"Утааны асуудал хөндөхөөр хүмүүс намайг хардаж байна"

Хуучирсан мэдээ: 2022.01.13-нд нийтлэгдсэн

"Утааны асуудал хөндөхөөр хүмүүс намайг хардаж байна"

Нэгэн үе “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот  “Саарал хот” нэр зүүсээр олон жилийг ардаа үджээ. Хүйтний улиралд санаж, дулааны улиралд мартчихдаг утааны талаар бид олон жил ярьсаар чихэнд дасал болж. Уг нь сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатарын утаа харьцангуй буурсан ч сүүлийн үед нүдэнд үзэгдэж, амьсгалд мэдрэгддэг  саарал утаа эргэн ирснийг хэн хүнгүй ярьцгааж байна.  Юутай ч манарсан утаан дундаа бид эргээд амьдрах боллоо. 

Үүнийг эсэргүүцэн “Угаартаж үхлээ” гэх бичиг барьж зогссон иргэн С.Баржаваас  өчигдөр /2022.01.12/ цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан байна. Түүний хувьд АНУ-д дөрвөн жил амьдарч байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр гэр бүлийн хамт эх орондоо иржээ. Гэвч хүүхэд нь  хүчилтөрөгчийн дутагдалд орсон болохыг хараад эх орондоо ирэх шийдвэр гаргасандаа эргэлзэж буйгаа хэллээ. Аргаа барахдаа  С.Баржав  Их дэлгүүрийн замын урд “Угаартаж үхлээ” бичиг барьж хоёр өдөр зогсчээ.

ЭХ ОРОНДОО ИРЭЭД САЙХАН АМЬДРАХЫГ Л ХҮССЭН

Түүнээс энэ талаар тодруулахад “Өчигдөр орой Их дэлгүүрийн замын урд гэрлэн дохионы хажууд ганцаараа зогсч байтал нэг залуу ирээд хамт зогссон. Түүнд нэг бичигтэй цаас өгөөд бид хоёр хоорондоо  зайтай зогссон. Гэтэл удалгүй арван минутийн дараа хоёр цагдаа ирсэн. Тэд намайг “Зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийж, уриа лоозон тараасан гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтэс дээр очиж мэдүүлэг өг” гээд авч явсан.

Ерөнхийдөө гадаа цаас барьж зогсохдоо хүртэл зөвшөөрөл авах ёстой юм байна шүү. Хоёр ба түүнээс дээш хүн лоозон бариад зогсвол хууль зөрчих юм гэнэ.  Би энэ хуулийн заалтыг  нь мэдэлгүй зогсч, иргэдийг уриалсан хэрэгт орж байх шиг байна. Ер нь Монголд иргэд Үндсэн хуулиар олгогдсон  үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болжээ. Нэгэнт зөвшөөрөл авч зогсоогүй нь  миний буруу. Тиймээс өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргаас  зөвшөөрөл хүснэ.  Бүртгэж аваад гурав хоногийн дотор хариу ирүүлэх ёстой.

Хэрэв зөвшөөрвөл зогсох газар, цэгийг нь зааж өгдөг, зөвшөөрөхгүй бол зогсох эрхгүй гэсэн үг. Жагсаал цуглаан хийх тухайгаа Засаг даргад бүртгүүлнэ гэж байгаа нь  үнэн хэрэгтээ зөвшөөрлийн механизм ажиллаж байна л даа.

Утааны асуудлыг хөндөхөөр хүмүүс намайг ашиг сонирхолтой эсхүл  хэн нэгний гар хөл гэж хардаж байна. Гэхдээ би хэн нэгний тушаалаар АНУ-аас гэр бүлээ аваад ирнэ гэж юу байх вэ дээ. Эх орондоо ирээд сайхан амьдрахыг л хүссэн.

Гэвч бодит байдал тэс өөр, тэвчихийн аргагүй байлаа. Хүмүүс намайг  дэмжиж буйгаа илэрхийлж байгаа ч цаанаа  л нэг “Утаа буурахгүй. Бид юу ч хийж чадахгүй дээ” гэсэн итгэл алдарсан бодолтой байх шиг санагдсан. Миний тэмцэл,  үр дүнгүй гэж бодохгүй байна. Тэвчээртэй тууштай байвал үр дүн арга зам олддог доо. Хамгийн хөгийн бас өрөвдмөөр зүйл бол утаатайгаа буюу тулгарч буй асуудалтайгаа эвлэрэх юм шүү. Ер нь иргэдийг орон сууцжуулсан нь алсдаа хамгийн зөв шийдэл юм байна” гэлээ.

Төрийн дээд албан тушаалтнууд олон жил  утаатай тэмцэх нэрээр улсын төсөв, зээл тусламжийн багагүй мөнгийг зарцуулсан, идсэн, уусан. Улсын мөнгө уйлдаггүй, утаа буурдаггүйн ард улстөрчдийн ашиг сонирхол байгаа нь, мөнгө угаах, албан тушаал авах, тендер “хусах” сайхан далим болдог нь  хэвийн үзэгдэл болж. Жишээ нь,  “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү өдгөө У.Хүрэлсүхийн зөвлөх хийж яваа. Тэр ч бүү хэл “Тавантолгой түлш” компанид ТУЗ-ийн гишүүн. Ингээд харахад түүний зорилго нь утаа биш байсан нь тодорхой.

Тухайлбал, Засгийн газар агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

Үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргасан бол  168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Хятад улс гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлсэн байна. Үндэсний аудитын газраас "Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө” сэдвээр хийсэн аудитын тайланд дараах зүйлсийг онцолжээ. 

Тухайлбал, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 199 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч  2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хэрэгжилтийг тооцож үзэхэд 64 нь бүрэн хэрэгжсэн, 60 нь он дамжин хэрэгжиж байгаа, 46 нь хэрэгжээгүй, 29 нь дутуу хэрэгжжээ. Мөн 2017, 2018, 2019 онд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 43 арга хэмжээг баталж, хэрэгжүүлэхээр болсон байна.

Гэвч үүнээс 100 хувийн хэрэгжилттэй арга хэмжээ ердөө гурав байгаа нь анхаарал татна. Мөн 70 хувийн хэрэгжилттэй 13, эрчимжүүлэх шаардлагатай 18, огт хэрэгжээгүй есөн арга хэмжээ байгааг онцолжээ.

Эндээс төсвийн хөрөнгийг хэрхэн үргүй зардал болгож, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, үр дүнгүй ажиллаж байгааг харж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж