Гал “манасан” төрийн тулга тойрсон хэрүүл

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

Гал “манасан” төрийн тулга тойрсон хэрүүл

Гал “манасан” төрийн тулга тойрсон хэрүүл
Улаанбаатар хот. 2022.01.13-ны 10,00 цаг

Шувуу бол нисэхсэн. Даан ч газрын хүн яахан чадах билээ… Далай, тэнгисийн ёроолд сүйдсэн хөлөг онгоц сүүмийн харагдах шиг энэ мэт зураг урагшгүй төрийн ухаангүй албатуудыг барьц алдуулан, дэмийрэхэд хүргэжээ. Дэмий юм дэмий, Дэмбэрэл бүр дэмий санж.

Улаанбаатар хот. 2022.01.13-ны 10.00 цагт.                                              Гэрэл зургийг: Мандирын Төмөрбат

ЭЗЭНГҮЙ УТАА

“Агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан, цаашид 80 хувь бууруулна” гээд хэлчихвэл болчихно гэж бодож явсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөөрцөглөсөн хүүхэд шиг дүрс бичлэг хадгалагдан үлджээ. Сү.Батболдын үед Э.Бат-Үүлийн үеэс илүү цас орсноос халтиргаа ихэссэн гэж бяцхан тархиндаа сэтгэж чаддаг тавиулууд өөрчлөгддөггүй ажээ. Хоёр жил утаагүй болчихлоо гэж хөөрцөглөсөн тавиулууд утаа ихсэх үед салхи салхилахгүй байгаа тухай солиорч, нүүрсэнд л буруугаа чихсээр нийслэлд нүүрс түлэхийг хориглосны дараа дугуй, хог, бүр нүүрс оруулж ирдэг мафи бий болсон тухай үлгэр домог зохиосон. Бүр хорооныхоо айл бүрийн зууханд юу шатаж байгааг олж тогтоох мэргэн ухаан хүртэл сэдсэн сэн. Гэтэл дугуй түлж, хог шатаасан ганц хэрэгтэн олдсонгүй. Олдоогүй учраас олон тоон дээр “иргэд” дугуй түлэх тохиолдол их байна гэж хоёр жил “боргов”.

Энэ хооронд утааны эсрэг ээж, аавуудын группийн админ тэмцэгчээ байгаад шахмал түлшийг хэрхэн зөв түлэх талаар цахимаар хичээл заах болжээ. Одоо Ерөнхийлөгч боддог байх. Хотын орлогч З.Төмөртөөмөө бацааныг дагаж хэрэггүй худлаа хэллээ гэж. Өвлийн ид утааны үеэр Засгийн газарт эрхээ шилжүүлчихсэн УИХ-ын даргыг дагаад Баянхонгорт өвс, тэжээл тарааж явсан “амьтан” яаж хотын утааг мэдэх вэ дээ.

Нутгийн агаар амьсгалаад, ахын хишиг хүртсээр ирсэн залуу аваргад алгадуулахгүй гэхдээ айгаад сүрхий том тоо хэлчихсэн хэрэг. Хэлж л байдаг, зүйрлэж л байдаг. Таарсан ч дугуйнууд бол доо. Уг нь утааны буруутныг олох амархан л даа. Айлын зуух руу өнгийж, амьтан хүний доог болохын оронд шахмал түлш гэдгээ өөрсдөө нэг харчихмаар. Маш товчхондоо түүнийг бидний хэлж заншсанаар нүүрсний “хогоор” хийж байгаа. Буталсан нүүрсийг бөөрөнхий болгоод цавуудаад барьцалдуулж байгаа. Юун шахмал түлш, нүүрсийг хориглох. Нүүрсийг цавуутай холиод буй хэрэг. Бүр бидний амьсгалах агаарыг нэмээд цавуугаар бохирдуулдаг болсон хэрэг.

Ингээд утасны үзүүрээс хөөвөл нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргагчид утааны эзэд болж таарна. Уг нь бол гал гаргаж л байгаа бол утаа гарах нь зайлшгүй юм шүү дээ. Нүүрсийг бутлахаар агууламж нь өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг дарга нартай билээ, бид. Багш нь “Суу биш буу, муу биш мунхаг” гээд буулгадаг ч болоосой. Ингэж л илбийн юм шиг эзэнгүй утаатай болов. Утааны эзэд нь гал түлээд байгаа гэр хорооллынхон уу, гамшиг тариад буй эрх баригчид уу?

Улаанбаатар хот. 2022.01.13-ны 10.00 цагт.                       Гэрэл зургийг: Мандирын Төмөрбат

ХЭНИЙ ГАЛ НОЦОЖ, ХЭНИЙХ УУГИВ

Хүн төрөлхтөн 150 мянган жилийн өмнө гал олжээ. Эндээс өнөөгийн өндөрлөг хүртэл хөгжсөөр өдий зэрэгт хүрчээ. Галыг цахилгаан бүхий л талаар орлох болов. Гэтэл бид галаа түлсээр… Хүн төрөлхтний 150 мянган жилийн туршлагыг үгүйсгэн, Монголын төр өнөөдөр гэр хорооллынхонд галаа хэрхэн түлэхийг зааж байна. Учир нь шахмал түлшийг хэрэглэх болсноор олноороо угаартаж нас барсан тохиолдол хэдэн арваар гарсан юм. Үүнд шахмал түлш үйлдвэрлэгч бус үйлдвэрлэсэн түлшийг нь түлсэн иргэдийн буруу гэж үзсэн юм.

Тиймээс угаарын дохиоллоор гэр хорооллыг хангаад зогсохгүй зуухыг нь сольсон. Энэ төрлийн бизнес ид цэцэглэж байна. Утаа багассангүй. Үүнийг салбар хариуцсан сайд нь шахмал түлш хямд үнэтэй байгаатай холбон тайлбарлах гэж үзсэн төдийгүй түүнийг нь батлах албан тушаалтны бичлэг иргэдийг бухимдуулж байна. Хариуцсан албан тушаалтнуудын хэлснээр гал асаах мод үнэтэй байгаа учраас иргэд бага мод хэрэглэж, цогон дээр нь шахмал түлш хийж байгаагаас утаа ихэсчээ.

Тэгвэл "Тавантолгой түлш" компани 2020 оны хүйтний эрч чангарсан оргил сард 3200 тонн борлуулсан бол өнгөрсөн жил 300 орчим тонноор илүүг борлуулжээ. Шуудайгаар нь тооцоод үзвэл ямар их мөнгө эргэлдэж, энэ компанид хэдий хэмжээний мөнгө орсныг бодоод үзээрэй. Гэтэл төлөөсөнд нь нийслэлчүүд бултаараа хордож байна. Иргэд уугиж байгаад угаартаад үхчих вий дээ гэхдээ цахилгаан халаагуурт шилжиж, аль болох гал түлэхээс цааргалах болжээ.

Гуравхан жилийн хугацаанд 450 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулсан гэсэн статистик бий. Зах зээлийн дундаж ханшаар 100 саяын үнэтэй байраар тооцвол 4500 айлын янданг цөөлж, тэрхүү байрыг барих хэдэн зуун компанийг, хэдэн мянган ажиллагсадтай нь цалинтай, орлоготой байлгах мөнгийг утаа болгоод хийсгэжээ. Тиймээс албан тушаалтнуудын гал бадарч, иргэдийнх гал уугин угаартуулж байна.

Улаанбаатар хот. 2022.01.13-ны 10.00 цагт. Гэрэл зургийг: Мандирын Төмөрбат
Улаанбаатар хот. 2022.01.13-ны 10.00 цагт.                                   Гэрэл зургийг: Мандирын Төмөрбат

ХЯМД "УТАА", ХАЙРАН МОД

Агаарын бохирдол үнэхээр нэмэгдсэн үү, эсвэл иргэд худлаа яриад байна уу гэдгийг тогтоохоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан холбогдох албаныхан, мэргэжлийн хяналт, түлш үйлдвэрлэгчидтэй "төсөөллийнхөө" ертөнцийн бодит байдалтай танилцав. Тэд утаа ихэссэн шалтгаан, нөхцлийг тодруулахаар ажилласан юм. Энэ үеэр дугуй, хог түлдэг гэх таамаг төрийн албаныхны зүгээс гарсан бөгөөд үүнд хариулт өгсөн хорооны ажилтан алмайруулах нь тэр.

Яндангаас нь хар утаа гарч буй айлыг хараад гүйн очиж, зуухыг нь үзвэл шахмал түлш байдаг ажээ. Тэрбээр энэхүү ажиглалтаа сарын турш хийж буйгаа тодотгосон юм. Шахмал түлш үйлдвэрлэгчид айлын хашаагаар эрээ цээргүй орох бөгөөд амбаарт нь хураалттай шахмал түлшийг хараад “Иргэд ингээд их хэмжээгээр авч, хадгалалтын горим алдуулаад байгаа юм” гэж ирээд сүрхий нарийн найрлагатай хүнсний бүтээгдэхүүн аятай тайлбар хийж байгаад чийгшилтийг нь шалгатал "Чийгний хувьд асуудал алга" гэх дүгнэлт гарах жишээтэй. Хэрвээ асуудалтай гэж гарсан бол бороо, цаснаас хамгаалах хэрэгтэй гэхчилэн мундагдаж байсан нөхөр гэртээ оруулж халуун газар байлгах ёстой ухааны яриа өрнүүлэх байсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь хотын даргын агаарын бохирдол хариуцсан орлогчоос эхлээд хөгийн юм ярьж, түүнийгээ залруулах гэж уучлалт гуйгаад бүр дэмийрч буйг бид бүхэн харсан.

Дараагийн гаргалгаа нь галаа түлж буй залууг байлах. “Иргэд уугиулаад байгаа. Түлш хямд, мод үнэтэй 6000 төгрөг" гэж сүржигнээд очвол мөнөөх залуу хариуг нь барих нь тэр. "Мал маллахаа Марксизмаар заалгахгүй" гэгчээр өсөхөөсөө өдий хүртэл гал түлсэн эр яг л горимоор нь хийж харагдав. Ганц буруу юм болсон нь галласан зуух, яндангаас нь хав хар утаа, тортог олгойдон гарна.

Албаныхан харин "ингэж байгаад асаад ирэхээрээ утаагүй болж байгаа биз" гэх авай. Залуу "нүүрс ч асахаасаа өмнө уугиж байгаад асаад ирэхээрээ утаа нь шингэрдэг шүү дээ" гэж гайхан зогсоно. Явж явж мод үнэтэй нь буруудсан уу, шахмал түлш хямд нь буруудах уу мэдэхгүй. Хэрэг нь байхад эзэн нь олддог хойно, өмнөөс нь өмөөрөх хүнгүй мод л буруутан болох шинжтэй. Гэтэл бид чинь уулын модыг тайраад түлэх бус, тэрбумаар ургуулах том амбицтай яваа улс шүү дээ. Хэлгүй гээд хамаагүй мод руу чихвэл "зайлцгаа" л болох вий дээ.

ГАЛ ТҮЛЭХЭЭР УТАА ГАРДАГ

Тэрхүү угаарны уг гарал, эх үүсвэр, буруутныг олох гэсэн багийнхан ерөөсөө бурууг бусдын болгохоор гараад бодсоноос нь бүгд эсрэг болсон болохоор буруутныг олж чадсангүй. Бодлоо өөрчлөхгүй бол бүр олдохгүй ч байх. УИХ-ын гишүүн Т.Билэгтийн хэлсэн гашуун үнэнийг сануулахад “Өвөл болохоор хүйтэн болдог”. Хүйтэн болохоор гал түлдэг. Гал түлж л байгаа бол утаа гардаг юм шүү дээ. Гэтэл сайд дроноор хотын утааг хянах тухай яриад эхэллээ. Шахмал түлшний тортог болсон гэрийн бүрээстэй гэрийн зургийг эс тооцвол дроноор ингэж л харагдана л даа. Жилээс жилд нэмэгдсээр буй 400 орчим мянган янданг дрондлоо гээд татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ үү гэхээс утаа арилахгүй ээ, Н.Уртнасан сайд аа.

Улаанбаатар хот. 2022.01.13-ны 10.00 цагт.                                  Гэрэл зургийг: Мандирын Төмөрбат

САЛХИГҮЙ ҮЕД ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХОРИГЛОЁ

Нэг юмыг тохирмоор. Нүүрсийг нүүрс л гэе. Бутласныг нь "бутласан нүүрс" л гэе. Шахмал түлш биш шүү дээ. Бид ч, та нар ч мэднэ. Утаа ихэссэн нь салхи намджээ. Утаа багассан нь салхиласных байжээ. "Иргэд буруутай" гэж илүү үзэхээ л больчих. Түүний оронд цаг уурчидтайгаа хамтарч ажиллаад, салхигүй өдөр шахмал түлш түлэхийг хориглоод, оронд нь цахилгаан халаагуур хэрэглэхийг зөвлө. Хашаа хороог нь нураасан их салхитай өдрийг шахмал түлш түлэх өдөр гэж цаг агаарын мэдээгээр зарладаг болчиж. Энүүнээс илүү зүйл хийх ухаан, чадал байхгүй гэдгийг бид ч ойлголоо, та нар ч харууллаа.

Одоо дарга нараа хамгаалах гээд хүүхэд, нохойн доог, тохуу бүү бол. Ялангуяа төрийн бодлого боловсруулах хүн атлаа гал манасан гэрийн авгай шиг тулга тойрсон хэрүүлээ зогсоо. Дуугүй байлаа гээд бүтэж үхдэггүй юм шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж