ТАЗ-ийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилов

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

LiveТАЗ-ийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилов

15 : 25
2022-1-14

"Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хуульд дүн шинжилгээ хийсэн"

УИХ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  баталсан. Уг хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

Энэ хуулиар:

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг,
  • эдийн засгийн үндсийг тодорхойлж, засаг захиргаа,
  • нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо,
  • үйл ажиллагааны зарчим,
  • нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрхийг шинээр тогтоосон.

Тухайлбал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүрэг, нэгж дэх нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлагын эрх хэмжээ, бүрэн эрхийг тусгайлан тогтоож өгснөөр бүх шатны Засаг дарга, хурлын эрх мэдлийн хуваарилалт тэнцвэртэй болж, тэдгээрийн хоорондох удирдлага, чиг үүргийн давхардал, хийдэл арилсан байна.

Мөн төрийн зарим чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад шилжүүлэхдээ түүнд шаардагдах санхүүжилтийг хамтад нь шийдвэрлэдэг байхаар хуульчилсан нь захиргаа, төсөв, эдийн засгийн төвлөрлийг сааруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомжтой салбарын бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хууль хооронд давхардал, хийдэл, зөрчилгүй, практикт хэрэгжихүйц байх нөхцөлийг хангах хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Шинэчлэн батлагдсан дээрх хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлын хүрээнд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан байгуулсан.

Уг ажлын хүрээнд “Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах аргачлал”-ыг баримтлан байгаль орчин, аялал жуулчлал, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, санхүү, төсөв, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, боловсрол, шинжлэх ухаан, зам, тээвэр, соёл, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэндийн болон бусад салбарын Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 586 хуульд дүн шинжилгээ хийлээ. Судалгааны дүнгээр дараах нийтлэг давхардал, хийдэл, зөрчил байгааг тогтоогоод байна. Үүнд:

-Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэрэглэсэн нэр томьёотой бусад хууль тогтоомжийн нэр томъёо зөрчилдсөн,

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэрэгжүүлэх чиг үүрэг, нэгж дэх нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлагын эрх хэмжээ, бүрэн эрхийг хуульчилсан боловч салбарын бусад хууль тогтоомжид хэрхэн хэрэгжүүлэх арга зам, процедурыг заагаагүй, тухайн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгаагүй, шаардлагатай зохицуулалтыг орхигдуулсан.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2.24-т заасны дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөлд уг хуульд заасан хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх болон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалууд хамаарахгүй” гэж онцлов.

14 : 04
2022-1-14

ТАЗ-ийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж Төрийн албаны тухай хуульд заасан.

Улсын Их Хурал зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд зөвлөлийн гишүүнээр нэг удаа улируулан томилж болох зохицуулалттай.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ц.Амартөгсийг томилуулахыг дэмжсэн. Сонгон шалгаруулах комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах мэдээллийг хэвлэл мэдээллээр долоо хоног нээлттэй зарлаж, найман хүн материал ирүүлснээс журмын шаардлага хангасан таван оролцогчийг бүртгэж үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс хамгийн өндөр үнэлгээ авчээ.

ТОВЧ НАМТАР

Цэнддаваагийн Амартөгс 

Боловсрол:

  • 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгссөн,
  • 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд бизнесийн удирдлагын магистр,
  • 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан,
  • 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцдаг.

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн,
  • 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга,
  • 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга,
  • 2015-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн жил өргөн барьсан. Энэ хуулийн хүрээнд улс төрийн албан тушаалтнуудад шалгуур шаардлага тавьдаг болно. Өнөөдрийн байдлаар Монголын төрөөс цалинждаг ард түмний төлөө ажиллах ёстой 206 мянган албан хаагч бий. Төрийн тусгай алба хаагчдад маш олон шалгуур шаардлага тавьдаг мөртлөө мэргэжилтнээс нь эхлээд дарга болоход олон жилийн дадлага, туршлага ур чадвар, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг хүртэл харгалзан үздэг. Эрүүл мэндийн байдлыг нь хүртэл хардаг.

Төрийн албаны тухай хуулийг ялгаваргүйгээр үйлчлэх, гишүүд болон аймаг, нийслэл, сумын  Засаг дарга нарт шалгуур шаардлага тавих хуулийг өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ хурдан батлах шаардлагатай. Монголын төр цаашдаа эрүүл байх, төрийн албанд шинэчлэл хийх босго шаардлагыг энэхүү хуульд тусгасан. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Ц.Амартөгсөөс дээрх хуулийн төсөлтэй танилцсан эсэхийг асууя. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Ц.Амартөгс:

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцсан. Зарчмын хувьд төрийн жинхэнэ албан хаагчдад тавигдаж байгаа нийтлэг шаардлагуудтай зүй ёсоор нийцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт ажиллах боловсон хүчин олдохгүй байна. Хамгийн их зовлон бэрхшээл ярьж, асуудал үүсдэг салбар нь төрийн захиргааны мэргэжилтнүүд байна. Тэд хамгийн бага цалин авч байна. Гэтэл ачаалал нь өндөр. 500 гаруй мянган төгрөгөөр яаж амьдрах вэ? Төрийн албаны зөвлөлөөс Covid-19-ийн үед ерөнхий болон тусгай шалгаруулалт авалгүйгээр томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор орон нутагт ажил хийх хүн олдохоо больсон. Үүнийг төрийн албаны зөвлөл яаж шийдэх гэж байна. Хүнд хариуцуулж болохгүй. Жирэмсний амралтаа авахаар оронд нь хүн томилж болохгүй. Төрийн ажлыг хэн хийх вэ. Орон нутгийн удирдлагуудад ямар үүрэг чиглэл өгч байна вэ. Аймаг, орон нутагт хүний нөөцийн асуудал асар хүнд байна. Энэ талаар асууж сураглаж үзсэн үү.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Ц.Амартөгс:

-Орон нутагт боловсон хүчин дутагдаж байгаатай санал нийлж байна. Төрийн жинхэнэ албанд анх орох шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх зохицуулалтыг хэрэглэхгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдээгүй алба хаагчдыг томилсныг цуцлах шийдвэр гаргасан. Шалгуур хангаагүй томилогдсон хүмүүсийг шалгуур хангасан, дотор нь ажил үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсээр ажлыг нь түр гүйцэтгүүлж байна. Мөн шалгалт зохион байгуулах ажил хийж байна. Ажлын ачаалал их, цалин хөлс бага байгаа асуудлыг Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд эдийн засгийн агуулгыг баяжуулах, ижил ачаалалтай байгаа ажил үүргүүдийг адил цалин хөлстэй болгох, үр дүнгээр цалинжуулна. Энэхүү ажлыг үе шаттай хийхээр эхлүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Нийслэлээс аймаг руу албан хаагч очих уу. Нөөцөд шалгалт өгөөд тэнцсэн хүн ч байхгүй. Нөөцөд хүн байхгүй болохоор тэр чиг үүргийг хэн хийж гүйцэтгэх юм бэ. Орон нутгийн боловсон хүчний асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилохыг хуралдаанд оролцсон 40 гишүүнээс 22 нь дэмжив.

13 : 04
2022-1-14

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр Н.Онон, Д.Жавзандорж нарыг томилов

УИХ үргэлжлүүлэн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд  дууссан. Тиймээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлэх санал оруулсан. 

Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн. Тэднийг томилохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны олонх гишүүд дэмжсэн тул ийнхүү УИХ хэлэлцэж байна.

НЭР ДЭВШИГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж 42 настай.

  • 1998-2012 он хүртэл Энэтхэг улсын буддын шашны Гомон гүн ухааны их сургуулийг төгссөн.
  • 2012-2019 он хүртэл дээрх сургуульд багшилсан.
  • 2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд одоог хүртэл багшилж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон, 53 настай.

  • 1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн,
  • 1991-2000 он хүртэл Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,
  • 1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн,
  • 1996 оноос одоог хүртэл "Х-ТҮЦ" уран бүтээлийн нэгдлийн захирал,
  • 2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Хуульд "Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна. 

  • Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн хүнийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ.
  • Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Ерөнхийлөгчид санал болгоно гэж заасан.

Хоёр нэр дэвшигчийн хувьд соёл урлаг, түүх уламжлалын тал дээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэж үзэж байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл гэдэг байгууллага хоёр хуваагдаж хэрүүл хийдэг, хурлаа хийж чаддаггүй, байгууллагынхаа төсвийг баталж өгч чаддаггүй. Сүүлийн үед энэ байгууллага байнга шүүхдэлцэж байна. Арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш МҮОНРТ Үндэсний зөвлөлөө хуралдуулж чадахгүй байна. 4-5 удаа хурлаа зарласан ч гишүүд нь албаар бултдаг нөхцөл байдал руу орсон.

Өмнөх удирдлагууд нь шинэ удирдлагаа шүүхэд өгсөн. Үндэсний зөвлөлийн дарга нь ажлаа өгсөн. Шинэ дарга томилогдтол хуучин дарга нь бас шүүхэд хандсан. Ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тайланг авч хэлэлцэнэ. Ер нь гишүүд МҮОНРТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байна. Энэ хуульд Үндэсний зөвлөлийн гишүүн зургаан сарын турш хуралдаа оролцохгүй бол чөлөөлнө гэсэн заалт бий. Таван сар хуралдаа оролцохгүй байж байгаад нэг очоод дахин таван сар очихгүй байж болох зохицуулалттай. Жилд хоёр удаа хуралдаа суух зохицуулалтыг  өөрчлөх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Чуулганы эхэнд О.Цогтгэрэл гишүүн үг хэлсэн юм байна. Манай бүлгийн гишүүд Э.Бат-Үүлийгээ эргэж явсаар хуралд орой ирчихлээ. Удаа дараа намын хэдэн нөхөд АН-ыг төлөөлж байгаа мэтээр ярьцгааж байна. АН бол хууль, дүрэмтэй. Залуучууд том байж болно. Гэхдээ хууль дүрмээ биелүүлж ажиллана. Заан том байсан ч замаараа явна. Янз бүрийн аргаар мөнгө олсон байж болно. Тэр мөнгөөрөө АН-ын бүлгийг хоёр хуваах, цаашлаад УИХ-ыг хоёр хуваах гээд байгаа юм шиг үйлдэл гаргаж болохгүй. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор хэдэн үг хэлье.

Ерөнхийлөгчийн зүгээс зөв зүйтэй хүмүүсийг санал болгож байна гэж үзэж байна. Лам, хошин шогийн жүжигчид их амжилттай явдаг. Их сайн ч ажил хийдэг. Н.Онон бас хуулийн боловсролтой юм байна. Анкетаас нь харлаа. Украин улсад гэхэд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байх жишээний. Тэгэхээр энэ хүмүүсийг сайн ажиллана гэж найдаж байна. МҮОНРТ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Тиймээс хар тамхи хэрэглэсэн жүжигчин, дуучин, улстөрчдийг МҮОНРТ-ээр гаргахгүй байх тал дээр Н.Онон анхаарах хэрэгтэй.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон: 

-Хар тамхитай тэмцэх тал дээр тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг хийх нь зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчдийг телевизээр гаргахгүй байна гэдэг дээр үнэндээ хариулж мэдэхгүй байна. Үүнийг судлах хэрэгтэй болов уу.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн бодлогод жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн нэвтрүүлгийг эфирийн нийт цагийнхаа ядаж 5-10 хувийг зарцуулдаг болбол ямар вэ? Сүүлийн үед зурагтаар хөнгөн хийсвэр, амар хялбараар сайхан амьдарч болох мэт ойлголт төрүүлэх нэвтрүүлэг гарах болсон. Ажил хийх залуучууд олдохгүй боллоо. Хөдөлмөрийн үр шимийн талаар нэвтрүүлэг хийх хэрэгтэй.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон: 

-Байнгын хорооны хуралдаан дээр таны хэлсэн саналуудыг зөв зүйтэй гэж хүлээн зөвшөөрч байна. Хөдөлмөр эрхлэх залуучууд олдохгүй байна гэсэн үгийг эргэн тойронд болон өөрийн амьдралд мэдрэгдэж байна. Хэрэв би Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдвол энэ асуудалд анхаарал хандуулна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Ялангуяа монгол хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх чиглэлд илүүтэй анхаарах хэрэгтэй байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон:

-Хүүхэд багачууд болон өсвөр үеийнхэнд зориулсан контентыг их гаргахгүй бол тэдний сонирхол асар хурдан өөрчлөгдөж байна. Хуучны аргаар контент хийвэл угаасаа залуус хүүхдүүд сонирхохгүй. Ямар хүчээр үзүүлэлтэй биш. Тэдний сонирхлыг татахуйц, сэтгэхүйд нь зориулсан контент хийх нь зөв. Соёл урлагаар дамжуулан залуу үеийг эх оронч болгох тал дээр түлхүү анхаарч ажиллаарай.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж:

-Залуу хойч үеэ ирээдүйн Монгол орныг, гэр бүлээ авч явах хүмүүс болгохын тулд бид бүгд тал талаасаа хамтарч, олон зүйл хийхгүй бол болохгүй. Би хувьдаа МҮОНРТ-ээр хүүхэд залууст ёс суртахуун, хэрхэн зөв хүн болж төлөвших вэ гэсэн аргуудыг гаргах ёстой гэж бодож байна. Уурлаж болохгүй гэдгийг мэддэг мөртлөө уурлачихдаг. Тэгвэл яавал уурлахгүй, тэвчих вэ гэдгийг арга зүй талаас нь хялбарчилж гаргах ёстой. Үүнд өөрийн хувь нэмрээ оруулна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас чөлөөлж, Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилохыг хуралдаанд оролцсон 48 гишүүний 32 нь дэмжив.

11 : 54
2022-1-14

"Улсын өмгөөлөгчийн цалинг шүүгчийнхтэй дүйцүүлэх санал гаргасан"

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Улсын өмгөөлөгчийн нийгмийн асуудлыг дэмжих талаар хуульд хэрхэн тусгагдав? Өмнөхөөсөө хэр сайжирсан бэ?

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.Дэлгэрсайхан: 

-Өмнөх хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчдад улсын өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байсан. Харин уг хууль хэрэгжиж эхэлснээр үйл ажиллагааг нь өргөжүүлж, хэргийн гэрч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ажлаас халагдсан хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болгохоор тусгажээ. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон хүмүүст өмгөөлөл үзүүлэхээр заасан байна. 

Мөн аймгийн төвд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид зургаан сар, суманд тасралтгүй ажиллаж байгаа өмгөөлөгчид 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутамд олгоно гэж заасан байна. Үүнээс гадна улсын өмгөөлөгчийн цалингийн асуудлыг хуулийн хэлэлцүүлгийн явцад саналын томъёоллоор оруулж байна. Тодруулбал, улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорынхтой дүйцүүлэх буюу 1.5-2 сая төгрөгийн цалинтай болгох санал гаргасан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Энэ хуулийн төслийг дэмжихгүй. Бид улсын өмгөөллийн том сүлжээ бий болгох гэж байна. Асар мөнгө гарна шүү дээ. Аймаг, суманд нэгжтэй болно, таван жил тутамд тэтгэмж олгоно, орон сууцаар хангана, тээврийн хэрэгсэл унааны мөнгийг нь өгнө гэж байна. Ийм боломж төсөвт байхгүй. Өмгөөлөгч хувийн журмаараа ажиллаад, харин төлбөрийн чадваргүй иргэнд төрөөс төлбөрийг нь шийдээд өгдөг байх ёстой. Дахин нэг том төрийн алба байгуулж, нийгмийн бүх асуудлыг шийдэж болохгүй байх. Үүнд нийт хэдэн төгрөгийн зардал гарч байгаа вэ?

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.Дэлгэрсайхан: 

-Өмнө нь улсын өмгөөлөгч гэж байсан. Огт байгаагүй зүйлийг оруулж ирээгүй. Өмнө нь зөвхөн төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлдэг байсныг өргөтгөж, хэргийн гэрч, хүүхэд, өөрийгөө хамгаалах чадваргүй хүн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, ажлаас халагдсан хүмүүс, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон хүмүүст өмгөөлөл үзүүлдэг болохоор заасан. Хууль зүйн үндэсний хүрээлэн энэ үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Тэдний үйл ажиллагааг л өргөтгөж байгаа хэрэг. Хууль зүйн туслалцаа шаардлагатай, төлбөрийн чадваргүй иргэнд мөнгийг нь өглөө гэж бодоход идчихнэ. Зарим нь тэр мөнгөө олж авах арга замаа ч олохгүй хохирох тал бий.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: 

 Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээнд 2022 онд 1.3 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүний 980 орчим сая нь цалин, нийгмийн даатгалын зардал, үлдсэн нь урсгал зардал байдаг. Улсын өмгөөлөгчийн орон сууц, тээврийн зардалтай холбоотой заалтыг байнгын хорооны хуралдаанд саналын томъёоллоор оруулсан. Үүнийг тухайн орон нутаг санхүүжүүлж болно гэж заасан.

УИХ-ын  гишүүн Х.Ганхуяг:

-Улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорынхтой дүйцүүлнэ гэдгийг дэмжиж байна. Гэхдээ цаашдаа нийгмийн хариуцлагын хүрээнд  хувийн өмгөөллийн компанийг илүү оролцуулах хэрэгтэй. Улсын өмгөөлөгч хичнээн хэргийг шийдвэрлэсэн талаарх тоон мэдээллийг авмаар байна.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.Дэлгэрсайхан: 

-Өнөөдрийн байдлаар улсын 72 өмгөөлөгч ажиллаж байна. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдэг шиг хууль зүйн сайдын багцад байгаа мөнгөний хэмжээгээр өмгөөлөгчийн тоо  орж ирдэг. Өмгөөлөгчөө нэмж байж үйлчилгээгээ сайжруулна. Эхний ээлжид хууль зүйн туслалцаа авч чадахгүй байгаа эрх нь зөрчигдөж байгаа хүмүүст хүргэхийн тулд энэ хуулийг санаачилсан. Сум, орон нуагт мэргэжлийн сайн хуульч барагтаа олдохгүй. Тиймээс эдгээр хүмүүсийг сум, орон нутагт нь тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалинг нэмнэ. Хувийн өмгөөлөгчийг оролцуулах асуудлыг хуульд тусгасан. Жилдээ хоёр удаа өмгөөлөл үзүүлэх үүргийг хүлээж байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: 

Хууль зүйн туслалцааны төв нь эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд нийт 72 албан хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, 21 аймаг, 2 сум нийт 31 салбараар дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус төв нь 2014-2020 онуудад нийт 62502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 17506 эрүүгийн хэргийн 19042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Сүүлийн гурван жилийн байдлаар хууль зүйн зөвлөгөө 30-40 хувь, өмгөөллийн үйлчилгээ 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан.

2019 онд зөвлөгөө авсан нийт иргэдийн 53 хувь нь эрүүгийн хэрэг, 38.3 хувь  нь иргэний хэрэг, 8.3 хувь нь захиргааны байгууллага, захиргааны акттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авсан бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт зөвлөгөө авсан иргэдийн 53.6 хувь нь эрүү, 39.9 хувь нь иргэн, 6.5 хувь  нь захиргааны байгууллага, захиргааны акттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авчээ. Дунджаар нэг улсын өмгөөлөгчид жилд  зөвхөн эрүүгийн 80-90 хэргийг шийдвэрлэж байна.  

УИХ-ын гишүүн П.Анужин: 

 -Энэ хуулийн хамгийн гол заалт болох улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорынхтой дүйцүүлнэ гэдэг заалт байнгын хороон дээр дэмжигдээгүй. Төлбөрийн чадваргүй магадгүй хэлмэгдэж байгаа иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэх нь төрийн эрхэм үүрэг. Хуулийн төслийн амин чухал заалт болох улсын өмгөөлөгчийн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой заалтыг дэмжих хэрэгтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.Дэлгэрсайхан:

 Улсын өмгөөлөгчийн цалинг нэмэгдүүлэх саналыг байнгын хороо дэмжээгүй. Төсөвт тусгасан уу үгүй юу гэдэг дээр зарим гишүүн эргэлзээд, энэ заалтыг унагаасан. Өмнө нь огт байгаагүй зүйлийг шинээр бий болгож, зардал нэмэх гэж байгаа юм шиг ойлгоод дэмжээгүй.

 УИХ-ын гишүүн П.Анужин: 

 -Төсөв мөшгих сэдвээ бид зөв олмоор байна гишүүд ээ. Эрх нь зөрчигдөж байгаа иргэддээ туслалцаа үзүүлэх гэхээр төсөв ярьж байна. Гэтэл бурхан элдэв юм барих болохоор төсөв нь илүүдэж хэдэн тэрбумаар орж ирж байж таарахгүй. Бид хүний эрхээс ухарч болохгүй. Төлбөрийн чадваргүй иргэддээ туслалцаа үзүүлэх асуудал дээр төсөв ярьж байгаа бол эмгэнэл шүү.Тиймээс улсын өмгөөлөгчийн цалинг нэмэх асуудлыг дэмжих ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 Төрийн албан хаагчид шиг өмгөөлөгчдийг бий болгох гэж байна.Хөдөө орон нутагт ажиллахаар тэтгэмж авах хэлбэр рүү оруулаад л. Хувийн хэвшил хийх боломжтой ажлуудыг төр өмнөөс нь шүүрч авч хийх гээд байна. Төр бүр данхайх нь. Уг нь Өмгөөллийн тухай хуульд өөчрлөлт оруулсан бол илүү оновчтой байх байлаа. Өмгөөллийн салбар төрийнх болоод л дуусна. Цалин нэмнэ, халамжаар хангах социалист уралдаан явагдаад эхэллээ. Гэтэл энгийн хэв журмыг сахиулагч цагдаа нартаа  ингэж хандаж чаддаг бил үү. Алагчилсан байхаа л боль. Ийм хуулийн заалтыг оруулж ирэхээсээ ичих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.Дэлгэрсайхан:

-Ч.Хүрэлбаатар гишүүн буруу ойлгоод байна. Хувийн өмгөөллийг булааж авах гээгүй шүү. Төлбөрийн чадваргүй хүмүүст хувийн өмгөөллийг ямар ч байгууллага  үйлчилгээ үзүүлдэггүй. Хүний эрхийг хамгаална гэж ярьдаг боловч бодит байдал өөр. Төлбөрийн чадваргүй хүмүүст төр үйлчилгээ үзүүлэх ёстой үүргээ хүлээж байна. Улсын өмгөөлөгч хөдөө орон нутагт ажиллуулахын тулд урамшууллыг хуульд тусгасан. Ердөө 70 гаруй өмгөөлөгчийн талаар ярьж байна. Арилжааны өмгөөлөгч хөдөө ажиллана гэж байхгүй. Засаг дарга хийж байсан гишүүд мэднэ дээ. Хөдөө орон нутагт хувийн өмгөөлөгч гэж байхгүй. “Ганц худагийн хорих ангид өмгөөлөгчийнхөө царайг ганц харчих юмсан гэдэг улсууд байгаа” талаар Б.Энхбаяр гишүүн ярьж байсан. Ийм л хүмүүст төр үйлчилгээ үзүүлэх гэж байна. Үндсэн хуульдаа хүн бүр тэгш эрхтэй байна гэж заасан. Энэ хуулийг гишүүд дэмжиж өгөхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурорын цалинтай дүйцүүлнэ гэр санал байнгын хороон дээр дэмжигдээгүй унасан. Энэ бол 70 гаруй хүний асуудал. Шүд сугалах байдлаар цалингийн сүлжээг УИХ олон жилийн турш буруу практик үлдээсэн. Хамгийн сүүлд С.Чинзориг гишүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ой болж байгаатай холбоотойгоор цалинг нь нэмүүлсэн. Гэтэл одоо өөрөө өөртэйгээ зөрчилдсөн  эсрэг юм яриад сууж байна.  Улсын өмгөөлөгчийн цалингийн асуудлыг энэ жилийн улсын төсөвт тусгаад баталчихсан. Төсвийн тухай хуулиар төсвийг нь баталчихсан. Ер нь үнэгүй юм чанаргүй гэдэг шиг улсын өмгөөлөгчид 700 мянган төгрөгийн цалин өгчхөөд, 700 хүний эрхийг хамгаал гэхээр энэ худлаа.Тэгэхээр бид нэг өмгөөлөгчийн цалинг нэмэх тухай асуудлыг харахаас илүү өмгөөлүүлж байгаа хүний эрхийг хамгаалах тухай асуудал байгааг анхаарах хэрэгтэй байна. Иргэд хуулиа мэдэхгүй байгаагаар нь далимдуулж эрүүдэн шүүх процесс өрнөж байна. 2019 онд Сонгинохайрхан дүүрэг дээр хэрэг хийгээгүй нэг хүнд 15 хилс хэрэг тохсон. Үндсэн хуулиар хүний эрх хамгаалагдсан гээд өчигдөр 30 жилийн ойгоо тэмдэглээд сууж байтал цаана чинь 15 хилс хэрэг хүнд тохсон байна. Энэ нь хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хамгаалж өгөөгүй.

Гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. УИХ зарчмын зөрүүтэй 18 саналыг томьёоллоор тус бүрд нь санал хураасны дараа Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гүйцээн боловсруулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

11 : 50
2022-1-14

"Зорилтот бүлгийн иргэдийг өмгөөлөх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай"

УИХ үргэлжлүүлэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр “2013 онд батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулиар төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулж байна.

Уг хууль батлагдсанаас хойш нийт  гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 10 орчим зүйл, заалтад өөрчлөлт орсон. Ийнхүү нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо муу, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим шаардлагатай зохицуулалт тусгагдаагүй байна.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль 2014 оны оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр төлбөрийн чадваргүй яллагдагчид төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг Хууль зүйн туслалцааны төв нь “Улсын өмгөөлөгч” гэсэн статустай өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

Хууль зүйн туслалцааны төв нь эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд нийт 72 албан хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, 21 аймаг, 2 сум нийт 31 салбараар дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тус төв нь 2014-2020 онуудад нийт 62502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 17506 эрүүгийн хэргийн 19042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Сүүлийн гурван жилийн байдлаар хууль зүйн зөвлөгөө 30-40 хувь, өмгөөллийн үйлчилгээ 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан.

2019 онд зөвлөгөө авсан нийт иргэдийн 53 хувь нь эрүүгийн хэрэг, 38.3 хувь  нь иргэний хэрэг, 8.3 хувь нь захиргааны байгууллага, захиргааны акттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авсан бол 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт зөвлөгөө авсан иргэдийн 53.6 хувь нь эрүү, 39.9 хувь нь иргэн, 6.5 хувь  нь захиргааны байгууллага, захиргааны акттай холбоотой зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Хууль зүйн зөвлөгөө авсан иргэдийн ихэнх нь үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг хэрхэн авах, улсын өмгөөлөгчийн талаарх мэдээлэл авахаас гадна өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн тэтгэлэг хэрхэн гаргуулах, хүүхэд үрчлэх, насанд хүрээгүй хохирогчийн эрхийг хэрхэн хамгаалах, эцэг тогтоолт, хөрөнгийн маргаантай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээллийг илүүтэй авсан байна.

Мөн 2019-2020 онд эрүүгийн хэрэгтэй холбоотой зөвлөгөө авсан нийт 9580 иргэн байсан ба үүнээс 6386 иргэн буюу 66.5 хувь  нь төлбөрийн чадваргүй, өмгөөллийн үйлчилгээ авах шаардлагатай иргэн байсан. Иргэний хэргийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө авсан иргэн 2019-2020 онд нийт 6945 байснаас 4122 иргэн буюу 59.3 хувь нь төлбөрийн чадваргүй бөгөөд өмгөөллийн үйлчилгээ авах шаардлагатай иргэн байсан байна.

Захиргааны хэргийн хүрээнд 2019-2020 онд 1395 иргэн хууль зүйн зөвлөгөө авснаас 647 иргэн буюу 57 хувь нь төлбөрийн чадваргүй бөгөөд өмгөөллийн үйлчилгээ шаардлагатай иргэн байв. Хуулийн хэрэгжилттэй холбогдох судалгаа болон олон улсын туршлагаас харахад хууль зүйн туслалцааг зөвхөн эрүүгийн хэргийн яллагдагчаар хязгаарлахгүйгээр иргэн, захиргааны зарим хэрэг, маргаанд оролцогч төлбөрийн чадваргүй хүн, зарим зорилтот бүлгийн иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг харуулж байна” гэж онцоллоо.

11: 00
2022-1-14

"Цус ойртолт бүртгэгдээгүй аймаг гэж байхгүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав.

Тэрбээр “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, нөхөн үржихүйг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр төрөөс онцгой анхаарч, шаардлагатай байна. Тухайлбал, Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх чиглэлийн дагуу 2015 онд Хүн судлалын төвийн үйл ажиллагааг Нийгмийн эрүүл мэндийн газартай нэгтгэснээс хойш хүн судлалын асуудал хариуцсан чиглэлийн төрийн бодлого орхигдож иржээ.

Мөн хүн амын орон зайн байршил, суурьшлын нягтралтай уялдсан, төвлөрлийн эсрэг дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байна. Цаашлаад, Монгол Улсын хүн ам зүйн бодлогын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн чиг үүрэг бүхий бүтэц байхгүй байгаа бөгөөд үүний улмаас хүн ам зүйн бодлого төлөвлөлт болон хэрэгжилт учир дутагдалтай байна.

Төрийн энэхүү чиг үүргийг гүйцэтгэх бие даасан хараат бус байгууллага байгуулах шаардлагатай байна. Мөн удмын санг цус ойртолтоос сэргийлж, цэвэр тунгалаг байлгах гол хэрэглүүр болсон “Угийн бичиг” хөтлөх журмын хэрэгжилт улсын хэмжээнд хангалтгүй байна. Дийлэнх айл өрх “Угийн бичиг” хөтөлдөггүй, түүний ач холбогдлын талаар мэдлэг дутмаг байгаа нь судлаачдын хийсэн судалгаагаар харагдаж байна.

Монгол Улсад эх, хүүхдийн эсэн мэнд амаржих, эрүүл мэндийн үйлчилгээ, асаргаа, сувилгаа авах талаар төрийн бодлого дутагдаж байгаа бөгөөд энэ талаар төрөөс арга хэмжээ авах шаардлагатай гэж олон улсын байгууллага, мэргэжлийн газрын судалгаанууд дүгнэж байна. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн тоо өнөөдөр даруй 100 мянгаас давсан. Эх орондоо ирж, ажиллаж хөдөлмөрлөх сонирхолтой боловч ажлын байр хомс, ажиллаж амьдрах таатай орчин байхгүйн улмаас эргэн ирэх тохиолдол бага байна.

Үүнтэй холбоотойгоор гадаадад буй иргэдийн дунд гэр бүл салалт ихэсч, хүүхдийн эрх зөрчигдөх асуудал газар авч байна. Үүний зэрэгцээ Монгол Улс чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчин болсон иргэдээ эх орны бүтээн байгуулалтад бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйд хүрч байна.

Эдгээр үндэслэл, шаардлагын хүрээнд “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан” гэлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хүн амын удмын сантай холбоотой хүн судлалын салбарт зарцуулах хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн зохицуулсан талаар асуув.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Төсөв тооцоотой холбоотой асуудлаас зайлсхийсэн. 2022 оны төсөв баталсан учраас Засгийн газарт өөрт нь үүнийг төсөвт оруулахыг тогтоол дотроо оруулж өгсөн. Ярих ёстой хоёр том зүйл бий. Нэгдүгээрт, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого. Төслийн санаачлагч зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даах заалт оруулж ирсэн. Үүнийг орхигдуулаагүй. Илүү хуульчлахаар болсон. Тухайлбал, хүүхдийн тооноос хамаарч гэр бүлд дэмжлэг үзүүлэх талаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх гэж оруулж өгсөн. Ингэснээр гарах зардлыг төсөвт суулгах, улмаар хуульчилж оруулж өгөх нь зүйтэй.

Засгийн газар үүнийгээ тооцоод, төсөвт суулгаж, энэ асуудлыг дэмжих чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт илүү үүрэг хүлээлгэж байна. Хоёрдугаарт, генетикийн том лабораторийн асуудал байна. Хүн судлалын салбар зогсчихсон. Монгол Улсын хүн ам зүйн бодлого өөрөө институтгүй болсон. Тиймээс удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, монгол хүн судлалын салбарыг эргэн сэргээн хөгжүүлэх шаардлагатай. Болдог бол аюулгүй байдлын зөвлөлийн дор байдаг судалгааны стратегийн институтийн дор байлгах нь илүү зохимжтой.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Хүн амын өсөлтийг дэмжинэ гэдэг нь зургаагаас дээш хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг төр даах биш, өөр бодлого байдаг шүү. Өөрсдийгөө л онигоонд оруулаад байх юм. Та нар энэ заалтаа авч болохгүй юу. Энэ асуудлаар УИХ тогтоол гаргах хэрэгтэй.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Доог тохуу болохоор зүйл биш ээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Өнөөдрийн байдлаар цус ойртолт аюултай түвшинд очсон хэдэн аймаг байна вэ? Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ? Захиргааны арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол угийн бичиг хөтлөөд болчихгүй.

ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн газрын дарга, анагаах ухааны доктор Э.Энхмаа:

-Монгол Улсын хүн ам дахь цус ойртолтын түвшинг хүн амын доторх генийн тархалтын хуульд тулгуурлаж тооцоолж гаргасан. Энийг тооцоолох боломж нь яаж бүрдсэн бэ гэхээр хүн судлаач эрдэмтдийн 40 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд удамшлын маш олон системээр 337 ген, гаплопет гаргаж байж цус ойртолтыг сая тооцоолох боломж бүрдсэн.

Цус ойртолтыг F гэдэг коэффициентээр илэрхийлдэг. F гэдэг коэффициент 0-тэй тэнцүү байвал цус ойртолт байхгүй гэсэн үг. Тэгээс нэг рүү тэмүүлээд байвал цус ойртолт нэмэгдээд байна гэж заадаг. Бид 21 аймгийн хүн амын цус ойртолтын түвшинг тооцоолоод үзэхээр F гэдэг коффицент тэгтэй тэнцэж байгаа аймаг ердөө байхгүй. Ямар нэг хэмжээгээр цус ойртолт тодорхойлогдож байна. Цус ойртолт бүртгэгдээгүй аймаг гэж байхгүй. Угийн бичиг хөтлөх, ургийн овог хэрэглэх, хүн амын хөдөлгөөнийг тэтгэх гэсэн үндсэн гурван арга хэмжээ авах нь цус ойртолтоос сэргийлнэ. Үүнийг сэргээн хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Энэ тогтоолын төслийг хэлэлцэж эхэлснээр зургаа болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлнэ гэсэн яриа нийгэмд тархаад байна. Энэ бол буруу ойлголт юм. Гэр бүлүүдийг хүүхдийн тоогоор нь ялгаварласан асуудал болно гэж үзээд, энэ асуудлыг төсөлд тусгаагүй. Харин гэр бүлийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаас нь дэмжих зэрэг заалтуудыг тусгасан гэдгийг тодруулж хэлмээр байна.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төсөл батлагдлаа.

10 : 50
2022-1-14

УИХ дахь АН-ын бүлэг төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломж хангагдахгүй гурван сар боллоо. Иймд УИХ-ын даргад өнгөрсөн аравдугаар сарын 19-нд АН-ын олонх гишүүд шийдвэрээ уламжилсан. Гэтэл одоог хүртэл УИХ-ын даргын зүгээс ажиллах боломж бололцоог хангаж өгөхгүй байна. Шинээр сонгогдсон бүлгийн даргын суух өрөө, ажиллах боломжоор хангаж өгөхгүйгээс болоод УИХ дахь АН-ын бүлэг ажлаа хийхэд хэцүү байна. Та хуулиа биелүүлж ажиллаарай” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ дахь АН-ын бүлэг төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын хэрүүл маргаанаа дотроо эцэслэн шийд. Албан тушаалын тэмцлээ ярьж,  УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулах хэрэггүй. УИХ хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах үүрэгтэй” гэдгийг анхааруулав.

10 : 10
2022-1-14

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр "Монгол Улс холбооны бус нэгдмэл улс. Тиймээс Засгийн газраар хэлэлцэж, дэмжсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга тогтоол гаргасан. Улмаар Хятадын Элчин сайд руу албан бичиг бичих тухай яриад явж байгаа нь зүйд нийцэхгүй. Тэдгээр хүмүүст төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй.

Малчдад 9.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон боловч харамсалтай нь албан тушаалтнууд гурван сая төгрөг өгнө гээд зогсч байна. Тиймээс 9.7 тэрбум төгрөгийг Эрдэнэбүрэнгийн УСЦ барих талбайд суурьшиж буй иргэдэд өгөх ажлыг Засгийн газар зохион байгуулах ёстой. Төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хүргэх ёстой хүмүүс төрийн эсрэг тогтоол гаргаж байгаа нь харамсалтай.

Баруун таван аймгийн ард түмэнд маш хэрэгтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг гацааж байгаа төрийн албан хаагчдад хариуцлага тооц. Тэдний ард санхүүжүүлж байгаа хүмүүсийг илрүүл. Арай хэтэрлээ. Эрх баригч нам хэл амаас айдаг байх. Гэхдээ төр зарим зүйл дээр буюу  олон нийтийн эрх  ашгийг хөндсөн зүйл дээр  дуугарах хэрэгтэй" гэв. 

Үргэлжлүүлэн “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу. Нэг л их дарга, цэргээ сольсон, зодолдсон, бусармаг газар болчхоод байна. Ер нь эрх баригч намыг магтан дуулдаг болж. Үндэсний зөвлөлийн 15 гишүүний долоог нь УИХ, дөрвөн хүнийг Ерөнхийлөгч, үлдсэн дөрвийг нь Засгийн газар санал болгодог.

Монголын баялгийг зарж идсэн нөхдүүд хувийн телевиз их байгуулсан. Хувийн телевизэд мөнгө төлж, нийгмийг самардаг зүйл хавтгайрсан. Тиймээс ядаж үндэсний ганц телевизд ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар УИХ дээр сонсмоор байна. Энэ саналыг хэлэлцэх асуудалд оруулж өгөөч” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Н.Энхболд “Ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Үндэсний зөвлөлийн асуудал, шаардлагатай бол гүйцэтгэх удирдлагын асуудлын тайланг сонсоно. Хуулиар тогтоосон үүргээ Үндэсний зөвлөл биелүүлж чадахгүй байна гэх шүүмжлэл их гарч байна. Дотроо хагаралдаад, сүүлийн 4-5 сар хуралдаж чадаагүй. Нэг дор цуглахаараа даргаа солихоос өөр зүйл ярихаа больсон. Бүх бүрэлдэхүүнийг авч хэлэлцэж, шаардлагатай бол хуульд нь нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэйг ярьсан. Шаардлагатай бол энэ асуудлыг УИХ-аар оруулна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж