүүрс тээвэрлэдэг бизнес нь зогсох гээд байсан тул “Тавантолгой”-г ард түмэндээ авч өгсөн юм.  Товчхондоо ашиг сонирхол нь ард түмэн байгаагүй гэсэн үг.

"Тавантолгой"-г М.Энхсайханы төслөөр эдийн засгийн эргэлтэд оруулсан бол дор хаяж дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн,  30 сая тонн нүүрс угаах үйлдвэр баригдсэн, бүх татвараа авахаас гадна орлогоосоо 2+% төлбөр төлөгдсөн, иргэд жил бүр 1072 ширхэг хувьцаанд ногдох ногдол ашгаа аваад явж байх байлаа. Төмөр замын төслийг арав гаруй жил гацааснаар Монголд орж ирэх ёстой алдагдсан мөнгө доод тал нь 10 тэрбум гэх тооцоог эдийн засагч Л.Наранбаатар нэг бус удаа мэдээлж байв. Гэтэл өнөөдөр оросууд Хятад руу нарийн царигтай төмөр зам тавьж, нүүрсээ ёстой л “шажигнатал” зарж байна шүү дээ. Гэтэл Монгол Улс өнгөрсөн жил гэхэд ердөө 15.7 сая тонн нүүрс экспортод гаргажээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар Зүүнбаянгийн төмөр замыг барьж байгаа. Гашуунсухайтын төмөр замын санхүүжилт “төрийн нууц”. Нэмээд хэлэхэд, манай төмөр замын холбох цэг зөрчихсөн төдийгүй нүүрсээ буулгаж, ачихын тулд хил дээр ачиж, буулгадаг пункт барих шаардлагатай болсон. Зөвхөн царигийн зөрүүнээс болж эдийн засаг, экологийн хувьд хэр их алдагдал амсахыг таашгүй, ямар ч байсан Х.Баттулгын популизмын үр дагавар өнөөдрийн Улаанбаатарын утаа юм.

Том төслүүд хөдлөхгүйгээр утаа арилахгүй. Утааг бууруулах хүсэл байвал улстөрчдийн пропаганда, популизмд иргэд автахаа л боль. “Монгол ялна” гээд монголчууд ялаагүйг ойлгосон цагт утаа арилж мэдэх байх. Яагаад вэ гэвэл, ямар ард түмэн байна тийм төр байдаг гэдэг. Бүр юу тарина, түүнийгээ хурааж авна ч гэлцдэг. Бид популизм тарьсан, үр дүн нь өнөөдрийн утаа л байна.

Үндсэндээ "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан" хүн бол Э.Бат-Үүл биш, эсрэгээрээ Х.Баттулга юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
424
ТэнэглэлТэнэглэл
56
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж