Монголбанк энэ оны эхний хагаст инфляци үргэлжлэн эрчимжих төлөвтэй байгаа талаар мэдээлсэн. Гэвч 2022 оны сүүлийн хагаст зорилтот түвшний интервалд буюу 4-8 хувьд тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ оны сүүлийн хагасаас инфляци Төв банкны зорилтын орчимд тогтворжихоор байна. Энэ нь голлон өмнөх онд инфляци буурсан суурь үеийн нөлөө болон нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөөгөөр тайлбарлагдаж буй. Тухайлбал, хилийн боомтын хязгаарлалтаас үүдэлтэй импортын хүнсний барааны үнийн өсөлт, тээврийн зардлын өсөлт болон малын өвчлөлтэй холбоотой махны үнийн өсөлт зэрэг энэ оны эхний хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн хүндхэн сорилттой энэ цаг үед Төв банкны мөнгөний бодлого дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэж байгааг онцолсон. Түүний хэлснээр, инфляцийн хувьд өмнөх төсөөллөөс нэмэгдэн, Төв банкны зорилтот түвшнийг давсан ч дунд хугацаанд зорилтын орчимд тогтворжих төсөөлөл хэвээр байна. Инфляци өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотод 10 хувьд хүрч нэмэгдээд байв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляц 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрч нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Төв банкны ерөнхийлөгч үнийн өсөлтөд нэг талаас эдийн засгийн аядуу сэргэлт нөлөөлж байгаа ч дийлэнх хэсгийг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс эзэлж буйг онцолж буй. Тодруулбал, хил, гааль дээр үүссэн импортын хадгалалт, тээвэрлэлтийн зардал, малын халдварт өвчин дэгдсэнээс шалтгаалсан махны үнийн өсөлт, дэлхийн зах зээл дэх нефтийн үнийг дагасан шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө инфляци өсөхөд нөлөө үзүүлж байна.
Богино хугацаанд инфляци ийн нийлүүлэлтийн шинжтэйгээр нэмэгдэж байгаа хэдий ч 2022 оны сүүлийн хагасаас үнийн өсөлт тогтворжиж, инфляц Төв банкны зорилтын түвшин рүү буурах төлөвтэйг Б.Лхагвасүрэн захирал хэлсэн. Тэрбээр “Цаашид нийлүүлэлтийн болон зардлын шинжтэй хүчин зүйлсийн нөлөө саарахгүй байх нь инфляци дунд хугацаанд өндрөөр тогтох эрсдэл үүсгэж байгаа тул нийлүүлэлтийн хүчин зүйлсийн дам нөлөөнөөс үүдэлтэй хоёр дахь үеийн инфляциас сэргийлэх зорилгоор 2022 оноос шаардлагатай тохиолдолд бодлогын хүүний тохиргоо хийнэ” гэсэн билээ.
Монголын экспорт, импортын бараа гаргах, оруулах хилийн боомтуудын хүчин чадал харьцангуй бага. Шинээр үйлдвэр барих, ажлын байр бий болгох, барилга барилаа гэхэд эрчим хүчний эх үүсвэргүй. Дээр нь ажилгүйдэл, ядуурал өнөөдөр улам гаарч буй зэрэг олон бэрхшээлтэй асуудал манай эдийн засгийн бүтцийн алдаа байсаар ирсэн билээ.
Сүүлийн 20-иод жил Монгол Улсын хувьд төсөв хэт тэлэлттэй, инфляци өндөр байсны улмаас нийт мөнгө багассан харамсалтай “түүх” өдгөө ч давтагдсаар байна. Монголбанкны захирал асан Н.Золжаргал "Инфляци өндөр жилд нэг цахилгаан станц салхинд хийсгэж байна" гэж одоогоос арав гаруй жилийн өмнө Төв банкийг удирдаж байхдаа халаглан өгүүлж байв. Байдал өнөөдөр огт өөрчлөгдөөгүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард инфляц 13.4 хувьд хүрэв. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөн нь 2014 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 20.4 хувь, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үнэ 24.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, 13.4 хувь гарсны 5.6 нэгж хувь буюу 41.8 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Түүнчлэн тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 21.6 хувиар өссөн нь өндөр өсөлт болов.
Инфляци өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 13.4 хувьтай гарснаас 46.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард инфляцын 50.5 хувь нь импортын барааны өсөлтөөс шалтгаалсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Эндээс Монголбанк мөнгөний бодлогоо чангатгах дарамт улам ихэсч буй нь харагдаж байна.
Төв банк инфляцийг нийлүүлэлтийн гаралтай гэж үзэж байгаагаас бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй гэж мэдэгдсэн ч нөхцөл байдлаас шалтгаалан тохиргоо хийж болзошгүйг шинжээчид хэлж байна.
Богино хугацаанд дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн сааталтай холбоотойгоор гадаад инфляци болон дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ хүлээлтээс давж өсөх, дотоод зах зээл дээр нийлүүлэлтийн шалтгаанаар үнэ огцом өсөх тохиолдолд хүлээлтээс давсан инфляц үүсгэж болзошгүйг шинжээчид анхааруулж буй юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ онд дөрвөн удаа хуралдахаар төлөвлөжээ. Эхний хэлэлцүүлэг ирэх гуравдугаар сарын 21-нээс 25-ны хооронд болох товтой байгаа бөгөөд инфляцийн өсөлттэй холбоотойгоор илүү анхаарал татаж буй юм.
Сануулахад, тус хороо өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ээлжит хурлаа хийж, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг хэлэлцсэний үндсэн дээр бодлогын шийдвэрүүд гаргасан. Тодруулбал, бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах, урт хугацаат репо санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр батлах, репо санхүүжилтийн хүүг бодлогын хүү +0.5 хувиар тогтоох, гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 18 хувьд хүргэх зэрэг багц шийдвэр гаргасан билээ.
Холбоотой мэдээ