Д.Рэгдэл: Монгол хүний геномын судалгааны төсөл өндөр ач холбогдолтой | News.MN

Д.Рэгдэл: Монгол хүний геномын судалгааны төсөл өндөр ач холбогдолтой

Д.Рэгдэл: Монгол хүний геномын судалгааны төсөл өндөр ач холбогдолтой

Генетикийн шинжлэх ухааныг илүү нарийн судлаж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах хэрэгцээ, шаардлага Монголчууд бидэнд үүссэн. 21- зуунд хамгийн хурдацтай хөгжиж буй шинжлэх ухааны нэг бол яах аргагүй биотехнологийн шинжлэх ухаан юм. Энэхүү шинжлэх ухааныг Монгол Улсад улам илүү хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Монгол геном” төслийн багийнхан эрүүл мэндийн шилдэг инновацийн эзнээр тодорсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл “Монгол геном” төслийн багийнхантай ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нар танилцсан тухай сурвалжлагыг хүргэе. Төслийн багийнхны танилцуулгын эхэнд төслийн удирдагч доктор Ж.Амарсанаа төслийн хэрэгжилт, ач холбогдлын талаар танилцуулсан юм.

Доктор Ж.Амарсанаа: МОНГОЛ ЭРДЭМТЭД, ЭХ ОРОНДОО МОНГОЛ ХҮНИЙ УДМЫН МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН УНШИХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

Ж.Амарсанаа доктор хэлэхдээ: “Монгол хүний генийг бүтэн унших технологийг Монгол Улсад нэвтрүүлэх шаардлагатай юм. Энэ нь генетизийн шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой учраас  өнгөрсөн 3 жилийн турш энэхүү технологийг нэвтрүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг бүрдүүлж, 2019 оны 11-р сараас үе шаттайгаар судалгаагаа эхлүүлээд байна.  Өнөөдөр Монгол эрдэмтэд, эх орондоо Монгол хүний удмын мэдээллийг бүрэн унших боломжтой болсон” гэсэн юм. Монгол геном төсөл нь  анагаах ухаан, хавдар судлал, биологи, генетик, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн судлал, Чингис хаан судлал, газар тариалан, мал аж ахуй, хүнс судлал, хуульзүй, вирус судлал, микробиологи, түүх гээд нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулах ач холбогдолтой  аж. Тодруулбал, удамшлын өвчин, төрөлхийн гажигуудыг оношлох, эмчлэх боломж бүрдэнэ. Хорт хавдрын генийн өөрчлөлтийг нарийвчлалтай  тодорхойлох боломж нээгдэнэ. Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг ч бүрдүүлнэ.

Монгол Улсад дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болно. Хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлэх суурь бүрдэнэ. Монгол хүний гарал үүслийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулна. Чингис хаан судлалд генетикийн аргаар шинэ баримт, нотолгоо бий болгоно. Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод цус ойртолтыг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж эхэлнэ. Хувь хүний бодисын солилцооны онцлог, оюуны болон бие мах бодийн биологийн чадамжууд, дархлааны онцлог, өвчлөл, стресс даах чадвар гэх мэт олон шинж чанарыг нарийн тодорхойлох боломжтой болно. Эпигенетикийн шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжих суурь тавигдана. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг таних, илрүүлэх боломж бүрдэнэ. Нэн ховор, ховор амьтан, ургамалыг геномын мэдээллийг уншиж тогтоох, хадгалах боломжтой болно. Жишээ нь мазаалай, ирвэс, монгол бөхөн, тахь, хавтай, алтан гагнуур, зүүн гарын гоёо зэрэг амьтан ургамлын ген фонд бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хурдан морь, ямаа, малын үүлдэр угсааг судлах, сайжруулахад хувь нэмэр оруулна. Гэмт хэргийн илрүүлэлт, шүүх эмнэлгийн зарим асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Цар тахал, хоруу чанартай вирус, бактерийн мөн чанарыг таньж, оношилгоо, эмчилгээг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм байна.

 “МОНГОЛ ГЕНОМ” ТӨСӨЛ НЬ ХАППИ ВЕРИТАС ЭМНЭЛЭГИЙН ЛАБОРАТОРИТ ТҮШИГЛЭН БИЙ БОЛСОН ИННОВАЦИ ЮМ

Аливаа инновацийг нэвтрүүлэхэд санхүүгийн тусламж нэн шаардлагатай байдаг. Санхүү мөнгөгүйгээр шинэ инноваци гарах боломжгүй юм. Тэр утгаараа Хаппи Веритас эмнэлэг энэхүү шинэ инновацийг дэмжиж хөрөнгө оруулалт хийсэн. Өөрөөр хэлбэл Хаппи Веритас эмнэлэгийн лабораторийг түшиглэж энэхүү инноваци гарч ирсэн гэсэн үг. Цаашдаа мэдээж санхүүгийн хувьд бүрэн бие даах учиртай. Хаппи Веритас эмнэлэгийн хувьд хавдрын генетикийн нарийн шинжилгээ болон төрөлхийн гажгийн генетикийн шинжилгээнүүдийг нэвтрүүлэхэд бид хувь нэмрээ оруулах боломжтой. Тиймээс ч биднийг дэмжиж, урьдчилж хөрөнгө оруулалт хийсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл генетикийн шинжилгээний төрөлд Хаппи Веритас эмнэлэг эх орондоо тэргүүлэх боломж нээгдсэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хоёр чиглэлээр хүний нөөцөө бэлдээд явж байгаа. Нэгдүгээрт биоинформатик буюу уншсан генээ хэрхэн ойлгох, яаж боловсруулалт хийх вэ гэдэг тал дээр хүний нөөцөө бэхжүүлж байна. Нөгөө салбар нь молекул биологийн лабораторийн хүний нөөцийг бид бэлдээд явж байгаа. Ер нь биоинформатикийн чиглэлээр хамгийн багадаа арваад шинэ эрдэмтэн хэрэгтэй байна. Яг одоо байгаа болон өмнө нь ажилласан нийлээд 12-13 хүн байна. Бүгдэд нь баяр хүргэе мөн баярлалаа! Бид хамтдаа чадлаа. Цаашид улам өндөр амжилт гаргаарай. Бидний ажил дөнгөж эхэлж байна шүү гэж багийн гишүүддээ хэлье.

 ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлээс Монгол геном төслийн үйл ажиллагаатай танилцах үеэр дараах асуултыг тодруулсан юм.

МОНГОЛ ХҮНИЙ ГЕНОМЫН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ 

-Сайн байна уу. Та “Монгол геном” төслийн үйл явцтай танилцаж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаана уу? 

-Тэгэхээр би Ж.Амарсанаа доктортой сүүлд 2020 онд уулзаж байсан. Түүнээс хойш өнөөдөр уулзаж хүний геномтой холбоотой лаборатори, эмнэлэгтэй холбоотой лабораторитай танилцаад явж байхдаа хувийн хэвшил ямар хурдтай ажиллаж буй харж байна. Мэдээж хэрэг төсөл хэрэгжүүлэх нь амаргүй байдаг. Хөрөнгө босгох, тоног төхөөрөмж сонгохоос эхлээд амаргүй гэсэн үг. Гэхдээ Ж.Амарсанаа доктор өндөр түвшний мэргэжилтэн учраас багаж, тоног төхөөрөмж гэх зэрэг асуудлыг өөрөө богино хугацаанд толгой даагаад шийдэж чадаж байгаа нь илт байна. Үнэхээр баяр хүргэмээр байна. Богино хугацаанд ийм лабораторитай болно гэдэг сайн хэрэг. Төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэн ийм лабораторитай болно гэж яривал нилээд хэдэн жил яригдаж байж эхэлдэг юм шүү дээ. Лабораториа ч байгуулаад,  том төслөө ч хэрэгжүүлж байгаа нь  хувийн хэвшил хурдтай байгааг л харуулж байна. Хамгийн чухал нь энэ бүгдийг хийж чаддаг хүн байгаад л гол  утга учир оршиж байгаа юм.

-Энэхүү төслийг өндөр ач холбогдол гэх юм. Яг юугаараа өндөр ач холбогдолтой гэж та үзэж байгаа вэ? 

-Монгол хүний геномын судалгааны төсөл үнэхээр ач холбогдолтой. Яагаад гэхээр бид одоогоор Монгол хүний геномыг үндсэндээ мэдэхгүй байгаа. Яахав гадаадад ямар нэгэн хэмжээгээр хийгдсэн судалгаа бий. Гэхдээ Монгол хүн монгол хүнийхээ геномын судалгааг анх удаа Монголдоо хийнэ гэдэг нэгдүгээр ач холбогдол.  Төсөл цаашдаа улам томорч явах ёстой. Төслийн явцад монгол хүнийг эмчилж эдгээх, молекулийн гэгдэх удмын геномын генийн өөрчлөлтөөс үүсдэг өвчнүүд монгол хүнд ямар давтамжтай, хаана, хэрхэн бий болдогийг  тогтооход хэрэг болно. Цаашлаад монгол хүний гарал үүсэл рүү ч чиглэсэн чухал үр дүнгүүд төслийн явцад гарна. Тиймээс анх удаа монгол хүн монголдоо энэ төслийг хийж байгаа нь хамгийн том ач холбогдол юм. Өндөр ач холбогдолтой энэхүү төслийг төр, хувийн хэвшил хоёр хамтарч байж жинхэнэ ач холбогдолдоо хүрч очно гэж би бодож байгаа.

-Төслийг нэн түрүүнд хэрэгжүүлэх ямар салбар байгаа вэ? 

-Төр,  хувийн хэвшлийн монгол хүний геномын тухай хамтарч хийх яриа хэлэлцээр өнөөдөр эхэлсэн. Ж.Амарсанаа доктор ч мөн ингэж үзэн ихэд билэгшээсэн. Нэг хүндрэлтэй тал нь манай улсад төр, хувийн хэвшил хамтарч ажиллах зохицуулалт байхгүй. Гагцхүү хоёр талын сайн санааны үндсэн дээр л аливаа ажил эхэлдэг юм. Хоёр талын эхний алхам бол  хүний геном төслөөр хийгдсэн өгөгдлүүдтэй манай хүрээлэнгийн холбогдох хүмүүс танилцана. Ингэснээрээ цаашид төслийг томруулахад юу хэрэгтэй гэдэгт манай мэргэжлийн хүрээлэнгийн эрдэмтэд Хаппи Веритас эмнэлэгийн лабораторийнхонтой хамтрах зарчмаар  эхэлнэ гэж бодож байна. Тиймээс хамтын ажиллагааг шууд эхлүүлэхийн тулд надтай ШУА-ийн биологийн хүрээлэнгийн захирал доктор Д.Гантулга ирсэн. Д.Гантулга болон Ж.Амарсанаа  хоёр доктор бол бараг нэг мэргэжлийн шахуу хоёр залуу докторууд. Тэд маань маш амархан ойлголцож,  нарийн хэлэлцээрүүдээ ярилцлаа. Ер нь  хамтын ажиллагаанаас том ирээдүй харагдаж байгаад итгэл төгс байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа!

-Баярлалаа. Өдрийн сонины нийт уншигчдадаа сайн сайхан бүхнийг хүсье.

                                                                                           Э.Оман

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж