Ярилцах нь харилцааны хамгийн том хэрэгсэл. Хэн нэгэнтэй ярилцахгүй байх нь олон төрлийн сэтгэцийн эмгэгтэй болох нөхцөл болдог тухай Техник технологийн дээд сургуулийн сэтгэлзүйч Л.Нарангоо ярилаа. Тэрбээр сэтгэлзүй, сэтгэцийн эмгэгийг эмчлэх сонирхолтой заслуудыг хийдэг аж.
-"Doll Therapy" буюу хүүхэлдэйн засал гэж яг юу вэ. Хүүхэлдэйгээр дамжуулан хүний сэтгэлзүйг засах боломжтой гэж үү?
-"Doll Therapy in Mongolia" нь урлагийн сэтгэл заслын нэгэн төрөл болох хүүхэлдэйн заслын үйл ажиллагаа явуулдаг цахим хуудас юм. Миний ихэвчлэн ашигладаг сэтгэл заслын арга нь хүүхэлдэй бүтээх. Тухайн хүн бүтээж буй хүүхэлдэйгээрээ өөрийгөө төсөөлдөг. Хийсэн хүүхэлдэйн дээр нь үндэслэн сэтгэл зүйг нь оношлох бөгөөд тэр хүний стресс, сэтгэл гутралын төвшинг тогтоож болдог. Өөрөөр хэлбэл, тухайн хүний бүтээсэн хүүхэлдэйн дээр тулгуурлаж сэтгэл заслын эмчилгээ хийдэг гэсэн үг.
-Таны “Бэлгийн таашаал авах зарим эмгэгүүд”-ийн талаарх бичвэр их анхаарал татсан. Монголд энэ төрлийн эмгэгтэй хэр их хүн байдаг вэ?
-Бэлгийн таашаал авах некрофили, зоофили, вуайризм, педофили, фетишизм гэх мэт олон төрлийн эмгэгүүд байдаг. Эдгээрээс Монголд педофили буюу бага насны хүүхэд хүчирхийлэх эмгэг хамгийн түгээмэл байдаг.
-Ийм эмгэгтэй болоход юу нөлөөлдөг вэ. Сэтгэлзүйн талаасаа энэ эмгэгийг оношлох, эмчлэх боломж бий юу?
–Хүмүүс хүчирхийллийг таслан зогсоох арга нь тэднийг хорьж цагдах, цаазаар авах гэж боддог. Энэ бол хэт нэг талыг барьсан буруу үзэл. Бид хүчирхийлэлд өртсөн хүний сэтгэлзүйг чухалчилж авч үзээд байдаг. Хүчирхийлэл үйлдсэн хүний сэтгэлзүйд хэн ч анхаарал хандуулдаггүй. Ямар шалтгааны улмаас хэрэг үйлдэх болов, юу нөлөөлөв гэдгийг сайтар судлах хэрэгтэй. Ихэнх педофили нар эрэгтэй хүмүүс байдаг. Тэд бага насандаа өөрсдөө хүчирхийлэлд өртсөн, үе тэнгийн хүүхдүүддээ бие бялдрын хувьд шоглуулсан, дээрэлхүүлсэн нь хүндээр нөлөөлсөн байдаг. Ингэснээр насанд хүрсэн хойноо эсрэг хүйстэнтэйгээ харилцахад бэрхшээлтэй мэт тэдэнд санагддаг.
-Хүчирхийлэл үйлдэхэд боловсролын төвшин нөлөөлдөг үү?
-Хүчирхийлэл үйлдэхэд боловсролын төвшин болон нийгмийн статус суурь шалтгаан болохгүй. Гадаадад мундаг их дээд сургууль төгссөн маш гоё ажил хийдэг хүн эхнэрээ зоддог, хүүхэд хүчирхийлэгч байх боломжтой. Эсрэгээрээ 4–р ангийн боловсролтой ч эхнэр, хүүхдээ халамжлаад тэднийхээ төлөө ухамсартай амьдардаг эр хүн ч байдаг.
Хүчирхийлэл үйлдэж байгаа үндсэн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас шалтгаалах магадлал өндөр байдаг.
Бага наснаас нь эрэгтэй хүүхдэд эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэж заадаг. Тэгвэл яг энэ захиасыг эмэгтэй хүүхдүүдэд адил зааж сургах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдүүдэд гар хүрч болохгүй гэдгийг сайн ойлгуулж өсгөх хэрэгтэй. Хүн зүгээр байж байгаад хүн зодоод, хүчирхийлэл үйлдээд яваад байдаггүй шүү дээ.
-Манай нийгэм ихэнхдээ эрчүүдийг хүчирхийлэгч гэсэн өнцгөөс ханддаг. Гэтэл эрэгтэй хүн ч хүчирхийлэлд өртдөг. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Сүүлийн үед эрчүүд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь элбэг байна. Хүчирхийлэлд өртөж буй шалтгаануудад хардалт, хадам аав, ээжтэйгээ үл ойлголцох, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг орж байна. "Ариусахуйн ертөнц"сэтгэл заслын төвд нэг жил гаруйн хугацаанд ажиллахад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрчүүд нэлээд ирсэн. Тэд өөрсдийгөө хүчирхийлэлд өртсөнөө мэдээд сэтгэцийн эрүүл мэнддээ анхааран сэтгэл зүйн тусламж, арга хэмжээг авах нь зүйтэй гэдгийг ойлгож байгаа нь нэг талаараа авууштай зүйл. Гэвч үүний цаана гэр бүлийн, бие махбодийн, сэтгэл зүйн, санхүүгийн гэх мэт хүчирхийлэлд өртөж байгаа ч ил гаргаж хэлдэггүй эрчүүд олон байна.
-Яагаад хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн олонх нь эрэгтэй байдаг талаар судалгаа хийж үзсэн үү?
-Эрэгтэй хүн ярих хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Нийгэм өөрөө эрэгтэй хүнд маш том хариуцлага хүлээлгэдэг. Өрхийн тэргүүн, гэр бүлээ тэжээх ёстой гэх мэт. Мөн эр хүн буурьтай төлөв даруу байх хэрэгтэй. Юундаа охин шиг баашлаад байгаа юм, бүр уйлахад нь хүртэл загнадаг. Бүдүүлгээр хэлэхэд эрэгтэй хүнд уйлах ч эрх олгодоггүй, уламжлалтай ард түмэн шүү дээ. Ярилцахгүй байх нь оюун санааг нь гэмтээж байдаг. Маш удаан хугацаанд цугларсан бухимдал, шаналал тэсрэх аюултай. Ярилцах бол хамгийн энгийн хирнээ маш эерэг үр нөлөөтэй эмчилгээ.
–Эрэгтэй хүний сэтгэлийг уудлах тэдэнтэй ярилцах хамгийн зөв арга юу вэ?
-Хамгийн түрүүнд сайн сонсох хэрэгтэй. Ихэнх хүмүүс муудалцахаараа зөвхөн өөрсдийгөө ойлгуулах гэж хичээдэг. Харин нөгөө хүнээ ойлгох талаар тийм ч их боддоггүй. Мөн эмэгтэйчүүд эрчүүдийг хурцалж байна гээд хэн нэгэнтэй харьцуулж эхэлдэг. Жишээ нь тэрний нөхөр дарга болсон байна. Чи яагаад тушаал дэвшихгүй байгаа юм, тэр залуу машин шинэчлэсэн байна чи хэзээ машинаа солих юм гэх мэт. Эрчүүд ч гэлтгүй ямар ч хүн өөрийг нь өөр хүнтэй харьцуулахад дургүй нь хүрдэг. Өөрийг нь сул дорой, арчаагүй гэдгийг эрчүүдэд илэрхийлэх тусам тэд улам л ярих хүсэл сонирхолгүй болно.
Эрчүүд байцаагдах, тулгасан, дарамталсан, шахсан байдалтай ярилцахад дургүй. Тэдний тийм ч их ярилцдаггүй шалтгаанууд нь өнгөрсөнд болсон сэтгэлийн шархаа сэдрээхээс эмээх, сул дорой харагдах, энэ хүн намайг сайн ойлгохгүй байх зэрэг сэтгэл зүйн дотоод чанаруудтай холбоотой байдаг.
Хэрвээ үнэхээр тухайн хүнтэй ярилцмаар байвал ярихаасаа өмнө эхлээд сонс, өөрийгөө ойлгуулах гэж хичээхээсээ өмнө эхлээд тухайн эрэгтэй хүнийг ойлгох гэж оролдоорой. Эсвэл нэг сэдвийн хүрээнд ярилцаарай. Хосуудын хувьд бие биенээсээ асуух асуултуудыг урьдчилан тэмдэглээд асуулт хариултын байдлаар ярилцаж болно. Жишээ нь хамгийн тод үлдсэн дурсамж, амьдралдаа хийсэн хамгийн ичмээр зүйл, хамгийн сүүлд хэзээ уйлсан, инээсэн гэх мэт хөнгөн асуулт хариулттай тоглоом тоглох нь их үр дүнтэй байдаг.
-Тэгвэл эцэг, эхчүүд эрэгтэй хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах талаар зөвлөгөө өгөөч?
–Зүгээр л ярилц. Өнөөдөр сургууль дээр нь юу болов хичээл нь хэр байна, чи юу хиймээр байна, ямар мөрөөдөлтэй вэ гээд бүх зүйлсийн талаар ярилц. Манайхан энэ жаахан юм чинь юу мэдэх вэ дээ гээд ярилцдаггүй тэгсгээд өнгөрдөг. Үнэндээ хүүхдийн ертөнц оюуны чадамжийг дутуу үнэлж болохгүй. Адаглаад л гэрийнхээ хөшгийг солихдоо хүүхдээсээ яагаад асууж болохгүй гэж?
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ