Хүүхдийн мөнгө Улсад яагаад хэрэг болов?
За, бүгдээрээ толгой эргүүлж дөнгөх хэдэн тоог хүүхдүүдийнхээ өмнөөс хамтдаа бодоцгооё оо.
Та бидний хүүхэд сар бүр 100,000 авдаг, тийм үү? Тэгвэл төрөөс гарсан шийдвэрийг задлан танилцаад үзье. Нэгт, хүүхдүүд маань энэ оны 7 сарын 1 хүртэл 100,000 төгрөгөө авсаар байхнээ. Хоёрт, харин түүнээс цаашид 100,000 төгрөгийнхөө тодорхой хувь буюу бүгдийг нь аль эсвэл тал хувийг нь хуримтлуулах юм байна.
Тэгвэл яаж?
Тал мөнгө болох 50 мянган төгрөгийг автоматаар татуулан төрд хуримтлуулж, үлдсэн 50 мянган төгрөгийг нь авах уу? хуримтлуулах уу? гэдгээ өөрсдөө шийдэх юм. Энд яг юу болоод байна вэ?
Төр санаачилгаараа хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлж, нэг хэсэгтээ олгосон болж байгаад эргээд талыг нь “хаа нэг тийшээ татах” хэрэгтэй болсон юм болов уу? Анхнаасаа ийнхүү төлөвлөж л хүүхдийн мөнгийг нэмсэн үү? гэдэг хардлага хаа сайгүй төрж байгаагаа нуулгүй илэрхийлцгээж байна.
Монгол улсын нийт 1.2 сая хүүхдийн нэрийн өмнөөс 18 нас хүртэл нь сар бүр 50,000 төгрөгийг автоматаар татаж, жилийн хэдэн хувь нь тодорхойгүйгээр “бичилт хийх” нь хэнд ашигтай вэ? Наад захын арилжааны банкны хуримтлалын жилийн хүү багадаа 8% гэж тооцоход хамаагүй ашигтай байх бус уу? Хүүхдүүдийг маань 18 нас хүрэх үед улс уг хуримтлалаа хэрхэн, яаж эргүүлэн хүртээх юм бол…. Тэр үед ээлжит нэгэн үлгэрээ ярих уу? Хадгаламжийн хүү хэдий буурсан ч дурын арилжааны банкинд жилийн 8 хувийн хүүтэйгээр сар бүр 50,000 төгрөг хийхэд л хүүхэд 18 нас хүрэхэд 20.9 сая төгрөгийн хуримтлалтай болох боломжтой байтал төрийн “хий бичилт”-ээс жилийн хэдэн хувь нь тодорхойгүй, үнэхээр олгогдох эсэх нь ч мэдэгдэхгүй байдлыг дуугүй хараад сууж болохгүй болов уу?
Энэ байдлаараа, Ирээдүйн өв сан маань Ирээдүйн өр сан болчихвий гэсэн айдас айсуй.
Холбоотой мэдээ