Өвгөдийн бурхад дундаас ялгарах Баян Намсрай, Энх-Амгалан хааны баримал, хавтастай бор толины өмнө ижилсүүлэн тавьсан шаазан морь, үнэг гээд нэгэн үе айл бүрийн хойморт заларч байсан шаазан эдлэлийг Монголд үйлдвэрлэхээ болиод удсан. Эдүгээ мартагдах шахсан шаазан ваарны үргэлжлэл болсон цомхон үйлдвэрт хуучны шилэн эвдлэл дахин “мэндэлж” байна. Налайхад байрлах тус үйлдвэрийн ойр орчим эл хуль, уран бүтээлчид бүтээлээ туурвихад тохирсон нам гүм ажээ.
Энд толь шиг тунгалаг, шил мэт гөлгөр хонх шиг жингэнэсэн дуутай гангар шаазан бүтээлүүдийг харж болохоор. Шаазангийн үйлдвэрт шаврын хурц үнэр хамар цоргих нь содон. Уран бүтээлчид дор бүрнээ ваар урлаад завгүй. Нэг нь ваарыг хэвэнд цутгаж, биежсэнийг нь маш болгоомжтой салгаж байхад нөгөө нь толь шиг тунгалаг болгохоор зүлгэж, бийрээр норгож харагдана. Хэв загварыг нь гаргахаас эхлээд цутгаж, өө сэвийг нь цэвэрлэж, угаасны дараа пааландаж, шатаасны эцэст шаазан “бүтдэг” аж. Үүнийгээ уран бүтээлчид хараад ёстой л шинэ хүн төрсөн мэт баярлаж, бас бахархдагаа хэлж байв.
Энд өөрийн хүсэл сонирхлоороо нэгдсэн 10 гаруй хүн ажилладаг. Тэдний нэг Д.Байгалмаа 18 жил цутгуур хийж буй туршлагатай мэргэжилтэн. Тэрбээр дугуй ваарыг дөрвөлжин хэвээс нь салгах зуураа “Тэтгэвэрт гарах цаг минь болсон ч дуртай болохоороо ажиллаж байна. Хүүхдүүд маань "Та гэртээ суугаад, хүүхдүүдээ хар" гэж зөвлөдөг ч ажил минь миний сонирхол. Дуртай болохоороо шавартайгаа найзалж байна. Ваар хэвэнд цутгах ажил бол хүн бүрийн хийхээр амархан зүйл биш. Маш их мэдрэмж шаардана. Анхаарал сарнихыг андахгүй. Нэг болгоомжгүй үйлдэл шаазанг хог хаягдал болгодог. Тиймээс нямбай бас мэдрэмжтэй байх хэрэгтэй” гэв. Түүний хувьд өдөрт 20 гаруй ваар, шаазан эдлэлийг хэвэнд цутгаж бэлтгэдэг байна. Өрөөнд нь 70 гаруй хэвэнд цутгасан цагаан ваарнууд өрөөстэй.
Дараа нь угааж цэвэрлэх хэсгээр оров. Бидний төсөөлсөн шиг цутгуураас гарсан ваарыг усаар угаахгүй. Хэвнээсээ гарсан ваарыг цаас зүсэгчээр өө сэвийг нь арилгасны дараа зүлгэж, бийрээр норгож угааж пааландана. Мөн л өчүүхэн өө сэвийг ваар андахгүй. Жаахан өө байхад пааландахад овойж товойх, арзайх гээд бас л учир дутагдалтай болдог аж. Яг л өндөг шиг өөгүй болтол зүлгэж, угаах зэрэгт нэг вааранд багадаа л 30 минут зарцуулдаг болохыг хэлж байлаа. Шил мэт гөлгөр болсных нь дараа зууханд шатааснаар шаазан ваар мэндэлнэ. Харин дараа нь будах чимхлүүр ажлын ард эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болох нь тэр. Энэ мэтчилэн ваар урлах нь нарийн төвөгтэй, мэдрэмж шаардсан чимхлүүр ажил аж. Хэдий 30 жилийн өмнөх шиг дотоодын шаазан эдлэлээ хангадаг байсан үетэй харьцуулахад цөөхөн хэрэглэгчтэй, цомхон үйлдвэр ч мартагдах шахсан өв соёлыг өөрсдөө тээж үлдсэн нь сайшаалтай.
Зохион бүтээгч Д.Дашдэлгэр хоёр жилийн өмнөөс “Монгол өв шаазан” нэртэйгээр үйлдвэрээ нээж байв. Түүний хувьд 30 жилийн тэртээ ажил буцалж байсан 300 орчим ажилтантай “Монгол шаазан” үйлдвэрийн нэгээхэн эд эс нь. Тухайн үед “Чамин хийцийн тасаг”-т зураач, зохион бүтээгчээр ажилладаг байж. Харин 1990-ээд онд зах зээлийн шуурганд үүдээ барьснаар керамикийн мэргэжилтнүүд шагай шиг тарж, дор бүрнээ өөрсдийн бүтээлээ туурвиж, замаасаа буцах нь буцсаар шаазан эдлэл гэх нэр томъёо ч мартагдаж. Ийм л үед “амь тасарсан” шаазан үйлдвэрийг 30 жилийн дараа дахин нээсэн нь энэ аж.
Түүний үйлдвэрээ нээх болсон тухай түүхээс сонсвол “Шаазан үйлдвэр бол миний 30 жилийн мөрөөдөл. Анх үйлдвэрээ нээнэ гэхэд эсэргүүцэх хүн олон байсан. Зах зээлийг Хятадын шаазан эдлэл эзэлсэн байхад шаазан үйлдвэр нээх нь бүтэшгүй санаа болохыг зөвлөх нэгэн ч байсан. Гэхдээ мэргэжилдээ хайртай, дуртай болохоор бүх хөрөнгөө шавхаж, үйлдвэрээ нээсэн. Шантарвал шантрахаар, замаас нь буцаж хаахад амархан л байсан байх. Гэхдээ шаазан эдлэл үйлдвэрлэх нь миний хобби учраас өдийг хүргэлээ” гэв. Түүний хувьд ихэнх цагаа үйлдвэртээ өнгөрүүлдэг бөгөөд шаазан эдлэлийн зохион бүтээгч, хэв зураачаар ажилладаг.
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Хятад, Оросын шаазан эдлэлүүд монголчуудын дотоодын хэрэгцээг хангах болсон ч Энх-Амгалан хаан, эмээлтэй хос морь, өвлийн өвгөн гээд хуучны эдлэл үнэ цэнээ алдсангүй. Хэн ч харсан гайхан бишрэхгүй байхын аргагүй ховор нандин бүтээлийн нэгээхэн хэсэг Д.Дашдэлгэрт ч байдаг. Түүний шүүгээнд өрөөстэй шаазан эдлэлүүд 1950-1990 оны хооронд. Дийлэнх нь өөрөө урлаж, хадгалжээ.
Нэгэн үед айл бүрийн хойморт заларсан эмээлтэй морь, Энх-Амгалан хааныг урд хөрш дуурайж үйлдвэрлэсэн ч монгол хүний ур хийц дахин давтагдашгүй болохыг тэрбээр хэлсэн. Энэ тухай ярихдаа “Хятад, Оросын шаазан эдлэлүүд дотоодын ахуйн хэрэгцээг хангаж, олон төрөл загварын бэлэг дурсгал ч их болсон. Гэхдээ аль ч улсын шаазан эдлэлийг цуглуулсан монгол хүний үйлдвэрлэсэн шигийг би олж хараагүй. Монголчуудын хувьд монгол ур хийцтэй, хуучны ховор нандин шаазан эдлэлүүдийг л их хайж, цуглуулдаг. Шаазан эдлэл харахад адилхан боловч ур хийцээрээ ялгарна. Жишээ нь, эмээлтэй хос морийг хятадууд хэчнээн дуурайлгаж үйлдвэрлэсэн ч монгол хүний урласан хийц дахин давтагдашгүй байдаг. Харахад л андашгүй” гэв. Тэр бол Монгол шаазангийн үргэлжлэл.
Холбоотой мэдээ