“Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр Хайди Клум реппер Снүүп догтой хамтран дуулж, урлагийн ертөнцөд хөл тавих нь. Өдгөө 48 настай тэрбээр олон жил шүтэж явсан домогт реппертэйгээ хамтрах болсон талаараа “Daily mail”-д ярилцлага өгчээ.
Тэд Снүүп догийн “Inglewood” студид “Chai Tea with Heidi” нэртэй дууныхаа бичлэгийг хийлгэсэн байна. Дуу бичлэгээ хийлгээд зогсохгүй клипээ ч бэлэн болгосон байна. Хайди Клум Германы “Next top model” шоуг хөтөлсөн бөгөөд төгсгөлийн шат дуусахад түүнд дуу дуулах санаа төржээ. Учир нь тухайн үед хэн нэгэн түүнд шоуны дараагийн улирлын дууг дуулах санал тавьсан байна.
Тэрбээр өөрийн шүтээн, 50 настай домогт репперийг хамтрагчаараа сонгожээ. Тэд хэдийгээр найз нөхөд биш ч гэсэн хэн хэн нь Лос Анжелесийн алдартнуудын хүрээлэлд олон жил болсон билээ. “Би үргэлж л Снүүп догт хайртай байсан. Цаашид ч хайрлана. Хөөрхий нөхөр минь олон ч жил намайг Снүүп догийн тухай ярихыг сонслоо доо” гэж Хайди Клум хошигножээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ