YouTube сувгаас бүх цаг үед хамгийн олон үзсэн дуугаар "Baby Shark" хүүхдийн дуу тодорсныг өчигдөр зарлажээ. Өмнөд Солонгосын "The Pinkfong Co" компанийн бүтээл "Baby Shark" дуу 2016 онд цацагдсанаасаа хойш тус сувагт 10 тэрбум давсан хандалт авчээ. Хөнгөн хэмнэлтэй, бүжгийн хөдөлгөөн хосолсон "Baby Shark" дуу нь дэлхий даяар багачуудыг "донтуулсан" гэж хэлж болно.
Олон хэл дээр орчуулагдан дуулагдсан "Baby Shark" дууг эцэг, эхчүүд ч андахгүй. Тэр ч бүү хэл алдартнууд хүүхдүүдийнхээ хамт уг дууг дуулж, бичлэг хийж цацсан төдийгүй Вашингтоны сагсан бөмбөгийн баг дэлхийн цувралуудад ялсныхаа дараа уг дууг эгшиглүүлсэн удаатай. Мөн "Nickelodeon" компани бяцхан аварга загасны тухай кино хийхээр ажиллаж буй.
"The Pinkfong Co" компанийн захирал Ким Мин Сүг хэлэхдээ "Baby Shark" дуу хэрхэн дэлхийг тойрон хүмүүсийг холбож байгааг харах нь бидэнд үнэхээр утга учиртай аялал боллоо. Бид "Бяцхан аварга загас"-ныхаа аяллыг үргэлжлүүлэн хуваалцахаа тэсэн ядаж хүлээж байна" гэсэн байна.
YouTube сувгийн хамгийн олон хандалттай хоёр дахь бүтээл бол Despacito дуу бөгөөд 7.7 тэрбумын хандалт авчээ.
Гуравдугаарт, "LooLoo Kids"-ийн бүтээсэн "Johny Johny Yes Papa" нэртэй хүүхдийн дуу оржээ. Энэ дууг тус сувагт 6.10 тэрбум удаа тоглуулсан байна.
Дөрөвдүгээрт, Эд Шираны "Shape of You" дуу 5.5 тэрбум үзэлтээр нэрлэгдсэн.
Тавдугаарт, "Галзуу" хурд киноны жүжигчин Пол Уолкерын дурсгалд зориулсан "See You Again" дуу 5.38 тэрбум хандалтаар бичигдэж байна.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ