Ч.Өнөрбаяр: Парламентын гишүүдийг тоог 120-140 болгох ёстой

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Ч.Өнөрбаяр: Парламентын гишүүдийг тоог 120-140 болгох ёстой

Ч.Өнөрбаяр: Парламентын гишүүдийг тоог 120-140 болгох ёстой

Ардчилсан намаас /АН/ өнөөдөр /2021.01.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Ардчилсан Үндсэн хууль бидэнд маш том ололт, амжилтыг өгсөн. Үүнийг бид мартаж болохгүй. Монгол хүн төрөө байгуулж, үгээ хэлж, өмчийг шударгаар авах суурь зарчмуудыг зарлан тунхагласан. Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийг баталснаар дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаатай болсон. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр Үндсэн хуулийг дээдлэх гэсэн чухал ойлголтыг улс төрийн намууд буруу ойлгож ирсэн. Үндсэн хуулийг дээдлэх нь зөвхөн төрийн ордонд залрах, Ерөнхийлөгч болж тангараг өргөхөд ашигладаг зүйл биш. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд үйл ажиллагаандаа алхам тутамдаа өдөр бүр мөрдлөг болгох оюуны бүтээл юм.

Үндсэн хууль тогтоогч нь УИХ биш Монголын ард түмэн. Үүнийг Үндсэн хуулийн оршил хэсэг дээр маш тодорхой бичсэн байдаг.

Гэвч сүүлийн хэдэн жил Үндсэн хуулийн дээгүүр алхдаг болсон. Сонгогдож гарч ирснийхээ дараа Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөдөг. Харин маргааш нь Үндсэн хуулиа мартдаг.

Нэг нам дангаар ноёрхсон үед Үндсэн хуулийн заалт тунхаг төдий болж үлддэг юм байна. Засгийн газрыг хянадаг УИХ байхгүй болсон. Ерөнхийлөгч хэдийгээр намаасаа түдгэлзэж,  Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч  албан тушаалтан боловч  намынхаа үзэл санаанд шигдээстэй байна. 

Тиймээс цаашид парламентад суудалтай улс төрийн намуудын бодит хүчний харилцаан дээр анхаарахын тулд Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. 

Жалга довын улс төрөөс Монгол Улс гарахгүй бол урагшаа том алхахгүй. Дээрээс нь Монгол Улс давжаа парламенттай. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын нийт хүн амын тоо хоёр сая орчим байсан. Үүнээс сонгуулийн насных нь 1.3 сая байсан. Өнөөдөр Монгол Улс 3.3 сая иргэнтэй. Нийт сонгогч иргэний тоо 2.3 саяд хүрсэн. Парламентын гишүүдийн тоог хэн нэгэн хүн тэнгэр харж байгаад тавьчихдаггүй. Нийт сонгогчдын төлөөлөл чадвараар хэмжигддэг.
1992 оны аргачлалаар бодох юм бол өнөөдөр парламент 120 орчим гишүүнтэй байх ёстой. Дэлхий нийтийн жишгээр нь авч үзвэл 130-140 орчим байна. Монгол Улс хоёр том гүрний дунд бие даасан бодлоготой байх, тусгаар тогтнолын баталгаа нь парламент гэж харж л байгаа бол УИХ чадавхтай байх ёстой. Ингээд ярихаар 76 гишүүдийн тоог нэмэх шаардлаггүй гэж иргэж бодож байгаа байх. Гэхдээ улс төрийн гишүүн бол дарга биш ард түмнийг төлөөлөгч. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлдөг.
Өнөөдөр төрийг цомхон байлгах тухай ярих гэж байгаа бол яамдын тоог цөөлөх нь зөв. Монгол Улс есөн яамтай ажлаа хийж болоод л ирсэн. Монголд ийм олон яам, агентлаг хэрэггүй. Улсын үйлдвэрийн газруудаа цомхотго. Төр нь өөрөө баахан компани, үйлдвэр бариад иргэдтэйгээ  уралдаад бизнес хийгээд байж таарахгүй. Энэ бол 1992 онд бидний сонгосон зам биш. Төрийг цомхон болгоно гэдэг нь УИХ-ыг давжаа болгох тухай биш.
УИХ-ын гишүүд  машин унадаггүй. Яам, агентлагын дарга нар нь машинаараа өрсөлддөг. Ер нь яам, агентлагууд том байшинд байх ч шаардлагагүй. Бүгд нэг байранд байрлах хэрэгтэй. Асуудлыг илүү ухаалгаар шийдэх маш олон боломжууд байна.Үүнийг эрэлхийлэх ёстой. Үндсэн хуульд иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж заасан. Иргэний нийгмийн гол суурь нь төрийн бус байгууллагууд. Иргэний нийгмийн байгууллагыг хэн нэгэн дарга тушаалаар байгуулдаггүй. Иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж байгуулдаг.
Иргэний нийгмийн байгууллагууд төрийн дур зоргыг хязгаарладаг. Төрийн гол сөрөг хүчин болдог.
Гэтэл Иргэний нийгмийн хуулийг боловсруулахдаа иргэний нийгмийн үйл ажиллагааг яаж дэмжих тухай хуулийг хийж чадаагүй. Яаж хуралдах, тамга тэмдэгтэй болох зэрэг зохион байгуулалтын хуулийг хийсэн болохоос биш үйл ажиллагааг нь яаж дэмжих талаар тусгаагүй. Холбооны тухай хуулиар иргэний нийгмийн байгууллагын амийг таслах гэж байна. Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөл нь хянах юм байна. Жил бүр тайлан авч, төрд ажлаа тайлагнадаг болох нь.
Иргэний нийгмийн байгууллага төрийг хянадаг биш төрийн дагалдагч хэрэгсэл болж хувирах гэж байна. Ийм зүйл байж таарахгүй.
Өнөөдөр УИХ-ын гишүүн болчихоод иргэний нийгмийн байгууллагын тэргүүнээр ажилладаг мода Монголд дэлгэрсэн. Дэлхийн хаана ч ийм тэнэг зүйл байхгүй. Хуулиар үүнийг хориглох хэрэгтэй. Сайдын ажлаа сайн хий эсвэл боксын холбоогоо удирд.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж