МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд өрсөлдөгчид

Хуучирсан мэдээ: 2022.01.12-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд өрсөлдөгчид

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд өрсөлдөгчид

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2021.01.12/ “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 


Хуульд "Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна. 

  • Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн хүнийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ.
  • Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Ерөнхийлөгчид санал болгоно гэж заажээ.

Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан соёл урлагийн чиглэлээр Ж.Соёл-Эрдэнэ, ёс заншлын чиглэлээр Б.Галаарид, утга зохиолын чиглэлээр Ж.Цэсэн, шинжлэх ухаан түүх уламжлалын чиглэлээр Д.Өлзийбаатар нарыг санал болгож томилуулсан.  Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусгавар болжээ. Тиймээс хуульд заасны дагуу түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиолын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах санал оруулсан байна.

НЭР ДЭВШИГЧДИЙН ТАНИЛЦУУЛГА

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж нь 42 настай.

  • 1998-2012 он хүртэл Энэтхэг улсын буддын шашны Гомон гүн ухааны их сургуулийг төгссөн.
  • 2012-2019 он хүртэл дээрх сургуульд багшилсан.
  • 2020 оноос Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашинтны дээд сургуулийн сургалтын албанд одоог хүртэл багшилж байна.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон, 53 настай.

  • 1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн,
  • 1991-2000 он хүртэл Драмын улсын эрдмийн театрт жүжигчин,
  • 1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн,
  • 1996 оноос одоог хүртэл "Х-ТҮЦ" уран бүтээлийн нэгдлийн захирал,
  • 2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Залуусыг соён гэгээрүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Ялангуяа монгол хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх чиглэлд илүүтэй анхаарах хэрэгтэй байна.

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон:

-Хүүхэд багачууд болон өсвөр үеийнхэнд зориулсан контентыг их гаргахгүй бол тэдний сонирхол асар хурдан өөрчлөгдөж байна. Хуучны аргаар контент хийвэл угаасаа залуус хүүхдүүд сонирхохгүй. Ямар хүчээр үзүүлэлтэй биш. Тэдний сонирхлыг татахуйц, сэтгэхүйд нь зориулсан контент хийх нь зөв. Соёл урлагаар дамжуулан залуу үеийг эх оронч болгох тал дээр түлхүү анхаарна.

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж:

-Залуу хойч үеэ ирээдүйн Монгол орныг авч явах, гэр бүлээ авч явах хүмүүс болгохын тулд бид бүгд тал талаасаа хамтарч олон зүйл хийхгүй бол болохгүй. Би хувьдаа МҮОНРТ-ээр хүүхэд залууст ёс суртахуун, хэрхэн зөв хүн болж төлөвших вэ гэсэн аргуудыг гаргаж өгөх ёстой гэж бодож байна. Уурлаж болохгүй гэдгийг мэддэг мөртлөө уурлачихдаг. Тэгвэл яавал уурлахгүй, тэвчих вэ гэдгийг арга зүй талаас нь хялбарчилж гаргах ёстой. Үүнд өөрийн хувь нэмрээ оруулна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл нь бодлого боловсруулж, хэрэгжих эсэхэд хяналт тавьдаг. Ер нь эрх мэдэл өндөртэй байгууллага. Тиймдээ ч тус телевиз бодлогоор хүний эрх, ардчилал, эрх чөлөө, үндэсний соёл уламжлалын хөгжлийг дэмжсэн нэвтрүүлэг явуулах ёстой. Хоёр нэр дэвшигч аль салбарт илүүтэй анхаарах вэ?

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон:

-Миний хувьд урлаг болон хувийн хэвшилд 20 гаруй жил ажиллалаа. Өнөөдөр миний насны хүмүүсийг хөгжүүлэхээс илүүтэй залуу үе рүү анхаарал хандуулах нь зөв. Залууст зориулсан контент мөнгөний гарлага болдог талтай. Тиймээс залуусын сонирхол татахуйц контент хийнэ.

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж:

-Шинжлэх ухааны үндэслэлтэй контент бэлтгэх, хувь хүн сонголт хийх эрх нь нээлттэй үлдэх байх. Нэг талыг барьж туйлшрахаас илүүтэй учир шалтгаан, үндэслэл, гарц гаргалгаа талаас нь ойлгуулах нь зөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

-Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй. Эдгээр гишүүд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог. Ерөнхийлөгч санал болгож томилогдсон хүмүүс тусгай чиг үүрэгтэй. Нэр дэвшигч Н.Ононг соёл урлагийн чиглэлд дэвшүүлж байна. Д.Жавзандорж нэр дэвшигчийг ёс заншил чиглэлд дэвшүүлж байна. Утга зохиол, түүх, шинжлэх ухаан гэсэн дөрвөн чиглэлд нэр дэвшүүлэх ёстой. Өмнө нь мөн урлагийн хүн нэр дэвшиж байсан. Тухайлбал, УИХ-аас долоон хүн нэр дэвшсэн. Манайх хугацаа нь дуусгавар болсон чиглэлд төрийн бус байгууллагаас ирсэн саналд суурилж дээрх хоёр хүнийг нэр дэвшүүлж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:

-МҮОНРТ дампуурахад ойрхон байна. Иргэдээс маш их санал гомдол ирдэг. Арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс хойш МҮОНРТ Үндэсний зөвлөлөө хуралдуулж чадахгүй байна. Дөрөв, таван удаа хурлаа зарласан ч гишүүд нь албаар бултдаг нөхцөл байдал руу орсон. Өмнөх удирдлагууд нь шинэ удирдлагаа шүүхэд өгсөн. Үндэсний зөвлөлийн дарга нь ажлаа өгсөн. Шинэ дарга томилогдтол хуучин дарга нь бас шүүхэд хандсан. Улсын төсөв хэлэлцэх үеэр МҮОНРТ-ийн төсөв мөнгийг батлуулах үеэр ажилдаа хойрго хандсан. Яриад байвал энэ мэтээр олон асуудал байна. МҮОНРТ-ийн удирдлагууд хоёр хуваагдсан. Нэгийгээ магтдаг, эсвэл муулдаг. Сүүлийн 4-5 жилд удирдлагаа огцруулна, солино гэсэн "чөтгөрийн тойрог" шиг байдал МҮОНРТ-д үүрлэсэн. Зохион байгуулалттайгаар хуралдаа очдоггүй. Ажлаа тасалдаг. Төсвөө батлах гэхээр Үндэсний зөвлөл нь хуралдаж, төсвийг нь баталж өгдөггүй. Сэтгүүлчид нь гадаадад томилолтоор явах гэхээр мөнгө байдаггүй. Энэ асуудлаа шийдэх хүмүүс албан тушаал яриад, хоёр хэсэг болж хуваагдаад, хоорондоо муудалцаад явж байна. Ирэх долоо хоногт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн тайлан мэдээллийг сонсоно. Төрийн байгууллагын байнгын хороонд харъяалагддаг учраас бидэнд гомдол тасрахгүй ирж байна. Тиймээс хоёр нэр дэвшигч Үндэсний зөвлөлийн гишүүн болвол хуралдаа сууж чадах уу. Ажилдаа хариуцлагатай хандаж чадах уу.

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Онон:

-Хариуцлагатай байж чадна.

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Жавзандорж:

-Хариуцлагатай байж чадна. Хичээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж