НЭМЭЛТ:
Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ. Даян аварга Н.Батсуурь барилдах гэж ирсэн ч бөхийн холбоо түүнийг бүртгэхээс татгалзжээ. Учир нь бөхийн бүртгэлийг хоёр хоногын өмнө аваад дууссан ба аварга өчигдөр орой өөрийн цахим хуудсандаа "Би маргааш зодоглоно" гэж пост оруулсан байсан. Уг барилдаанд Н.Батсуурь барилдсан бол түүний шинэ цолны анхны барилдаан болох байв. Үүнд уурссан Н.Батсуурь аварга “Май, энэ малгайгаа ав та нар” гэж өгчихөөд, Бөхийн өргөөг орхин явав.
Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр/2021.01.13/ 11:00 цагаас Бөхийн өргөөнд эхэлнэ. Энэ удаагийн барилдаанд улсын гарьд М.Бадарч, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага О.Хангай, улсын харцага Ө.Даваабаатар, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй шилдэг бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ.
Тэгвэл даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан өнөөдрийн барилдаанд оролцохоо мэдэгдсэн. Эндээс нэг асуулт урган гарч ирж байгаа нь Үндэсний бөхийн холбоо түүнийг бүртгэх үү?
Баяр наадмын комиссын бөхийн салбар хорооноос Н.Батсуурийн барилдах эрхийг 11 сараар хассан билээ. Харин бөхийн холбооны шинэчлэгдсэн дүрмэнд допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхийн барилдах эрхийг 4-8 жил хасна гэж заасан.
11 сараар барилдах эрхээ хасуулсан Н.Батсуурь аваргын шийтгэл одоо албан ёсоор дуусгавар болсон. Гэхдээ бөхийн холбооны зүгээс энэ ялгаатай шийтгэлийг буруу гэж үзэн, допингийн эсрэг хатуу тэмцэхээ илэрхийлсэн. Өнгөрөгч амралтын өдөр болсон Цэцдийн зөвлөлийн хурлын үеэр Ч.Санжаадамба аварга “Эрхээ 11 сараар хасуулсан бөхчүүд одоо барилдаж болох уу?” гэж асуухад бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Одоо хуулийнхаа дагуу барилдаж болно. Гэхдээ бүртгэл хийлгэх үеэр бөхийн холбоо допингийн эсрэг хатуу тэмцэнэ гэчихсэн байгаа. Барилдахаар ирсэн ч бөхийн холбоо Р.Пүрэвдагвыг О.Элбэг харцагатай ярьж байгаад бүртгээгүй” гэсэн юм.
Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар хоёулаа 11 сараар эрхээ хасуулсан.
Холбоотой мэдээ