Монголын өвлөөс "зугтагсад" Тайланд, Дубай, Туркт аялж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

Монголын өвлөөс "зугтагсад" Тайланд, Дубай, Туркт аялж байна

Монголын өвлөөс "зугтагсад" Тайланд, Дубай, Туркт аялж байна

"Турк шинэ Эрээн боллоо", "Тайландад танихгүй монгол хүн алга" хэмээн монголчууд бие, биеэ ёжлох. Улаанбаатарын утаа, түгжрэл, мөн айсуй цагаан сар, омикроны давалгаанаас дайжигчид хилийн чинадыг зорих хүсэлтэй байна. Тэдний ачаар тэг зогсолтод орж, дампуурлаа зарлах дөхөөд байсан аялал жуучлалын компаниуд эргэн амь орж, захиалга авч эхэлжээ. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа бус тодорхой цөөн чиглэлд, хязгаарлагдмал ажиллаж байгаагаа аялал жуучлалынхан ярив.

Дөлгөөннуурын хажууханд байрлах даруухан оффисын өрөөнд "Монгол аялал" компанийн ажил ид бужигнаж, ханын самбар дээр нь аяллын төлөвлөгөөнүүд зурайж, гар утасны дуудлага, зурвасууд тасралтгүй ирнэ. Тус компани одоогоор Турк, Тайланд, Дубай гэсэн гурван чиглэлийн аяллыг үйлчлүүлэгч нартаа санал болгож байгаа бөгөөд удахгүй Москва, Санкт-Петербург руу аялал зохион байгуулахаар төлөвлөжээ.

"Монгол аялал" компанийн ерөнхий захирал Ц.Пүрэвдорж “Хоёр жил хашигдаж, хоригдсон хүмүүс аялахыг маш их хүсч байна. Саяхан Турк руу цөөн тооны аялагчидтай яваад ирлээ. Ерөнхийдөө Европын орнууд цар тахалтайгаа эвлэрэн зохицож байгаа нь ажиглагдлаа. Туркт Оросоос, Европоос жуулчид их очиж байна. 2022 оны тавдугаар сараас дэлхийн аялал жуулчлалын салбар эргэн сэргэх төлөвтэй байгаа. Манай аялал жуулчлалын байгууллагууд ч бэлтгэлээ одооноос хийх хэрэгтэй. Монгол руу ирэх жуулчдын эрэлт их байгаа учир төр засаг  анхаарах нь зүйтэй. Хамтын хүчээр олон жуулчин авах боломж байна” гэлээ.

Сүүлийн хоёр жил аялал жуулчлалын компаниуд цар тахалд дарлуулж, санхүүгийн хувьд хүнд цохилтод оржээ. Энэ талаар Ц.Пүрэвдорж “Ирээдүй гэрэлтэй, сайхан байгаа ч одоо хэцүү байна. Бидэнд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгох, нөгөөтэйгүүр татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт зэргийг үзүүлээсэй гэж хүсдэг. Сүүлийн хоёр жил татвар, өр зээлийн дарамт, нийгмийн даатгалд дарлуулж, их хүнд байлаа” гэв.

Гадаад руу аялах иргэд дор хаяж вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байх ёстойгоос гадна явахаасаа 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгч, сөрөг хариутай байх аж.

Баянбүрдийн тойргийн ойролцоох "Тэнгэр трэвел" компани Турк, Тайланд, Дубай руу тогтмол захиалга авч байгаагаас гадна саяхан Малдив руу аялал зохион байгуулжээ. Тус компанийн зөвлөх Д.Санжидмаа “Монголчуудыг аялалын журмаар хүлээн авах боломжтой гурван газар байгаа. Эдгээр чиглэлд иргэд их аялж байна даа. Тайландын Бангкок хот болон Патаяа арал жуулчид хүлээн авахгүй байна. Зөвхөн Пукет арлыг зорих боломжтой. Хүмүүсийн дунд хүлээлт өндөр байсан учир одоо байгаа боломжтой газрууд руу их явж байна” гэв. Тэрбээр цаашдын боломжит аяллуудын талаар “Улс орнууд жуулчид хүлээн авна гэвэл бүх чиглэлд аялал зохион байгуулах боломжтой. Монголчуудын хүсэлт хаашаа бол хаашаа аялах сонирхолтой байна. Малдив руу дөрвөн удаагийн шууд нислэг хийхэд хүмүүс олноороо үйлчлүүллээ. Сүүлийн нислэг нь саяхан явлаа” гэлээ.

Гадаадын аялагчид Монголд ирэхийг хүсч байгаа ч тусгаарлалт болон хилийн хорио цээрийн улмаас аяллаа хойшлуулах болсон аж. Энэ жил  хүлээлт нэг их өндөр биш байгааг тэрбээр хэллээ.

“Жуулчин”  компанийн хувьд мөн л Тайланд, Турк, Дубайн аяллуудыг үйлчлүүлэгч нартаа санал болгож байна.

Тус компанийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсувд ярихдаа“Сүүлийн жилүүдэд манайх гадаад аялал дээрээ анхаарч байна. Тайланд, Турк, Дубай гэсэн гурван чиглэлд аялал зохиож байгаа. Дотооддоо зуны улиралд Алтай Таван Богд, Хөвсгөл, Дундговь, Тэрэлж зэрэг олон чиглэлд аялал хийдэг. Гадаадад аялах гэсэн иргэдийн эрэлт тодорхой хэмжээнд боломжийн байгаа. Гэхдээ омикрон гарсны дараа зарим аяллууд цуцлагдаж байна" гэв. Мөн "Жуулчин" компанид 2021 оноос эхлэн гадаадын жуулчид Монголд аялах хүсэлтээ ирүүлжээ. Ялангуяа Герман, Америк, Европоос жуулчид аялах сонирхолтой байгаа аж. Гол асуудал нь манайх хилээ бүрэн нээгээгүй мөн тусгаарлалтын дэглэм, нөхцөл байдал нь тодорхойгүй байгаад гэнэ.

Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад иргэд гэртээ хоригдох бус боломж нь л байвал Тайланд, Дубай, Туркийг зорих нь нээлттэй байна. Гадаадын орнууд ч  аялал жуулчлалын салбараа өөд нь татаад эхэллээ. Манай дотооддын халдварын нөхцөл байдал сайнгүй байгаа учир Ерөнхий сайдын хэлсэн 400 сая жуулчинг хүлээн авах мэдээж боломжгүй.  Гэхдээ цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх, сайжруулах анхаарах хэрэгтэй. Ядаж л боловсон жорлон, хогийн цэг байгуулъя. Ямар ч байсан омикроны давалгааны дараа  Монголоос гадаад руу, гадаадаас Монгол руу хийх аялал жуучлал сэргэх төлөв ажиглагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж