Хятадын эрх баригч Коммунист намд ажилладаг байж болзошгүй нэгэн эмэгтэй Их Британийн парламентын ордонд нэвтэрсэн гэж Их Британийн дотоодын тагнуулын албанаас мэдээлжээ.
Нийтийн танхимын төлөөлөгч Линдсей Хойл Пүрэв гаригт парламентын гишүүдэд хүргүүлсэн мэдэгдэлдээ энэ талаар дурдсан байна. Тодруулбал, Хятадын тагнуулч гэх тус эмэгтэй Коммунист намын нэрийн өмнөөс улс төрд хөндлөнгөөс оролцсон болохыг Их Британийн “MI5” тагнуулын албанаас олж тогтоожээ.
Хятад иргэн хууль тогтоогчидтой харилцаж байсан тухай түүний мэдэгдэлд бичсэн аж. Тус эмэгтэй Хонгконг, Хятадад амьдардаг гадаадын иргэдийн нэрийн өмнөөс парламентын гишүүн болох хүсэлтэй хүмүүст санхүүгийн хандив өргөх үйл ажиллагааг дэмжиж ажилласан гэжээ. Улмаар түүнийг албадан нутаг буцааж, Ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газраас энэ хэргийн талаар Нийтийн танхимд мэдэгдэл хийхийг Консерватив намын удирдагч асан Данкан Смит хүсчээ.
Хятад, Орос хоёр улсын аль аль нь арилжааны нууц мэдээлэл, оюуны өмчийг хулгайлж, дотоодын улс төрд хөндлөнгөөс оролцож, ташаа мэдээлэл цацахыг эрмэлзсээр ирсэн гэж “MI5” тагнуулын алба мэдэгдэв.
Их Британи 2021 оны хоёрдугаар сард Хятадын гурван тагнуулчийг хөөсөн. “MI5”-ын мэдээлснээр, тэд өөрсдийгөө сэтгүүлчийн дүрд хувиргасан боловч үнэндээ Хятадын Төрийн аюулгүй байдлын яаманд ажилладаг байжээ. Одоогоор Хятадын тал энэ асуудлаар тодорхой хариулт өгөөгүй байна.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ