Улсын онцгой комиссоос өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн гадаад улсаас ирж буй бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах болсныг мэдээлсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй байх шийдвэр гаргасан билээ. Өдгөө тусгаарлалтад байгаа хүмүүс гарах эсэх асуудал тодорхойгүй байгаа юм. Энэ талаар УОК болон иргэд хүлээн авч байгаа зочид буудлуудаас тодрууллаа.
УОК-оос өгсөн мэдээллээр, 0-4 настай хүүхдийг 30 мянган төгрөг, 5-аас дээш настай бол үндсэн төлбөр болох 100 мянган төгрөгөөр өмнөх тусгаарлах байруудад тусгаарлаж байна. Үүнээс гадна эдгээр тусгаарлалтын цэгүүдэд байрлахыг хүсэхгүй байгаа хүмүүс хувийн зардлаараа нэр бүхий зочид буудлуудад байрлах боломжтой болсон.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу иргэд тусгаарлалтаас гарч эхэлжээ. "УОК-оос нэр заасан 20 зочид буудалд тусгаарлагдаж байгаа иргэдийг шинжилгээний хариуг үндэслэж гаргана. Тиймээс УОК-ын шуурхай штабаас гаргах албан мэдэгдлийг хүлээж байна" гэсэн тайлбар албаныхан өглөө. Харин Новотел, Туушин, Ибис зэрэг зочид буудлууд нэрс болон орсон хоногийн дарааллаар иргэдийг гаргаж эхэлжээ.
"Ибис стайлс Улаанбаатар" буудалд тусгаарлагдах бол нэг хүн хоногийн 115 ам.доллар буюу 327750 төгрөг, "Туушин" зочид буудлын энгийн өрөөнд тусгаарлагдах бол 300 мянган төгрөг байна. Хүний тоогоор тус бүр 100 мянган төгрөг нэмэгдэх аж. Харин 0-3 насны хүүхэд үнэгүй, 4-12 насныхан 50 мянган төгрөгөөр тус тус тусгаарлагдах юм байна. "Новотел" зочид буудлын хувьд нэг хүний 340 мянган төгрөгөөр тусгаарлалтад авч байна. Эдгээр зочид буудлуудад тусгаарлагдаж байгаа хүмүүсийг хүсэлтийнх нь дагуу тусгаарлалтаас гаргаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 ор урьдчилан бэлтгэсэн байна. Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушааж буй. Тусгаарлалтад хэд хоног байснаас хамаарч үлдэгдэл төлбөрийг дансанд нь эргүүлж олгох зохицуулалт хийж байгаа аж.
Холбоотой мэдээ