П.Золжаргал: Бид утаагаар бус, ядуурлаар амьсгалдаг

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

П.Золжаргал: Бид утаагаар бус, ядуурлаар амьсгалдаг

П.Золжаргал: Бид утаагаар бус, ядуурлаар амьсгалдаг

“Баавгай болохсон”. Нэрнээсээ эхлэн сонирхол татсан тус кино төслийн талаар найруулагч П.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр нийгмийн эмзэг сэдвүүд болох хүүхдийн эрх, боловсрол, утаа, ядуурлыг хөндсөн кино төслийг санаачлагч, уран бүтээлч юм.

-“Баавгай болохсон”. Яагаад заавал баавгай гэж?

-Түлэх нүүрсгүй, түлээ авах боломжгүй хүмүүс баавгай шиг хүйтний улиралд ичдэг байсан бол амар биш гэж үү. Тиймээс л “Баавгай болохсон” гэж кино төслөө нэрлэсэн юм.

-Кино төслөө хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

– Физикийн олимпиадад алтан медаль авах хүсэлтэй, шөнө болгон түлэх нүүрс хайж, сайхан амьдрахыг мөрөөддөг 15 настай хүүгийн талаар кино зохиолоо бичээд, 2017 онд Азийн залуу найруулагчдын уралдаанд явуулсан юм. Гэтэл бүтээл маань шалгараад зогсохгүй бүр түрүүлсэн. Тэр үед энэ төслийнхөө үнэ цэнийг олж харсан, бас өөртөө маш их итгэл, урам зориг олж авсан. Тухайн үед би IT компанид дата анализаар ажилладаг байв. Уралдаанд шалгарсныхаа дараа ажлаа орхин бодит бүтээл болгоё гэсэн хүсэл эрмэлзлээр шууд кино төсөл рүүгээ ханцуй шамлан орсон.

-Утаа,  ядуурал гээд дандаа хүнд сэдвүүд байна шүү дээ. Ийм хүнд сэдвээр бүтээл туурвих  стресстэй биш гэж үү?

-2008 онд, намайг сурагч байхад 100 айл орчим маш их утаатай байсан. Тэр үед  хүмүүс утааг байдаг л хэвийн зүйл гэж хүлээж авдаг байлаа. Харин 2016 онд Хятад улсын агаарын бохирдлын талаар баримтат кино гарснаар Монголын нийгэмд цочроо өгсөн юм шиг санагддаг. Талбай дээр  утааг эсэргүүцсэн жагсаал болсон.  Тухайн үед хүмүүс гэр хорооллынхныг чичилж, буруутгаж байсан. Би ээж болчихсон, гэр хороололд амьдарч байсан үе л дээ. Хүмүүсийн хандлагыг хараад үнэхээр гомдолтой санагдсан. Хэн ч хүссэндээ нүүрс түлээгүй шүү дээ. Даарахгүйн тулд, өвдөхгүйн тулд, үр хүүхдээ өвчин тусгачихгүйн тулд нойроо хагаслан босоод, гал түлдэг. Орчин үеийн технологи ашиглаад дулаанаа шийдье гэхээр цахилгааны мөнгөө төлж чадахгүйд хүрдэг. Үнэндээ Улаанбаатар хотын иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Гэтэл тэнд түлэх нүүрсгүй ч айл олон.

-Киноны гол зорилго юу вэ?

-Дүрслэлийн урлагийн хэлээр бодит амьдралыг харуулахыг хичээсэн. Ядуурал яг л намаг шиг. Ядуурлаас гарах маш хэцүүг би өөрөө биеэрээ туулсан учраас маш сайн мэднэ. Хангалттай хичээхгүй байгаадаа ч биш, системээрээ ядуурлаас гарах боломжийг өгөхгүй байна. Сургуульд жигд суралцах тэгш боломжийг өгөхгүй байна. Тиймээс уран бүтээлдээ утаа, боловсрол, ядуурал, тэгш эрхийг зүгээр нэг дурдаад өнгөрөхийг хүссэнгүй. Өөрөөр хэлбэл, манай кинонд шийдэл нь байна. Утааг устгамаар байвал ядуурлыг устгах хэрэгтэй, ядуурлыг устгахын тулд сайн боловсрол хэрэгтэй. Тиймдээ ч нийгмийн харах өнцгийг өөрчлөхийг зорьсон. Бид нэг хотын иргэд байтал бүгд сул талаа нуудаг. Ирээдүйд ядуу айлын хүүхэд, баян айлын хүүхэд бүгд л энэ нийгэмд зэрэгцэн оршино. Тиймээс хувь, хувьдаа хичээхээс илүү нийтэд нь анхаараасай гэсэн санааг бодитоор харуулахыг хичээсэн. Урлаг хүчтэй. Дам дамаа кино урлаг маш хүчтэй шүү дээ. Иймд манай киног үзсэнээр гэр хорооллын амьдралыг мэдэх биш мэдрэх байх. Тэнд бидний ах дүүс амьдарч байгаа, бидний эргэн тойрныхон бий. Covid-19 тусаад8 ганцхан халууны эм уугаад байгаатай адил үндсээр нь эмчлэхгүй ганцхан утаанд анхаарах нь түр зуурын аргацаасан хэрэг. Ганцхан утаа биш ядуурлаас архидалт, хүчирхийлэл гээд маш олон зүйлс шалтгаалж байхад нүд хуураад байна. Тэгэхээр үндсээр нь өөрчилцгөөе. Шийдлийг олж харцгаая гэж хүсч байна.

М.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж