Дэлхийн 23 улс нийт хүүхдүүддээ ялгалгүй хүүхдийн мөнгө олгодог. Тэдний нэг нь Монгол Улс. Өдийг хүртэл хэрэгжүүлж ирсэн Монгол Улсын хүүхдийн мөнгө олгох систем нь дэлхийн улс орнуудад үлгэр жишээ болдог сайн хөтөлбөрүүдийн нэг байлаа. Тэгвэл шинэ журам батлагдсанаар хүүхдийн мөнгөн тэтгэмж зүгээр л “ӨГДӨГ” нэртэй “БҮРТГЭЛ” болж хувирах нь ээ.
Яагаад?
Нэгдүгээр сарын 12-ны өдөр шийдвэр нь гараад буй Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журамд “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгохтой холбогдсон харилцааг зохицуулах” гэж Засгийн газар баталсан нь товчхондоо “Таны хүүхдийн мөнгийг 18 нас хүртэл нь ТӨР ӨӨР ДЭЭРЭЭ БҮРТГЭЕ” л гэсэн санаа. Та бидний хүүхдэд ирэх ёстой, хаана хуримтлуулах, юунд хэрэглэхээ өөрсдөө шийдэх эрхтэй мөнгөн тэтгэмж яагаад гэнэт төрд хэрэгтэй болчихов оо?
UNICEF-ээс хийсэн судалгаагаар, “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүхэнд жигд олгох нь ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг” гэжээ. Мөн өрхүүдэд олгодог аливаа мөнгөн тэтгэмж эргээд эдийн засгийн эргэлтэд орж, өсөлтийг нэмэгдүүлдэг. Мөнгөн тэтгэмж хэлбэрээр өрхүүдэд олгосон $1 бүр эдийн засагт $1.3 – $2.5-ын өгөөж авчирдгийг нотолсон байдаг.
Гэвч манай төр чухам хаашаа харж, юунд зорьж, хүүхдийн ирээдүйд дур зоргоор халдана вэ? Хүүхдэд ээлтэй гэж “амбиц”-ладаг эрхэм Улсын их хурлын гишүүд үзэл санаагаа хаана гээчихэв ээ? 2024 оны ээлжит сонгуулиар дахин өгнө өө гээд яриад зогсох уу?
Хүүхэд багачуудын “тоглох талбайн хэрүүл” улам томорсоор ийнхүү “таны төрүүлсэн хүүхдийн тэтгэмжийн талыг нь төр эзэмших” боллоо. Хүүхдийн эрх ГДЕ?
Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд, олны танил, эрхэм түшээд маань хаана байна, дахин битгий бидний хүүхдүүдээр Пи-Ар хийгээрэй гэж хүсье. Харин эцэг, эх бид одоо дуугаа нэгтгэх цаг ирлээ…
Холбоотой мэдээ