Дональд Трампаас эхлээд Жо Байдены үеийг дамнан АНУ-ын Конгресс нь Бээжингийн эсрэг байр сууриа хадгалж, Вашингтоны зөвшилцөлд голлох үүрэг гүйцэтгэж байна. Вашингтоны зөвшилцөл нь АНУ-ын хэвлэл мэдээлэл, олон нийт, орон нутгийн албан тушаалтнууд, Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хоёр жилийн хугацаа зарцуулж байв. Товчхон хэлбэл энэ нь АНУ болон Хятад хоёр улс эдийн засаг, гадаад худалдааны салбарт харилцан ашигтай ажиллах тухай зөвшилцөл юм.
Дөрвөн жилийн хүчин чармайлтын үр дүнд хоёр намын Конгрессын олонх нь Хятадын талаас тулгарч буй төрөл бүрийн сорилтуудын эсрэг АНУ-ыг хамгаалах шийдвэрт хүрээд байна. АНУ-ын Конгресс нь тус улсын түүхэн дэх аль ч цаг үеэс илүүтэйгээр Хятадад чиглэсэн бодлогод нөлөөлж буй нь энэ билээ. Конгресс нь гадаад харилцааны асуудал дээр харьцангуй ерөнхийлөгчийн санаа бодлыг дагах хандлагатай байдаг. Тэгвэл Хятадад чиглэж буй сүүлийн үеийн конгрессын бодлого нь өмнөх үеийнхтэйгээ зөрчилдөж байна. Цаашилбал, энэ нь АНУ-ын Хятадыг эсэргүүцэж буйн ил тод баталгаа болно.
2017 оны арванхоёрдугаар сард Трампын засгийн газар Үндэсний аюулгүй байдлын стратегид тусгагдсан Хятадад чиглэсэн бодлогоо өөрчилж байв. Уг өөрчлөлт нь тал бүрийн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч үргэлжилсээр байсан. Трампын засгийн газар 2019 онд бүтэн жил дамнасан худалдааны хэлэлцээний үеэр Хятадыг эсэргүүцэх иргэдийн үзэл санааг тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан. АНУ-ын олон нийт болон Байден тэргүүтэй Ардчилсан намын бусад нэр дэвшигчид Хятадын эсрэг огцом тэсрэлт хийхийг тухайн үед дэмжээгүй. Гэвч Конгресс дахь хоёр намын олонх нь Бээжингийн эсрэг байр сууриа хадгалсаар ирсэн.
2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр АНУ ид цар тахалд нэрвэгдээд байв. Тухайн үед тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ард иргэд нь Хятадын засгийн газрын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ нь Хятадад чиглэсэн АНУ-ын бодлогод томоохон эргэлтийг авчирсан юм. Энэ үеэс эхлэн Трамп, Байден хоёр хэн хэн нь Хятадад чиглэсэн зөөлөн бодлого баримтлахгүй гэдгээ зарласан.
КОНГРЕССЫН ХЯТАДАД ЧИГЛЭСЭН БОДЛОГО ӨМНӨ НЬ ЯМАР БАЙВ?
33 дахь ерөнхийлөгч Харри Трумэний үед коммунист хүчнийхэн Хятадад хяналтаа тогтоох гээд бүтэлгүйтсэн. Энэ үед Конгресс дахь бүгд найрамдахчууд Чан Кайши болон түүний армид үзүүлэх дэмжлэгээ зогсоосныг шүүмжилж байв. Түүнчлэн АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Никсоны үед Хятадад чиглэсэн нээлттэй бодлогыг баримталж байсныг Конгрессын зүгээс сайшааж хүлээж авч байв. Цаашлаад 1989 онд Тянь Ань Мэний талбайд болсон цуст хэлмэгдүүлэлтийг Конгрессоос эрс эсэргүүцэж, хатуу арга хэмжээ авахыг ерөнхийлөгч Жорж Бушт тулгаж байсан. Энэ мэтчилэн конгресс нь Хятад дахь хүний эрх болон бусад асуудлууд дээр идэвхтэй оролцож иржээ.
Хятадаас АНУ-д тулгарч буй сорилтуудыг үндсэн гурван хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт, Хятадын цэрэг армийн 30 гаруй жилийн эрчимтэй хөгжил энд яригдана. Хятадын цэрэг армийн үсрэнгүй хөгжил нь Энэтхэг-Номхон далай дахь тэнцвэрт байдлыг алдагдуулж, бүс нутагт ноёрхлоо тогтоох гэсэн АНУ-ын эрмэлзлийг ганхуулж байгаа билээ.
Хоёрдугаарт, Хятад улс гадаад орнуудын оюуны өмчийн эрхийг дээрэмдэж, өрсөлдөгчдөө сулруулах зорилгоор төрийн чиг баримжаатай хөгжлийн бодлогыг ашиглан олон жилийн турш хүчин чармайлт гаргаж буй явдал юм. Ийм маягаар Хятад дэлхийн технологийн салбарт ноёрхохыг эрмэлзэж байна.
Гуравдугаарт, бусад орнуудтай харьцуулахад Бээжин эдийн засгийн хараат байдлыг хөшүүрэг болгож томоохон дэд бүтцүүдэд хяналт тавих зорилго агуулж буй явдал юм.
АНУ-ын нөлөөг сулруулж, Азид тив болон ирээдүйд технологийн салбарт ноёрхох гэсэн Хятадын оролдлого нь Нэгдсэн улсын хувьд томоохон сорилт болж байна.
Өдгөө Байдены засгийн газар Хятадад чиглэсэн үр дүнтэй стратеги боловсруулахад бэрхшээлтэй тулгарсаар байна. Тухайлбал, хоёр намын Конгрессын шахалтаас шалтгаалаад Хятадад хатуурхах төлөвтэй боллоо. Дөрвөн жилийн турш Конгрессын үйл ажиллагаа нь АНУ-ыг Хятадын сорилтуудаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин цаашид хэр амжилттай байх нь АНУ-ын бодлого боловсруулагчид Хятадын сорилтыг сөрөн зогсох стратегийг хэрхэн бий болгохоос хамааралтай болж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ