ОХУ болон НАТО-гийн маргалдааны үндэс

Хуучирсан мэдээ: 2022.01.14-нд нийтлэгдсэн

ОХУ болон НАТО-гийн маргалдааны үндэс

ОХУ болон НАТО-гийн маргалдааны үндэс

Орос, барууны орнуудын өнөө цагийн сөргөлдөөнийг улс хоорондын дипломат санал зөрөлдөөн болон маргалдаанаас үүдэлтэй гэж хэлж болохоор. Оросын хувьд баруун болон НАТО-той холбоотой хамгийн том маргааны эхлэл бол Украин бус юм. Москва 1989-1990 онд хүйтэн дайны дараа НАТО-г зүүн зүг өргөжүүлэхгүй гэсэн амлалтыг барууны орны зөвлөлөөс авсан. Гэвч Москвагийн санаснаар болсонгүй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2007 онд Мюнхений Аюулгүй байдлын бага хурал дээр хэлсэн үгэндээ “Барууны орнууд амласан амлалтаа мартаж, зөрчиж, олон улсын хуулийг сүйрүүлсэн” гэж буруутгаж байлаа. Москвагийн үзэж байгаачлан барууныхан ОХУ-аас урвасан юм.

Урвасан гэх нотолгоо чухал уу?

Урвасан, амлалтдаа хүрээгүй нь ОХУ-д маш чухал сэдэв. Үүнээс улбаалан ОХУ-ын хувьд үл итгэлцлийг өдөөж, олон улсын эрх зүйн талаарх бодлыг нь өргөтгөсөн. Мөн ОХУ болон НАТО хоорондын аюулгүй байдлын гэрээ байгуулагдахгүй байх томоохон шалтгаан болж буйг шинжээчид дурдаж байна. Дан ганц Путин барууныхан амлалтаасаа урвасан гэж үздэггүй бөгөөд 1995 оны дунд үеэс Борис Ельцин, Оросын улс төрийн элитүүд ч санал нэг байлаа.

Түүхч Мэри Элиз Сароттегийн "Нэг инч биш: Америк, Орос, хүйтэн дайны мухардмал байдал" хэмээх шинэ номд барууны холбоотнууд болон Оросын өргөжин тэлэх асуудлаарх хувийн яриа хэлэлцээг тоймлон харуулсан байдаг. Уг номд Оросыг хүчгүй гэж харуулсан. Зохиогч урвасан гэдэг нь техникийн хувьд худлаа, харин сэтгэл зүйн хувьд үнэн гэж дүгнэжээ.

Баруунд үл итгэх үндэслэл юунд байв?

Үл итгэх байдлын нэг нь Ерөнхийлөгч Жорж Бушийн үед, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкерийн амласан амлалтууд болон 1990 оны есдүгээр сарын 12-нд НАТО-гийн цэргүүд хуучин Зүүн Германы нутаг дэвсгэрт хэрхэн ажиллах талаар байгуулсан гэрээний нөхцөлүүд зэрэгт оршино. Бэйкер 1990 оны хоёрдугаар сарын 9-нд ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевтай ярилцахдаа "Хэрвээ Орос улс хоёр Германы нэгдлийг хүлээн зөвшөөрвөл НАТО зүүн тийш тэлэхгүй гэж Бейкер амласан" гэж Путин мэдэгдсэн.

Маргааш нь Канцлер Гельмут Коль, Герман улсыг нэгтгэсний дараа НАТО-д үлдэх талаар хоёрдмол санаатай байсан бөгөөд Горбачевт "НАТО угаасаа БНАГУ-ын одоогийн нутаг дэвсгэрээс өөр газар тэлэх боломжгүй" гэж хэлсэн. Үүнийг ОХУ “амлалт” гэж үзсэн ба тавдугаар сарын 17-нд НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ давтсан байдаг. Уг амлалтыг Путин, Мюнхенд хэлсэн үгэндээ дурджээ. Горбачёв дурсамждаа эдгээр баталгааг Германд буулт хийх замыг цэвэрлэсэн мөч гэж тодорхойлсон байдаг.

ОХУ-ын хүссэн амлалтууд гэрээ болсон удаа бий юу?

Үгүй. НАТО-гийн 1990 онд байгуулсан гэрээ зөвхөн Герман улсад хамааралтай байсан. Энэ нь гадаадад байрласан НАТО-гийн цэргүүдэд Германы засгийн газрын зөвшөөрлөөр,  Зүүн Германы тэмдэглэсэн, хуучин хүйтэн дайны шугамыг давахыг зөвшөөрсөн тухай юм. Гэрээний тавдугаар зүйлд тусгагдсан НАТО-гийн хамгаалах амлалт нь Оросын мэдэлд байсан газар нутаг руу зүүн зүг шилжих зөвшөөрөлтэй байсан гэж шинжээчид дүгнэсэн.

Варшавын гэрээний орнуудын 1990 онд байгуулсан гэрээний үр дагаврыг Орос харсан уу?

Тийм. Оросын бодлого тодорхойлогчид тухайн үед Горбачёвын хийсэн буултыг зүүн Европт үзүүлэх үр дагаврын улмаас эсэргүүцэж байсан. Орост НАТО-гийн тэлэлтийн хязгаарын талаар амаар баталгаа өгсөн боловч бичгээр баталгаа өгөөгүй. Жишээлбэл, 1991 оны гуравдугаар сард Жон Майороос ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд, маршал Дмитрий Язов Зүүн Европын орнууд НАТО-д элсэх сонирхолтой байгаа эсэхийг асуужээ. Москвад суугаа Их Британийн Элчин сайд Родрик Брайтвейтийн өдрийн тэмдэглэлд бичсэнээр, Майор түүнд "Ийм зүйл хэзээ ч болохгүй" гэж итгүүлсэн байна.

ОХУ-аас амлалтдаа хүрээгүй талаар нэхэмжилж байсан уу?

ОХУ болон хуучин Зөвлөлтийн үе удаа дараа, зүүн зүг тэлэхгүй гэсэн амлалтад хүрээгүй талаар гомдол мэдүүлж байв. Жишээ нь, 1993 онд Оросыг НАТО-д элсүүлэхийг эрмэлзэж байсан Борис Ельцин, Ерөнхийлөгч Билл Клинтонд захидал бичиж, НАТО-г зүүн тийш цаашид өргөжүүлэх нь 1990 оны гэрээний үзэл санааг зөрчиж байна гэж маргажээ. НАТО-д элсэх Польшийн уриалгын талаар тухайн үед шийдээгүй байсан. АНУ-ын Төрийн департамент ОХУ-ын урвасан гэх үзэлд маш эмзэг хандсан. Иймд Клинтоны үеийн албаны хүмүүс гомдлын үндэслэлийн талаар тайлагнахыг Германы Гадаад хэргийн яамнаас албан ёсоор хүссэн байна. Германы Гадаад хэргийн сайдын ахлах туслах 1993 оны аравдугаар сард энэ гомдлыг албан ёсоор буруу гэж хариулсан.

ОХУ хэлэлцээр хийх бодит байр суурьтай байсан уу?

Оросын эдийн засаг, улс төр сүүлийн жилүүдэд хурцадмал байдалд хүрээд байна. “Нэг инч биш” номд НАТО-г өргөжүүлэхэд, Оросын нээлттэй байдал нь АНУ болон Германы санхүүгийн дэмжлэгийн төвшинд хэрхэн нөлөөлж, аль аль талд хээл хахууль гэж байгаагүй талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.

Женевт болсон аюулгүй байдлын хэлэлцээ сунжрах төлөвтэй байна. Учир нь аль аль талууд өөрсдийн байр сууринд бат хандаж байна. Хэрэв АНУ болон НАТО, ОХУ-ын хүйтэн дайны дараа тавьсан саналыг гэрээ журмаар байгуулсан бол нөхцөл байдал өөр байх байсан гэж Их Британийн “Гардиан” сонины улс төрийн тоймч Патрик Уинтур (Patrick Wintour)-ын бичсэн тайлбар хүргэлээ. Хоёр тал гэрээ байгуулахыг хүсвэл хуучны асуудлаа цэгцлэх шаардлагатай болж байна. Баруун болон Оросын хэсэг бүлэг улс төр судлаачид ОХУ болон НАТО-г хэлэлцээрт хүрч чадахгүй гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь удаан ярилцсаны үр дүнд гэрээ бий болно гэж таамаглаж байна.

Эх сурвалж: THE GUARDIAN/PATRICK WINTOUR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж